Б.ТУУЛ 

    Монголын сэтгүүлчдэд зориулан зохион байгуулагдаж буй ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2024 оны 03 сарын 05-нд тус яамны мэдээллийн танхимд боллоо. Хуралд хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихина болон гуравдугаар нарийн бичгийн дарга Алена Коноваленко нар оролцож, ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсад зохион байгуулагдаж буй арга хэмжээ болон ОХУ-ын улс төрийн нөхцөл байдал, олон улсын харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Хэвлэлийн төлөөлөгч Татьяана Сятчихинагийн өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

“Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сэтгүүлчид ээ! Орос, Монголын хоёр талын харилцааны цаг үеийн асуудал болон олон улсын харилцааны асуудалд зориулсан хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Энэхүү мэдээллээ хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааны талаарх мэдээллээс эхэлье.

     Өнгөрсөн долоо хоногт “Монголросцветмет” үйлдвэр үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский дом”-д ОХУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр “Орос-Монгол: хоёр улсын уул уурхайн салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа. “Монголросцветмет” ТӨҮГ-ын 50 жил: өнгөрсөн-одоо-ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн дугуй ширээний уулзалт болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Оросын талаас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Оросын томоохон компаниуд, мөн холбогдох өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг их дээд сургуулиудын төлөөлөл, Монголын талаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Үндэсний аж үйлдвэрийн хорооны Зэсийн дэд хорооны дарга, Орос-Монголын бизнесийн зөвлөлийн Монголын талын дарга Х.Бадамсүрэн, “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтнууд, төр, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд нийт 100 гаруй хүн оролцлоо. Тус арга хэмжээ чөлөөт хэлэлцүүлгийн хэлбэрээр зохион байгуулагдсан ба хэлэлцүүлгийн хүрээнд “Монголросцветмет” үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, Оросын томоохон аж ахуйн нэгжүүдийн дэвшилтэт технологи, арга барил, мөн Монголын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Оросын их дээд сургуулиудын боломжуудыг танилцуулав. Түүнчлэн Орос, Монголын компаниудын төлөөлөгчдийн хооронд санал солилцох, хамтран ажиллах уулзалтууд боллоо. Үүнээс үүдэн Орос-Монголын харилцааны түүхийн чухал үйл явдлуудад зориулагдсан эрдэм шинжилгээ, практикийн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах нь зүйтэй мэт санагдаж байна. Тухайлбал, энэ онд Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт газар тариалангийн салбар үүсэн хөгжиж ирсний 65 жилийн ой тохиож байна. Мөн мэдээж манай хоёр улсын хооронд байгуулагдсан үндсэн гэрээ болох Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсны 5 жил болон Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд хамтарсан ялалт байгуулсны 85 жилийн ойг бид энэ ондоо өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Манай оронд жил болгоны 2-р сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотноо хэд хэдэн дурсгалын арга хэмжээг зохион байгуулав. Тухайлбал, Оросын Элчин сайдын яаманд хүндэтгэлийн хүлээн авалт болж, үүнд бид 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг Монгол Улсын цэрэг байлдааны ажиллагаанд оролцож байсан ахмад дайчдыг хүндэт зочны хувиар нь хүлээн авч уулзахдаа маш их баяртай байлаа. Түүнчлэн уламжлал ёсоор ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, Монгол Улсын Баатар Г.К.Жуковын хөшөө, Зөвлөлтийн цэргийн жанжин, ЗХУ-ын хошой Баатар, БНМАУ-ын Баатар И.А.Плиевын цээж баримал болон Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Манай улс хоорондын хүмүүнлэгийн салбарын харилцаа холбоо идэвхтэй хөгжсөөр байна. Ийнхүү хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Орос-Монголын шинэ хамтарсан 162 дугаар сургуулийн бага ангийн сурагчдад ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас сурах бичиг гардуулан өгөх ёслол боллоо. Тус сургууль нь 2023 оны есдүгээр сараас ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалтаа явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 5 нэгдүгээр ангийн 127 сурагч Оросоос ирсэн багш нарынхаа тусламжтайгаар хичээлээ орос хэл дээр үзэж байна. Сурах бичгийг гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков нар оролцов. Оросын Элчин сайд мөн нэгдүгээр ангийн сурагчидтай уулзсан бөгөөд хүүхдүүд түүнд орос хэл сурсан анхны амжилтаа “гайхуулав”.

