С.УЯНГА
УОК-ын Шуурхай бүлэгт ажиллаад ирсэн ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Шуурхай бүлгийн ажлын хэсэгт орж баруун аймгуудаар яваад ирлээ. Орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хэр байна вэ?
-Зудын үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 80 хувь цагаан зудтай, 90 гаруй хувь нь зудархуу байна. Харин Завхан, хангайн нуруу, их нууруудын хотгор зэрэг хүйтэн газруудад шилэн зуд буюу огцом дулаараад эргэж хүйтэрснээс болж цас хатуурч мөстсөн байна. Өөрөөр хэлбэл, зудын гамшгийн хэмжээнд очсон гэсэн эрсдэлийн үнэлгээ гарсан. Үүнтэй холбоотойгоор шуурхай хариу арга хэмжээг гурван үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь улсын нөөцийн өвс тэжээлийн үнийг Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 50 хувь хөнгөлж өвөлжилт хүндэрсэн 14 аймаг, 60 гаруй суманд дэмжлэг үзүүлж байна. Уг нь аймаг, сум өвс, тэжээлээ нөөцлөх ёстой. Гэвч бодит байдалд аймаг орон нутгийн хэмжээнд нөөц дутагдалтай байна. Тиймээс улсын нөөцийг малчдад хөнгөлөлттэй хүргэж байгаа.
Хоёр дахь шатны дэмжлэг нь улсын нөөцийн 6000 гаруй тонн өвс, тэжээлийг малчдад үнэгүй олгох ажлыг Шуурхай бүлэг зохион байгууллаа. Завхан, Говь-Алтайн бүлэг хоёр аймгийн 17 суманд газар дээр нь ажиллаж малчдын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Малчдад өвс, тэжээл хүргэхэд зэвсэгт хүчин, хилийн цэрэг оролцохоос гадна зарим нэг уул уурхайн компаниудын машин техникийг дайчиллаа.
-Өвс, тэжээлийг малчдын хотонд хүргэсэн үү. Нэг айлд хэр хэмжээний дэмжлэг очиж байгаа вэ?
-Өвс, тэжээлийг аймаг, суманд хүргэсэн. Цааш нь малчдад түгээх ажлыг орон нутгийн удирдлагууд хариуцна. Бидний очсон Говь-Алтай, Завханы нэлээн хэдэн сум өндөр эрсдэлтэй. Зарим газарт цасны зузаан 80 см-ээс метр орчим байна. Нөхцөл байдал нэлээн хүнд байлаа. Тусламжийн хувьд айл болгонд гэхээс илүү амьжиргаа хүндэрсэн, эрсдэл өндөр зорилтод өрхүүдээ хамруулах бодлого баримталсан. Тиймээс малчин өрхүүдээ зөв сонгож тусламжийг яг “эзэн”-нд хүргэхийг зорилоо. Ингээд тооцохоор нэг өрхөд 5-15 шуудай тэжээл олгох боломж бүрдэж хоёр аймгийн хэмжээнд 2800 гаруй айлд тусламж очиж байгааг орон нутгийн удирдлагууд хэлсэн.
Зөвхөн өвс, тэжээлээс гадна эмнэлгийн тусламж, нийгмийн үйлчилгээ, зам даваа нээх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарсан. Тухайлбал, шүд нь өвдсөн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй, хүүхдүүд нь сургуульдаа явах боломжгүй болтлоо цасанд боогдсон айл цөөнгүй таарлаа. Мөн ээж нь хүүхдүүдээ хараад сумын төвд гэрийн эзэн мал дээр ганцаараа байх мэтээр хоёр талд зутруу байна. Ганц хоёр ам бүлээр олон мал тэжээх, цас арилгахад бэрхшээлтэй дүр зураг ажиглагдлаа. Мал төллөж эхэлсэн энэ цаг үед хээл хаях, өвөлжөөнөөс хаваржаандаа бууж чадахгүй байх зэргээр хөдөөд хүн хүчний асуудал үнэхээр хүнд байна. Хөдөөгийн залуучуудын ихэнх нь хот руу орчихсон нөхцөл байдал угтлаа.
