Батчулууны Алтангэрэл
Тужийн нарсанд нэг сая гаруй мод тарьсан. Хүүхдүүд маань ч улам ихийг тарьсаар байна. Богд ууланд, Алтанбулагийн зурвас 20 га талбайд тариалж байна хэмээн ярих энэ хүн бол ойн экологич мэргэжилтэй, Баянбулагийн сангийн аж ахуйгаас ажлын гараагаа эхэлсэн Д.Довдондэмбэрэл гуай юм. Тэрбээр “Анх “Зууны мэдээ” сонины хамт олон уриалга гаргаж Тужийн нарсанд мод тарьж эхэлсэн үеэс иргэд, ААН-үүдийг мод тарьж ургуулах бүх талбайг хэмждэг, тариалах газрыг хянах ажлыг хийж байна. Тужийн нарс анх 70 хувь нь хүний санаатай болон санаандгүй үйлдлээс устаж үгүй болоод байсан үе. Одоо 100 хувь сэргэн ургаж, улам өргөжин тэлсээр байна. Тэр үед тарьсан моднуудаа малаас хамгаалах хамгийн хэцүү ажил байлаа. Малчидтай хэрүүл тэмцэл хийсэн ч үр дүнд хүрээгүй тул тэдэнтэй хамтран “Баян чацаргана” хэмээх нөхөрлөл байгуулсан. Тухайн үеийн хуулиар малчид их хэмжээний нөхөн төлбөр төлөх болсон. Ингээд тэдэнд үрсэлгээ олж өгөн нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж байлаа. Түүнээс хойш нөхөрлөлийн гишүүд маань өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьсан талбай руу малаа оруулахаа больсон. Ийнхүү Тужийн нарсны анхны ажлыг 2003 оноос эхэлсэн. Мод тарих ажил олон хүний хүч хөдөлмөр шаарддаг. Тарьсан модны хажуугаар байнга зэрлэг ургана. Зэрлэг түүх хэцүү тэвчээр шаардсан ажил. Зэрлэг зулгаахгүйгээр тухайн мод ургахгүй. Цаашид шинэ төрлийн жимсний мод үржүүлэн Монголдоо нутагшуулах ажил төлөвлөж байна” хэмээн ярих энэ эрхмийн үйл хэрэгт үр хүүхэд, ач, зээ нь хүчин зүтгэж байна. Тиймээс Д.Довдондэмбэрэл болон түүний хүү Д.Раднаабаяр, том охины хүү М.Мөнх-Оргил нарыг “Зууны мэдээ” сонины “Удмын бахархал” булангийнхаа зочноор урилаа.
“Зууны мэдээ” сонины сурвалжлах баг “Удмын бахархал”-ын зочидтой уулзахаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг зорьсон юм. Биднийг нийтлэлийн баатар Д.Довдондэмбэрэл гуай, түүний хүү Д.Раднаабаяр эхнэр, хүүхдийн хамт угтлаа.
Тужийн нарсыг улсын тусгай хамгаалалтад авах санал анх гараад байх үед байгаль хамгаалагчаар Байгаль орчны албанд авсан. Өмнө нь байгаль хамгаалагч, мод боловсруулах үйлдвэрт үйл ажиллагаа зогсох хүртэл ажиллажээ. 2013 онд тужийн нарснаас тэтгэвэрт гарсан. Малчид нөхөрлөлийн гүшүүдтэй хамтран нөхөн сэргээлт хийж байгаад 2004 оноос модны үржүүлэг хийж эхэлсэн. Үүнээс хойш үржүүлэг хийсээр байна. Нөхөрлөлийн гишүүдийн хамт сая гаруй мод тарьжээ.