Эдгээр өдрүүдэд мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сочи хотын ойролцоох “Сириус” хэмээх холбооны нутаг дэвсгэр дээр Дэлхийн залуучуудын их наадам болж байна. Энэ бол залуучуудад зориулсан дэлхийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын хүрээнд бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, сайн дурын болон буяны үйлс, спорт, олон нийтийн амьдралын төрөл бүрийн салбар, хүүхдийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 мянган дотоодын болон гадаадын залуу удирдагчдыг хүлээн авч байна. Оролцогчдод хандан үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч энэ удаа тус форумд бараг 300 гаруй үндэстний төлөөлөгчид хүрэлцэн ирснийг тэмдэглэв. 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монголын төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн байгаа.

Уламжлалт болон цахим спортын ертөнцийн үйл явдлын тухай товчхон хөндөж ярья. ОХУ-ын Казань хотноо цахим спорт ба сонгодог спортыг хослуулсан “Фиджитал” концепцийн хүрээнд болсон анхны олон улсын “Ирээдүйн тоглоомууд” тэмцээн болж өндөрлөлөө. Энэ бол ОХУ-аас санаачилсан цоо шинэ хэлбэрийн спортын тэмцээн бөгөөд тэр нь залуучуудыг компьютерын спортын чиглэлээр ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ биеийн тамирын маш сайн бэлтгэлтэй байх сэдлийг өгдөг, учир нь "Ирээдүйн тоглоомууд"-д тамирчид эхлээд кибер хөлбөмбөгт өрсөлдөөд, дараа нь талбай дээр гарч, жинхэнэ хөлбөмбөг тоглоно. Энэхүү өвөрмөц, хосгүй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 2 мянган тамирчин оролцсоны дотор Монголын баг тамирчид бас оролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно

Ойрын өдрүүдэд болох чухал үйл явдал бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд өнөөгийн геополитикийн нөхцөлд энэхүү сонгууль манай улсын хувьд хувь заяаг нь тодорхойлох нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 17-нд болно. Санал хураалтад 18-аас дээш насны, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга эсхүл түр оршин суудаг, хүчин төгөлдөр биеийн байцаалттай ОХУ-ын иргэд оролцох боломжтой. Сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээнүүдээс авч болно. 

Мөн сонгуулийн хэсэгт санал хураах үйл явцыг сурвалжлах боломж байгаад хэвлэл мэдээллийнхний анхаарлыг хандуулъя. Үүний тулд 3-р сарын 13-ны дотор ЭСЯ-ны mongolia@mid.ru цахим шуудангийн хаягаар "ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль" гэсэн тэмдэглэл тавьж дараах баримт бичиг бүрдүүлэн ирүүлж холбогдох зөвшөөрөл авах шаардлагатай. Үүнд: сурвалжлагч, зураглаачийн иргэний үнэмлэхийн мэдээллийг заасан тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичсэн редакцын даалгавар; сонгуулийн хэсэгт ажиллахаар төлөвлөж буй цагийн тухай мэдээлэл; пресс-картын хуулбар; иргэний үнэмлэхийн хуулбар. Сонирхсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжлахыг урьж байна. Энэхүү үйл ажиллагаанд хамрагдах хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хязгаартай болохыг анхаарна уу.

ОХУ БОЛОН ОЛОН УЛСЫН АСУУДАЛ

Украинд үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт гарснаас хойш 10 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан бид тус улсын хувь заяаг тодорхойлсон тэрхүү үйл явдлуудын он дарааллыг болон далд утга учрыг та бүхэнд сануулахаар шийдэв.

ЗХУ задарсны дараа Барууны орнууд Украин Улсад нөхцөл байдлыг тогтворгүйтүүлж, Орос улсыг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэд Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцох оролдлогыг нэг бус удаа хийж байсан. Жишээлбэл, 2004 оны «Улбар шар хувьсгал»-ыг нэрлэж болно. Гэвч тухайн үед эдгээр төлөвлөгөөг бүрэн бүтнээр нь хэрэгжүүлж чадаагүй тул нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд радикал туйлширсан аргуудыг хэрэглэж эхлэв.