-Малчидтай ойр байршилд байгаа уул уурхайн компаниудыг дайчилж зам давааг нь нээх ажил зохион байгуулсан болов уу?
-Аймгуудын нөөц боломж ямар байгааг судалсны үндсэн дээр тодорхой дэмжлэг үзүүлсэн. Говь-Алтай аймагт зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын албаны найман нэгж техникийг шатахууных нь зардалтай нэмж өгсөн. Орон нутгийн мэдэлд шилжиж байгаа гэсэн үг. Сумдын зам ихэнх нь хариуцах эзэнгүй учраас эдгээр техникээр зам, даваагаа нээж өвс, тэжээлээ хүргэх юм. Говь-Алтайд 550 км, Завханд 11 мянган км зам давааг нээх шаардлага үүссэн. Шуурхай бүлэг ажиллах хугацаанд талаас илүү хувийг нь нээсэн байна. Өвөлжөө, хаваржаа руу зам хүндэрсэн тохиолдолд малчид аймаг, орон нутагтаа хүсэлтээ өгч болно.
-Өвс, тэжээлийг орон нутагт хүргээд үлдээхээр зорилтод эзэндээ хүрдэггүй. Дундаас нь зувчуулдаг гэсэн хардлага бий. УОК эргээд ямар хяналт тавьж байгаа вэ?
-Тусламж хүргэсэн бүх малчны утасны дугаарыг авч байгаад санамсаргүй байдлаар сонгож ярьсан. Тэжээл очсон эсэх, зам даваа хаагдсан бол гаргасан эсэхийг малчнаас асууж тодруулахад ямар нэгэн байдлаар тусламж авсан байна. Ямар ч байсан аймаг орон нутаг зүгээр суугаагүй. Боломж бололцооныхоо хэрээр ажиллаж байна. Сумын түвшинд машин техник дутагдалтай байгааг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, 100 гаруй суманд туулах чадвар сайтай машин өгөхөөр боллоо.
-Малчид өвөлдөө бэлтгэсэнгүй, хашаа саравчаа барьсангүй гэх шүүмжлэл нийгмийн сүлжээнд өрнөлөө. Газар дээр нь очоод танилцахад бэлтгэл хэр байна. Дахиад зуд боллоо гэхэд юунд анхаарах хэрэгтэй талаар ямар гаргалгаа байна вэ?
-Малчид малаа эрчимжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, цөөн чанартай, үр ашигтайгаар эрчимжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах хэрэгтэй гэдэг нь харагдлаа. Энэ нь эргээд бэлчээрийн даацтай ч холбогдоно. Нөгөө талаас төр засаг малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үгүй бол хонины нэхий дугуйны ивээс болоод л хог дээр хаягдаж байна. Үүнийг өөрчлөх ёстой гэдгийг малчид хэлж байна. Өнөөдөр арьс шир боловсруулах үйлдвэр хэд байгаа билээ. Ажиллаж байгаа юу гэдгийг анхаарахаас аргагүй.
Малчдын зээлийг сунгаж хүүг тэглэх бол нэг удаагийн арга хэмжээ. Зудын дараа малчид илүү хүнд байдалд ордог. Амьжиргаагаа алдсан айлууд хойшлуулсан зээлээ төлж чадах уу гэдэг асуудал хөндөгдөнө. Мөн хөдөө амьдрах боломжгүй болсон хүмүүс нийслэл рүү шилжиж хотын ачааллыг нэмнэ. Тиймээс урт хугацаандаа малчдад чиглэсэн бага хүүтэй зээл, бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Нөгөө талд мал аж ахуйн салбарт даатгалын тогтолцоог нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Даатгалын маш олон компани байдаг боловч яагаад малыг даатгахгүй байгаа юм. Ган зуд болж алдагдалтай ажиллана гэж бодоод байгаа юм уу. Үнэхээр хэрэгжүүлье гэвэл төрөөс татаас өгөөд даатгалыг хүртээмжтэй болгочих хэрэгтэй. Ингэж чадвал дахиад зуд боллоо гэхэд төрөөс гуйхгүй, хохирлоо даатгалаар барагдуулах боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7288)