-“Эрүүл монгол эмэгтэй” байх эрхийг нь хамгаалъя-
С.УЯНГА
Эмэгтэйчүүддээ мартынх нь бэлгийг сонгохоор зэхэж буй эрчүүдийг түр наашаа суухыг хүсье. Жил бүрийн өдийд тор тороороо зарагддаг өнөөх л уламжлал болсон торт, сарнай, төрөл бүрийн амттаныг урьтал болгохоо түр азнаж бэлгийн сонголтоо илүү баяжуулахыг уриалж байна. Айл гэрийн эзэгтэй, ажлын газрын бүсгүйчүүд, хайртай бүсгүй, харж явдаг охиндоо илүү хэрэгтэй, эрэлттэй, сэтгэл хөдөлгөм санаа хэлж өгье. Хамгийн гол нь гэр бүлд нь үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох бяцхан “шипи” өгөх үүднээс “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа эрчүүдийг онцлон урьж байна.
ЗӨВХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАМААРАЛТАЙ “ТОО”-НУУД
Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдэд эрхээ хамгаалах эрэлт хэрэгцээ даанч их. Энд тоочоод барахгүй. Зүйрлэвэл 1.7 сая эмэгтэй өдөр бүр эрхээ хамгаалъя гэж хашхирч, хоолойгоо сөөтөл бархирч буй биз. Тиймээс хоёрхон хоногийн дараа тохиох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж тэдний эрүүл мэнд ямар түвшинд байгааг цөөн хэдэн тоо баримтаар сөхье. Нэг ёсондоо хүн амын тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах онцгой цаг үе болсныг баримт “хэлж” байна. Тэр дунд манай улсад өрх толгойлсон 66 мянга гаруй ээж бий.
Монголд 2022 онд сүрьеэгийн 2355 шинэ тохиолдол бүртгэгдсэний 42.7 хувь эмэгтэйчүүд. Амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааныг аваад үзвэл 10 мянган хүн амд ноогдох тоогоор хоол боловсруулах тогтолцооны өвчин 2155.2, зүрх судасны тогтолцоо 1634.1, амьсгалынх 1906.3 -г зааж буй нь зөвхөн эмэгтэйчүүд байх жишээтэй. Харин хэвтэн эмчлүүлэгчдийн тэргүүлэх таван шалтгаанд мөн л тэд “толгой” цохиж байгаа. Энэ бол гэр бүлийн ээж, эх хүн болох ирээдүй болсон бүсгүйчүүдийн эрүүл мэнд талаас маш тааруу үзүүлэлт.
Гэтэл 2022 онд 6885 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоны 3281 эмэгтэй буюу тал нь эмэгтэйчүүд байх юм. Тэр дунд элэг 1009, ходоод 384, умайн хүзүү 318, хөх 282, бүдүүн шулуун гэдэс 162 гэсэн сэтгэл гогодмоор тоо гарчээ.
Дараагийн баримт. Улсын хэмжээнд зам тээврийн осолд өртсөн иргэдийн 35.8 хувь нь эмэгтэйчүүд төдийгүй сүүлийн 10 жилийн дунджаар 16.9 мянган нас баралт бүртгэгдсэнээс бараг тал хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Түүнчлэн зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн нас барж байгаагийн 40 хувь, амиа хорлосон 76, зам тээврийн осол 102. Энэ бүгд зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай.
Бидний анзаардаггүй бас нэг сонин үзүүлэлт бий. Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийн 2019 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 5.9 хувь нь тамхи татдаг. Ихэвчлэн 23 наснаасаа татаж эхэлдэг гэжээ. Мөн амьдралынхаа турш архи, согтууруулах ундаа хэрэглээгүй хүн амын 36 хувь нь эмэгтэй, сүүлийн нэг жилд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй хүн амын 14.4 хувь, нэг сард архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн амын 24.8 хувь нь эмэгтэй. Энэ тоог хүн амын талаас илүүг эзэлж буй хүйсийн төлөөлөлтэй харьцуулахад эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа биз. Үнэндээ эмэгтэйчүүдийн маань эрүүл мэнд, хорт зуршлын нөхцөл байдал өнөөдөр ийм л байна. Тиймээс эрчүүд нэгийг тунгааж, хоёрыг бодохоос аргагүй болжээ. Эмэгтэйчүүд ч өөрсдөдөө анхаарах шаардлагатайг харуулж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ БАЙХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрүүл байх эрхийг нь хамгаалцгаая. Ганцхан баярынх нь өдөр ч биш бүтэн жил онцгой анхаарал хандуулах нь зүй. Албан байгууллагууд ажилчдаа баярлуулахдаа эрүүл мэндийн төрөл бүрийн үзлэгт орох эрхийн бичиг бэлэглэж болно. Эсвэл эрүүл мэндийн шинжилгээ, оношлогоо хийлгэх хагас өдрийн ч болов цалинтай чөлөө олгох хувилбар ч бий. Мөн цаг заваа хэмнэж олон хүн нэг дор хамруулахыг хүсвэл ажлын байран дээрээ эрүүл мэндийн явуулын үйлчилгээ урьж авчрахад болохгүй гэх зүйлгүй. Ийн баяраар эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах мэдрэмжтэй бэлгийн санааг санал болгож буй төр, хувийн эмнэлгүүд ч байна. Тухайлбал, Интермед эмнэлэг эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх багцуудыг төрөл бүрээр нь гаргажээ. Эмчийн үзлэг, эхо, мазок, умайн хүзүүний шинжилгээний багц 165.000 гэнэ. Харин хавдрын цогц багц 1.2 сая, хүүхдийн уушгиных 200 мянган төгрөг зэргээр сонголт арвин байна. Харин бид хэд хэдэн дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс лавлахад “Эмэгтэйчүүдийн баярыг угтсан багц одоохондоо гараагүй байна. Гэхдээ албан байгууллагууд ажилчдаа бөөнөөр нь шинжилгээ оношлогоонд оруулах нь нэмэгдсэн” гэсэн хариултыг өглөө. Тэр дунд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд албан байгууллагын ажилчдыг хамруулсан цогц үзлэг оношлогоо хийж байна гэлээ. "Альфа" номын дэлгүүр эмэгтэйчүүддээ зориулсан ном, цэцэгтэй багц боожээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрчүүдэд өгөх бэлгийн “шипи”-нд бага насны хүүхэдтэй ээжүүдээ гэр бүлээр нь агаарт гаргах, алжаал ядаргааг нь тайлах эрхийн бичиг, унших дуртай номыг нь бэлэглэх зэргээр эрүүл соёл дадлыг хэвшүүлсэн олон хувилбар байна даа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)