Б.Намуунаа
Жил бүрийн гуравдугаар сарын 1-нээс бүтэн сарын хугацаанд “Харилцан хүндэтгэе” аяныг Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулдаг онцлогтой. Тус аяныг жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор явуулдаг. Ингэхдээ олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна өсвөр насны хүүхдүүдэд хэвшмэл ойлголтоос ангид байх, жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх нөлөөллийн ажил хэрэгжүүлж байгаа. Мөн хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, гарч шийдэл ярьдаг. Түүнчлэн аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор постер, цуврал нэвтрүүлэг болон уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн өсвөр насны хүүхдүүдэд хэвшмэл буруу ойлголтоос ангид байх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, эрх тэгш оролцоог хангахаар болжээ. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эр цэргийн баярыг тохиолдуулан Жендэрийн үндэсний хорооноос эмэгтэйчүүдийн эрхийг хангахын төлөө ажиллана гэдгээ хэлж байв. Охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсооно. Залуучууд баригдмал сэтгэлгээ, жендэрийн хэвшмэл ойлголт нь нийгэмд хамааралгүй ч үүнээс ангид бус байгаа нь санаа зовсон асуудал хэвээр. Тиймээс жендэрээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгахын төлөө ажиллана гэдгээ талууд хэлэлцэв. "Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд ХЗДХЯ, ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн алба, Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөл, салбар хороо, хүний эрхийн байгууллага, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч нэг сарын хугацаанд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэн ажиллах ажээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төсөл хэрэгжлээ
Жендэрийн үндэсний хороо болон Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран "Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь" төслийг албан ёсоор эхлүүлсэн. Нээлтийн үйл ажиллагааг Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар эхлүүлэв. Ингээд НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа төслийн зорилго, зорилт хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм. Энэ үеэр жендэрийн үндэсний хорооны нарын бичгийн дарга Т. Энхбаяр “Төслийн баримт бичигт нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, салбарын яамыг оролцуулж нийтдээ 30 шинжээчийг бэлтгэх зорилготой байгаа” гэсэн юм. Жендэрийн үндэсний хороонд одоогийн байдлаар есөн шинжээч ажилладаг. Гэвч эдгээр шинжээчдийг бүх судалгаанд ажиллуулах боломжгүй. Тиймээс мэргэшсэн шинжээчдийг бэлтгэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү төсөлд хийгдэж байгаа нийт хөрөнгө оруулалт 500 мянган евро. Европийн холбоо санхүүжүүлж хоёр жилийн хугацаанд хэрэгжиж үр дүнгээ тайлагнах тухайгаа мэдэгдлээ. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз “Судлаачдыг шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтад хамруулна. Үүнээс гадна төслийн хүрээнд жендэрийн статистик тоон мэдээллийг нэгдсэн системтэй болгоно” гэв. Тэгвэл жендэрийн үндэсний хорооноос энэ оныг жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах юм. Үндэсний нэгдсэн экосистемийг бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт тавьж, жендэрийн үзэл баримтлалыг үр дүнтэй уялдуулах, чадавхыг дээшлүүлэх зорилго бүхий төсөл хэрэгжинэ. Олон Улсын стандартад нийцсэн жендэрийн сургалтын модуль, орон нутгийн жендэр хариуцсан мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах, орон нутгийн удирдлагуудад зориулсан гарын авлага боловсруулах, шинжээчдийн бүлэг, жендэрийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээ байгуулж, тасралтгүй хамтын ажиллагааг бий болгох олон ажлууд төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)