2013 оны 11-р сард Украины засгийн газар Европын холбоотой Холбооны хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байсан боловч тус гэрээний нөхцөлтэй илүү дэлгэрэнгүй танилцахаар гэрээ байгуулах бэлтгэл ажлыг түр зогсоов. Энэхүү завсарлага нь Украины эдийн засгийн ашиг сонирхлын хувьд уг гэрээ байгуулснаар ямар үр дагавартай байх тал дээр дүн шинжилгээ хийх шаардлагатай болсонтой холбоотой байв. Энэ нь гэрээг байгуулахаас бүрмөсөн татгалзсан бус, харин гэрээнд гарын үсэг зурахыг түр хойшлуулсан явдал байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Киев Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн чөлөөт худалдааны бүсийн хүрээнд хүлээсэн тодорхой үүрэгтэй байсан бөгөөд Европын Холбоотой хэлэлцээр байгуулснаар хүлээх шинэ үүргүүд нь тус журамтай тодорхой хэмжээгээр зөрчилдөх байсан юм. Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч асан В.Януковичийн үйл явдлууд болж өнгөрсний дараа тайлбарласнаар ЕХ-той хэлэлцээр байгуулах үйл явцыг түр хугацаагаар зогсоох шийдвэр нь тухайн үед Украин Улс Европын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд бэлэн биш байсантай холбоотой байв. Түүний хэлснээр, 7-8 сая хүн ажиллаж байсан хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй механик инженерчлэл, эрчим хүч, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор зэрэг тус улсын эдийн засгийн салбарууд ноцтой асуудалтай тулгарахаар байсан юм.

Гэвч чухамхүү ЕХ-той Холбооны хэлэлцээр байгуулахыг хойшлуулах шийдвэр нь олон нийтийн үймээн самууны шалтаг болж, жагсаал цуглаан нь зэвсэгт бослого болон хувирч, улмаар олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон бөгөөд эдгээр үйл явдлын оргил үе үндсэн хуульд харшлах төрийн эргэлтээр өндөрлөв. Украинд болсон эдгээр үйл явдлуудыг "Евромайдан" гэж нэрлэсэн.

Америк, Европын зааварчлагчдаар удирдуулсан чадварлаг өдөөн хатгагчид "Европ"-ын сайхан амьдрал, ардчилал, хүний эрх, авлигатай тэмцэх тэмцэл зэрэг сэтгэл татам уриа лоозон дор олон хүнийг гудамжны жагсаал цуглаанд татан гаргав. Бодит байдал дээр эдгээр нь хууль ёсны төр засгийг унагах зорилготой, сайтар зохион байгуулагдсан, гаднаас санхүүжүүлэгдсэн үймээн самуун байсан. Майданы жагсаалыг барууны орнууд нээлттэй дэмжиж, санхүүжүүлсэн. Зөвхөн АНУ-ын Элчин сайдын яамнаас л гэхэд жагсагчдад үзүүлсэн материаллаг тусламж өдөрт 1 сая долларын хэмжээнд хүрч байсан гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд Киевт үндсэрхэг үзэлтнүүд болон цагдаа нарын хооронд гудамжны ширүүн мөргөлдөөн эхэлсэн. Нууцаар зэвсэглэсэн үл мэдэгдэх мэргэн буудагчид хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон жагсагчид руу гал нээжээ. Мөргөлдөөний хоёрхон өдрийн дотор Майданы 29 жагсагч болон 11 цагдаагийн албан хаагч амиа алджээ.

Украйны болон Барууны алагчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Евромайдан"-ыг аяндаа өрнөсөн үйл явдал хэмээн бичсээр ирсэн. Гэвч шинжээчдийн тэмдэглэснээр жагсагчид зохион байгуулалт сайтай, тэдний логистикийн болон хүнсний хангамжийн асуудал сайтар зохион байгуулагдсан байсан бөгөөд ийнхүү алхмуудыг хийхэд үргэлж санхүүгийн ихээхэн зардал шаардлагатай. Үл мэдэгдэх мэргэн буудагчид хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид болон жагсагчид руу гал нээсэн нь илт захиалгатай ажил байсныг нотлох баримт олон бий.

