Рагчаа Оюун

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. 2024 оныг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ чуулга, уулзалт юм. Энэ арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл 500 гаруй алба хаагч хамрагджээ. 

Шадар сайд С.Амарсайхан "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 50.3 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 21.9 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлдэг.  Ахлагч нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, ажлын талбарт өсөн дэвжих боломж нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй ахлагчдын анхдугаар чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улс “Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжиж, 2027 он гэхэд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15 хувьд хүргэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа тул эмэгтэй ахлагч нарын бие бүрэлдэхүүнийг илүү чадавхжуулах, мэргэжил, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана" гэв.

Ирээдүйн ахлагч нар.

Эх сурвалж www.polit.mn