Ц.МЯГМАРБАЯР 

 

Дэлхий нийт боловсролыг хувирган өөрчлөх замд оржээ. Монгол Улс ч ялгаагүй энэ замд нэгдээд байгааг  “Монголын Боловсролын хувирган өөрчлөлт-2024” чуулганаар онцолж байна. Дэлхийн улс орнуудад өргөн хүрээнд яригдаж байгаа “Transforming education” буюу Боловсролын хувирган өөрчлөлтийг Монгол Улсад хэрхэн ойлгох, тайлбарлах, хэрэгжүүлэх тухай олон салбарын төлөөлөл хэлэлцэж байгаа юм. Улмаар боловсролын хувирган өөрчлөлт болон сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, суурь үндэслэлийг олон нийтэд таниулах, зөвшилцөх, тунхаглах зорилготой юм. УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ  "Монгол Улс хөгжих, эс хөгжих, өрсөлдөх чадвартай байх уу, үгүй юу гэдэг их чухал асуудал. Боловсролын хувирган өөрчлөлт энэ бүхний түлхүүр. Хувирган өөрчлөлтийн талаар эрдэмтэн, судлаачид олон янзаар тодорхойлж, тайлбарласан байдаг. Монголчилбол боловсролын нүүдэл суудал. Нүүдэлчин монголчууд нүүж, суухдаа нэлээд ул суурьтай бодож хөдөлдөг шиг боловсролын хувирган өөрчлөлт үүнтэй ижил зүйл юм” гэлээ.  

Мөн тэрбээр  “Технологийн шийдлээр боловсролын тэгш байдлыг хангах”, “Хиймэл оюунд суурилсан”, “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал”, “Илүү хүнлэг, илүү хүртээмжтэй” боловсрол олгох тухай ч хөндсөн юм. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн IV хувьсгал, XXI зууны хувьсал, технологийн хурдтай өөрчлөлтөд бид, сургууль, багш бэлэн үү. Энэ өөрчлөлтөд дасан зохицсон монгол хүнийг хөгжүүлэхэд боловсролд бид юуг хувиргах хэрэгтэй вэ. Эдгээр асуултын хариулт боловсролын хувирган өөрчлөлтийн суурь. Үүнийг бүгдээрээ хэлэлцэн, зөвшилцөж тунхаглах нь энэ чуулганы үр дүн гэсэн юм. Түүнчлэн  хэнийг “Монгол хүүхэд” гэх вэ. Монголчууд түүхэнд хэн байсан бэ. Одоо хэн байгаа вэ. Ирээдүйд хэн байх ёстой вэ. Боловсролын одоогийн бодлогыг  тодорхойлохдоо эрдэмтэн судлаачид  дээрх асуултыг гурван цагийн хэмжээс дотор  хэлэлцэж, XXI зууны монгол хүүхдийг “Дэлхийн хүн”, “Хүнлэг иргэн”, “Хариуцлагатай гишүүн”, “Тасралтгүй суралцагч”, “Соёлыг уламжлагч” хэмээн тодорхойлжээ. Нэгдмэл үнэт зүйлийн эрэлд гарч, 1500 орчим хэлэлцүүлгийг нийгмийн дунд хийж, монгол гэх нүүдэл ахуй соёлтой уугуул үндэстэн-улс маань орчин үетэй хөл нийлүүлж алхахдаа их өгөгдлийг суурь,  хиймэл оюуныг ханаа болгосон боловсролын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь ээ гэдгийг “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн”-ийн захирал М.Итгэлийн “Монголын боловсролын хөгжил” илтгэлдээ онцоллоо. 


  Боловсролын салбарын дэлхийн томоохон итгэлүүдийн нэг болох боловсролын хувирган өөрчлөлтийн талаар ЮНЕСКО 2021 онд “Ирээдүйгээ хамтдаа дахин төсөөлөх нь Боловсролын нийгмийн шинэ гэрээ” дэлхийн тайлан гаргасныг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс 2022 онд монгол хэлээр орчуулж олон нийтэд хүргэсэн. Тус тайланд хувирган өөрчлөлт гэдэг нь манай, бидний энэ систем болохгүй байна, устгаад шинээр хийе, бүтээе гэсэн үг биш юм. Харин юуг авч үлдэх вэ, хэрхэн өөрчилж сайжруулах вэ, цаашид юуг шинээр санаачлах вэ гэсэн асуултад хариулт хайж байна. Тэгвэл бидний авч үлдэх боловсрол нь юу байх вэ. Монголчууд бидний авч үлдэх боловсрол бол соёл, өв уламжлал, соёл дээр суурилсан боловсрол. Хувирган өөрчлөх чанар, зарчим, үнэт зүйлийг сайн санаж байх ёстой. “Боловсролын нийгмийн шинэ гэрээ” тайланд сургууль бол дэлхийн том номын сан байх ёстой гэдэг. Хүүхдүүд хоорондоо харилцаж, тусалж дэмждэг, мэдлэгээ бусдад түгээдэг байх ёстой тухай хэлэлцэж байна. Энэ сарын 4, 5-нд  үргэлжлэх “Боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганы мэдээ, мэдээллийг”Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид”-ийн клуб ханган ажиллаж байна.  Чуулганд 21 аймгийн боловсролын салбарын багш, сурагчдын төлөөлөл, манлайлагчид, судлаачид, эрдэмтэд, салбарын олон улсын судалгааны  байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг олон талын оролцоог хангажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)