Сэлэнгийн мод үржүүлэгч
Д.Довдондэмбэрэл гуай уг нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. 1974 оны намар цэргээс халагдан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гурилын үйлдвэрт ажилд орсон ч хоёрдугаар сард нь гэрээ ачиж сумын төвдөө суурьшин 400 гаруй хонь төллүүлэх ажил оногджээ. Хаврыг төлийн хорогдолгүй давсан тул орос бакалаар шагнуулжээ. Тэр үедээ орос бакал их ховрын бараа байсан аж. Тэгж байтал түүний эхнэрт 15 тугалтай үнээ өгч цагаан идээ боловсруулах, Д.Довдондэмбэрэлд 200 гаруй хуц маллах үүрэг оногджээ. Тэрбээр цэрэгт явахаасаа өмнө аавтайгаа хамт хуц хариулдаг байсан аж. Ингээд сувай малаасаа тусад нь хариулах учир жирэмсэн эхнэр, том охиноосоо нэг жил хол амьдарчээ. Тэр үед ажлын ачаалал, цалин хөлс тааруу цаашдын ажил, амьдралаа авч явахад хүнд байсан тул оргохоор шийдсэн байна. Намар есдүгээр сард хоёр аавдаа “Би явж газар үзээд ирье. Энд бидний амьдрал тохирохгүй юм байна. Хоёр ээжид битгий хэлээрэй” гэсэн бол эхнэртээ “Ажил олоод, холбоо барина” гэж хэлээд явжээ. Ингээд хариулж байсан хуцаа айлд орхиж Мөрөн орж биеэ үзүүлэх нэрийдлээр эмчийн бичиг аван бригадын даргадаа өгөн маргааш нь онгоцонд суугаад Улаанбаатар оржээ. Тэндээсээ олон улсын галт тэргэнд суугаад явж байтал Сэлэнгэ аймагт ирээд шалгалт орж ирэхэд буусан нь Сэлэнгэ нутагт хөл тавих эхлэл байжээ.
Манай ах “Дамдинжав гэж хөгшин байгаа, тэр хүнийг сураглаад очоорой” гэсэн. Ингээд нөгөө хүнээ олж очоод учир байдлаа хэлж, мод боловсруулах үйлдвэрт ажилд орсон. Гэр рүүгээ захиа бичиж хэл хүргэх гэтэл баригдах аюултай тул захиагаа хойноос нь эргүүлж цаасныхаа ар өвөргүй давхарлаж бичнэ гэдгээ өмнө нь эхнэртээ хэлсэн байв. Тэгээд захиагаа байгаа газраасаа бус Улаанбаатар руу явах хүнээр дамжуулан гэртээ хэл хүргүүлсэн. Нэг алдаа гаргасан нь Мод боловсруулах комбинат гэдгийг МБК, Сүхбаатар гэж товчилж тавиад явуулсан байж. Гэтэл захиаг маань авсан хүмүүс захиргаан дээр задлаад миний байгаа газрын хаягийг олж. Тэгээд Сүхбаатар аймгийн мах боловсруулах үйлдвэр комбинат гэж тайлаад аймгийн хянан шалгах хороо Сүхбаатар аймаг руу явж олоогүй учир Дарханы мах комбинатаар хайж олсонгүй. Ингээд аймгийн бүгд хурал хуралдаж тухайн үеийн “Эрх чөлөө” сонинд бичсэн байсан. Захиргааныхан манайд ирж эхнэрт захиаг өгч “Өөрөөс чинь өөр хүн уншдаггүй юм байх” гэхэд эхнэр маань “Хэн мэдлээ, би ийм үсэг мэдэхгүй” гээд ор руугаа шидчихээд хүмүүс явсаны дараа уншсан гэсэн. Д.Довдондэмбэрэл гуайгаас захиандаа юу гэж бичсэн талаар асуухад “Намар яваад очно. Идэш хоолоо бэлдээд, нүүхэд бэлэн байж байгаарай” гэж бичсэн гэв. Тэгж байтал барилга конторт цоо шинэ, дугааргүй Зил-130 машин ирлээ. Тэгэхээр нь жолоочтой нь ярилцаад хоёр сарын цалин болох 1000 төгрөг өгөхөөр тохиролцож нууцаар гэр ачаад, эхнэр хүүхдээ авчирсан. Дараа нь аав ээж, нутаг руугаа сэмхэн мотоцикльтой очдог байлаа. Гэтэл сумын захиргаа шатаж бүх бичиг баримт, архив үгүй болсон гэж дуулдсанаас хойш айх зүйлгүй ирж очдог болсон. Дараа нь найзуудтайгаа уулзахад “оргоё” гэдэг үгийг “Довдончилох” гэдэг үг гарсан.
