Б.ТУУЛ

    ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад зохион байгуулагдаж буй арга хэмжээ болон ОХУ-ын улс төрийн нөхцөл байдал, олон улсын харилцааны талаарх хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихина хурлын эхэнд Монгол Орос хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, үйл явдлын талаарх мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сочи хотын ойролцоох “Сириус” хэмээх холбооны нутаг дэвсгэрт Дэлхийн залуучуудын их наадам болж байгааг дуулгаад “Энэ бол залуучуудад зориулсан дэлхийн хамгийн том арга хэмжээ” гэдгийг онцлов. Тус наадмын хүрээнд бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, сайн дурын болон буяны үйлс, спорт, хүүхдийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 мянган дотоодын болон гадаадын залуу удирдагчдыг хүлээн авсан байна. Оролцогчдод хандан үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч энэ удаа тус форумд бараг 300 гаруй үндэстний төлөөлөгчид хүрэлцэн ирснийг тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээнд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөл оролцож байгааг дуулгав. Мөн ОХУ-ын Казань хотноо цахим спорт болон сонгодог спортыг хослуулсан “Фиджитал” концепцийн хүрээнд болсон анхны олон улсын “Ирээдүйн тоглоомууд” кибер тэмцээн болж өндөрлөлөө. Энэ бол ОХУ-аас санаачилсан цоо шинэ хэлбэрийн спортын тэмцээн бөгөөд залуучуудыг компьютерын спортын чиглэлээр ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ биеийн тамирын сайн бэлтгэлтэй байх сэдлийг өгдөг, учир нь "Ирээдүйн тоглоомууд"-д тамирчид эхлээд кибер хөлбөмбөгт өрсөлдөөд, дараа нь талбай дээр гарч, жинхэнэ хөлбөмбөг тоглоно. Энэхүү өвөрмөц, хосгүй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 тамирчин оролцсоны дотор Монголын баг тамирчид оролцож байгаа ажээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 17-нд болно

Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болох юм байна. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суудаг, ОХУ-ын иргэд оролцох боломжтой гэлээ. Сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээнүүдээс авч болно гэв. 
Украинд үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт гарснаас хойш 10 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан бид тус улсын хувь заяаг тодорхойлсон үйл явдлуудын он дараалал болон далд утга учрыг сануулахаар холбогдох мэдээллийг мөн өгсөн юм. Тухайлбал, “Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны  гуравдугаар сарын сүүлээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан бөгөөд одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн “зөвлөхүүдээр” хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна” гэв. 
Мөн ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй асуудал болох Герман улстай холбоотой мэдээлэлд товч хариултыг өглөө. Хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихина хэлэхдээ “Саяхан Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт илэрсэн. Тодруулбал, Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымын гүүрийг довтлохын тулд дотоодын “Taurus” пуужинг ашиглах боломжийг хэлэлцэж байсан бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв. 
Мөн Германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэсэн” гэв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)