Цуст мөргөлдөөнийг зогсоохын тулд 2014 оны 2-р сарын 21-нд Украины Ерөнхийлөгч В.Янукович болон сөрөг хүчний удирдагчид хооронд улс төрийн хямралыг зохицуулах гэрээ байгуулагдав. Герман, Франц болон Польш улсууд тус гэрээний батлан даагчаар нь ажилласан. Гэрээний хамгийн эхний зүйлд Үндсэн хуулийн шинэчлэлийг бэлтгэх үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах тухай амлалт байсан. Бүх нийтийн сонгуулийг шинэ Үндсэн хуулийн үндсэн дээр явуулах ёстой байсан. Гэвч маргааш нь Украины парламент болох Дээд Рада Ерөнхийлөгч В.Януковичийг төрийн тэргүүний үүргээс «өөрийн хүслээр огцрох" болсон тухай тогтоол гаргав. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын оронд "Ялагчдын Засгийн газар» байгуулагдаж буй тухай зарлав. Ийнхүү төрийн эргэлтийг хийж, түүнийг санаачлагчид орос үндэстэн, оросоор ярьдаг болон бусад “үндсэн бус” угсаатны бүлгийн хүн амынхаа эрхэнд халдсан үндсэрхэг улсыг байгуулах чиглэлийг сонгов. Өчигдөрхөн «гэрээний батлан даагчаар ажиллана» гэж байсан барууныхан 2014 оны 2-р сарын 21-ний өдрийн тохиролцоог шууд умартаж, Украинд «эрх мэдлийн өөрчлөлт гарлаа» хэмээн мэдэгдсэнээс өөр юу ч хийсэнгүй.

Киевийн шинэ удирдлагын анхны улс төрийн санаачилгууд нь орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг хязгаарлахад чиглэв. Шинэ эрх баригчдын бодлого нь Орос хэлээр ярьдаг хүн амын дургүйцлийг төрүүлж, Украины зүүн өмнөд хэсгийн оршин суугчид нь төрийн эргэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Үүний хариуд 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд Украины эрх баригчид Донбасст "терроризмын эсрэг ажиллагаа" эхлүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд энэ нь үндсэндээ Киевийн өөрийн иргэдийнхээ эсрэг шийтгэлийн кампанит ажил байсан юм.

Тэр үеэс өнөөг хүртэл Украины зэвсэгт хүчин Донбассын хүн амын эсрэг өргөн цар хүрээтэй дайн хийж ирсэн. Энэ эмгэнэлт үйл явдлын үеэр Одесса дахь Үйлдвэрчний эвлэлийн ордонд 48 энгийн иргэнийг шатааж, Луганск болон Донбассын бусад хотуудыг цэргийн нисэх онгоцоор бөмбөгдсөн зэрэг харгис хэрцгий явдлууд болсон. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын мэдээлснээр, 2014-2022 оны хооронд Киевийн дэглэмийн гэмт үйлдлүүдийн улмаас Донбасст нийт 14 мянга гаруй хүн нас баржээ.

Төрийн эргэлт гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 2-р сард мөргөлдөөнийг зохицуулах, Киевийн дэглэмийн иргэдийнхээ эсрэг явуулж буй зэвсэгт ажиллагааг зогсоох зорилгоор Минскийн хэлэлцээрийг байгуулав. Дараа нь Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан Украины тухайн үеийн Ерөнхийлөгч П.А.Порошенко, Германы канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нар тус гэрээг хэрэгжүүлэх бодолгүй байснаа эрээ цээргүй мэдэгдсэн тухай бид өмнөх хэвлэлийн бага хурлууд дээр ярьж байсан. Тэдний хувьд Минскийн хэлэлцээрийг Киевийн дэглэмд цэргийн чадавхаа бэхжүүлэх, байлдааны ажиллагааг эрчимжүүлэхэд бэлтгэх цаг хожих боломжийг олгох «бүрхэвч» төдий байсан байна лээ. Тэд үүнийг илт хүлээн зөвшөөрсөн нь Барууныхан Оросыг тогтоон барьж, хязгаарлаж, тэдний одоо хэлж байгаачлан Орост "стратегийн ялагдал" хүлээлгэж, дэлхийн тавцанд зүй ёсоор гүйцэтгэх ёстой үүргийг нь гүйцэтгүүлэхгүйн тулд Украин улсыг бүх талаар ашиглаж байгааг харуулж байна. Украин болон барууныхан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, Киев Украины зүүн өмнөд хэсэгт өөрийн иргэдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн, НАТО болон түүний дэд бүтэц манай улсын хилд тултал ойртох аюул занал нүүрлэсэн зэргээс болоод Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгоход хүргэсэн.

Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны 3-р сарын сүүлээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан бөгөөд одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн “зөвлөхүүдээр” хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна.

Мөн саяхан Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт илэрсэн. Тодруулбал, Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымын гүүрийг довтлохын тулд дотоодын Taurus пуужингуудыг ашиглах боломжийг хэлэлцэж байсан ярианы бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв.

Мөн Германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд аль хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна.

Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв. Анхаарал тавьсанд баярлалаа!” гэв.

Эх сурвалж: www.zms.mn