Энэ урт замыг туулж ирсэн ч бүх зүйл амар байсангүй. Тухайн үед хурган дотортой дээл, хоёр хээтэй эрээн авдраа зараад хоол унд авч байсан үе ч бий. Том охин маань дүү нараа өсгөж хүн болгосон. Даалгавраа хийхдээ дүүгээ сугандаа хавчуулна. Ингэж амьдралд хөдөлмөрлөн, тэмцэж, зоригоор туулжээ. Анх Сэлэнгэ аймагт ангийн бригад байгуулагдахад мод боловсруулах үйлдвэрт томилогдсон ч 1990 онд үйл ажиллагаа нь зогссон тул байгаль хамгаалагч болсон байна. 2005 оноос эхлэн Тужийн нарс, Алтанбулаг орчимд нийт 450 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гавьяатай. 2023 оноос Богд ууланд Оюутолгойн хөрөнгө оруулалтаар хүнд нөхцөлд ойжуулалт хийж байна. Одоо уулнаас мод авчирч ургуулаад модоор тулсан харагддаг. Өөрөө ургасан уулын модыг шилжүүлэхэд муу ургана. Харин үржүүлгээр тарьсан мод дараа нь зөөхөд ургах чадвар сайн байдаг. Ууланд ургасан модны гол үндэс голоосоо эгц доошоо газрын судалд холбогдон үндсээрээ устай холбогдсон байдаг гэв.
Анх мод тарьж байхад залуу хүн дадлага туршлагагүй, тарьсан модоо хаана, хэрхэн борлуулах вэ ер нь юу хийгээд байгаадаа эргэлзэх тохиолдолд гарч байлаа. Тухайн үед тогтсон үнэ ханш ч бий болоогүй тул өөрийн хийсэн хөдөлмөрөөс хамгийн хямдхан үнээр өгдөг байж. Гарсан зардлаа тооцохоор зарсан үнээс илүү зардал гаргасан нь харагддаг учир шантрах тохиолдол таарч байв. Хүний хобби хүсэл мөрөөдөл гэдэг юунаас ч буцдаггүй. Нэг удаа шинийн нэгэнд малчид тариалангийн талбайн хашааг нээгээд малаа оруулаад хашаад явсан байсан. Дараа тэндээс юу ч үлдээгүй. Бүх зүйлийг шинээр эхлэх болсон. Малчдад хэлээд л өнгөрнө өөр яах билээ. Унтах хугацаа маш бага. Хумсын толионоос ч жижиг үр өндөр сүрлэг мод болон ургах хүртэл их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Үрээ дөнгөж шороонд суулгасны дараа хулгана, шувуу, туулайнаас хамгаалах гээд ажил их. Мөн мод тарихад ногооны талбай шиг хор цацаж болохгүй. Бас зэрлэгийг нь гараар түүдэг учир нарийн ажил шаарддаг. Өмнө нь улиасны мөчрийг хаядаг байсан бол одоо улиасны үр ховордож олдохгүй болсон. Өнгөрсөн жил нарс мод үрээ өгөөгүй. Тиймээс худалдаж авахаас гадна өөрсдөө түүдэг. Мод үржүүлэг хийхээс гадна жимсний модноосоо үр шим хүртэх, зөгийн аж ахуй давхар эрхэлж байна. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр, эх орныхоо хөрсөнд ургуулсан жимс, жимсгэнээ хэрэглэхийг илүүд үздэг. Д.Довдондэмбэрэл гуайгаас туршлага судлах, заавар зөвлөгөө авахаар 21 аймгаас олон хүн ирдэг гэсэн.
