Цэвэгдоржийн Мягмарбаяр
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган Соёлын төв өргөөнд хоёр өдөр болж өндөрлөлөө. Чуулганы үеэр салбарын сайд Б.Энх-Амгалан “Эх хэлний боловсролын дархлаа алдагдсан. Суурин боловсролд эх хэлний чанарын асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлага үүсэж байна. Мөн үндэсний хэмжээнд эх хэлний ур чадварыг сайжруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрөө удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэж онцолсон юм. Монгол Улс өнгөрсөн оны сүүлээр 15 настнуудын анх удаа өгсөн олон улсын PISA шалгалтын үнэлгээгээр тэд эх хэлээрээ уншиж, ойлгох чадвар маш сул байна гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, шалгалтад оролцсон хүүхдүүдийн уншиж, ойлгох чадварын тухайд манай улсын үзүүлэлт 81 орноос 61 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь15 настай сурагчдын эргэцүүлэн бичих, ойлгож унших чадвар тааруу байгааг харуулсан үр дүн юм. Эх хэлний боловсролын түвшин өндөр Солонгос, Япон улс математик, байгалийн ухааны хичээлээс илүү эх хэлний боловсролд анхаарах болжээ. Тэгвэл манай улсын хувьд математик, байгалийн ухааны хичээл дээр “PISA шок” үүсээгүй ажээ. Харин эх хэлний боловсролд үүсээд буйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, “PISA шок” гэдэг нь эх хэлээ тоодоггүй харийн хэлээр хольж ярьснаас үүдсэн “хазгай” хэлтэй бүхэл бүтэн нэг үеийг хэлж байгаа юм. Энэ тухай манай “Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” хэмээх эрэн сурвалжлах нийтлэлээрээ хөндөж олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл Монголын боловсролын хувирган өөрчлөлтийн хөтөлбөрийн шинэчлэлийн амин сүнс нь эх хэлний ур чадварын асуудал болж байна. Эх хэлээрээ өөрийгөө ойлгуулж чаддаг ур чадвар зөвхөн манай улс төдийгүй бусад улсын ч тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн тогтвортой хөгжлийн нэг зорилтод улсынхаа түүх, соёл, ёс заншлаа авч үлдэх, эх хэлээрээ төгс ярих, бичих, ойлгох, сэтгэн бодох чадвар сайн байх тухай тусгадаг билээ. Дэлхийн хүний стандартыг хангахын тулд монгол хүний стандартыг хангаж, Монголоороо зөв ярьж, хэлж, бичиж, ойлгох чадвар сайн байснаар монгол үндэстний эх хэлний дархлаа бат, сэтгэлгээний чадвар өндөр болно гэж судлаачид ярьж байна. Ингэснээр дараагийн PISA үнэлгээг ахиулахын тулд бид улс, үндэстнээр юу хийх билээ. Энэ тухай “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” чуулганаар хэлэлцэж, оролцогч талууд "Монголын боловсролын тунхаглал-2024"-ийг гаргасан юм. Энэхүү тунхагт Монголын боловсролын философи, алсын хараа, үнэт зүйл, суралцагчийн дүр төрх, Монголын боловсролын тэргүүлэх чиглэл, төр болон хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа, боловсролын цахим шилжилт ба их өгөгдөл, санхүүжилт гэсэн чиглэлүүдээр хувирган өөрчлөлт хийхээр тунхаглав. Энэ үеэр зарим төлөөлөгчийн байр суурийг хуваалцсанаа хүргэе.
“Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн”-ийн захирал доктор М.Итгэл:
PISA олон улсын шалгалт нь эх хэлээрээ хурдан унших биш, ойлгож унших чадвар юм
-PISA буюу олон улсын шалгалт гэдэг нь эх хэлээрээ хурдан уншихдаа биш, ойлгож унших чадвар юм. Үүнтэй холбоотойгоор Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 2025-2026 онд шинэчилж хувирган өөрчлөх гэж байна. Тухайлбал, олон улсын туршлагаар 1-2 дугаар анги болон 12 дугаар ангийн хүүхдүүд хэдэн үг мэдэж байх ёстойг илрүүлсэн судалгааг хийж байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын хүүхдүүд эмээл, хазаар, ногт гэдэг морины эд хэрэглэлийг уншдаг мөртлөө огт үзээгүй, мэдэхгүй байдаг. Энэ нь ойлгож уншаагүй байна гэсэн үг. Тэгвэл үүнд ямар шийдэл хэрэгтэй вэ. Хоёрдугаарт, үсгүүдийг ямар дарааллаар үзэх вэ гэсэн судалгааг хийсэн. Уламжлалт аргаар бол “А” үсгийн дараа “Х” үсэг үзээд “ах” гэсэн үг үүсдэг. Тэгвэл цаашид энэ хэлбэрээр явах шаардлагатай юу эсвэл өөрчлөх үү, үүнд туршилт хийж байна. Хамгийн сайн гэсэн шийдлээр 35 үсгийг заах хувилбарыг шинэ хөтөлбөрт тусгана. Түүнчлэн унших чадварыг зөв унших, хурдан унших, ойлгож унших, уран яруу унших гэсэн таван түвшинд дүгнэсэн. Уламжлалт уншилтад хурдан уншихыг чухалчилж улмаар ойлгож уншихыг ойшоохгүй явж ирсэн нь алдаа болж байна. Ойлгож уншихыг зөвхөн уран зохиолын хичээлээр хязгаарлахгүйгээр бүх хичээлд эх гэдэг зүйлийг ойлгож унших шийдлийг нэвтрүүлнэ. Тухайлбал, физик, болон математикийн хичээлд “эх” зөв ойлгож уншсанаар өгүүлбэртэй бодлогоо зөв бодох зэргээр хувирган өөрчлөх шийдлийн судалгааг хийж байна.
“Боловсролд суурилсан хөгжил” ТББ-ын тэргүүн Г.Очирдарь: Уран зохиолын хичээлээс бид үгийн баялаг, ёс зүйг олж авдаг
-Англи хэл хэдийгээр дэлхий нийтийн хэл, заавал сурах ёстой гэдэг ч эхлээд эх хэлээрээ цэвэр төгс ярьдаг байх ёстой. Монгол хэлээ зөв эзэмшиж үгийн баялаг сайтай байснаар бусад хичээлдээ сайжирна. Цаашлаад англи хэлний үгийн дүрмийг ч сайн ойлгодог болно. Уран зохиолын хичээлээс бид үгийн баялаг, ёс зүй, орон зайн баримжаа, байгаль дэлхийн зүй тогтоц, өөрийн орны түүх, өв соёлыг олж авдаг. Тиймээс боловсролын хувирган өөрчлөлтөөр эх хэлний шинэчлэлийг хийх хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)