Хүү Д.Раднаабаяр
Багаасаа аав ээжийгээ даган мод тарих, арчлах, услах, байгаль хамгаалах ажлыг хийж ирсэн. Аав маань биднийг сэрэхээс өмнө тарьсан модод дундаа алхаад хянаад явж байдаг. Аавыгаа дагасаар байгаад өөрийн эрхгүй модтой амьдралаа холбосон. Байгаль орчны улсын байцаагчаар Тужийн нарсыг улсын тусгай хамгаалалттай газарт авахаас эхлэн 16 жил мөн мод үржүүлгийн ажлыг давхар хийсэн. Үүнээс хойш мод үржүүлгийн ажлаараа дагнасан. Дарханд экологийн ангийг төгссөн. Мод тарих ажил их хөдөлмөр, сэтгэл шаардсан ажил байдаг. Олон жил мод үржүүлэхээр хөрсийг хараад шим тэжээл бага, нэмж бордох, усалгаа шаардлагатай гэдгийг мэддэг болчихдог юм байна гэв. Тэрбээр “Баян чацаргана” нөхөрлөлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн гэр бүлийн хамт “Агро форест” компанийг байгуулан мод үржүүлгийн ажил хийж байна. Эднийх навчит болон шүлмүүст 44 төрлийн жимсний, гоёлын мод үржүүлдэг аж. Тухайлбал, манжуур самар, цэнхэр гацуур, барбарис, улаан үхрийн нүд, усан үзэм, гоёлын болон шилмүүст, жимсний мод тариалж байна.
Хүн амьдралынхаа туршид 18 ширхэг модны ялгаруулах хүчилтөрөгчөөр амьдралынхаа туршид амьсгалдаг гэсэн тооцоо бий. Үүнээс илүүг тарих нь ирээдүйн үр хойчдоо үлдээх баялаг. Одоо долоон га газарт мод үржүүлэг хийдэг. Жилийн дөрвөн улирал мод үржүүлгийн ажил явагддаг. Өвлийн улиралд тарих модны мөчир бэлтгэх, үр бэлтгэлийн ажил явагддаг. Өглөө бүр талбай дундуураа явж тарьц, суулгацаа ажиглана. Хортон шавьж, бордоо, ус нь ямар байгааг хараад л мэдэх тэрбээр “Хэрвээ нэг модыг хортон шавьж идснийг анзаарахгүй өнгөрүүлбэл хоёр хоногийн дотор бүх мод өвчлөх аюултай тул байнгын асаргаа, хөдөлмөр шаарддаг” гэж байв. Мөн эдний талбай дээр Сүхбаатар сумын Мэргэжил сургалтын төвийн оюутнууд дадлага хийдэг ажээ. Жилд хоёр сая тарьц суулгац бэлдэхээс гадна 30 гаруй хүнийг ажлын байраар ханган ажилладаг байна.
Д.Раднаабаярынх нэг охин, гурван хүүтэй. Хүүхдүүд нь ч тарьсан модныхоо зэрлэгийг зулгааж өвөө, аавдаа туслана. Охин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөхөөр БНСУ-д байгаль орчны чиглэлээр суралцаж байна. Түүний эхнэр П.Мөнхчимэг малын эмч мэргэжилтэй ч алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр мод үржүүлгийн талаар багагүй мэдлэгтэй болжээ. Тэрбээр нөхөртэйгөө хамт гадуур явахад зам дагуу ургуулсан модыг хараад “Дэмий газар мод авчирч суулгаад үхүүлж, “борцлох” юм гээд бухимддаг. Зуны өглөө эрт нарнаас урьтаж талбайдаа очихгүй бол халуунд хатах, зэрлэг ургамал ихэснэ. Хоёр өдөр зулзаган мод арчилгаа аваагүй тохиолдолд хатаж үхэх тохиолдол гарна. Цаг зав, хүч хөдөлмөр, багахан анхаарал алдахад зулзган мод үхэх эрсдэлтэй байдаг гэж байлаа.
Хүү Д.Батдорж
Аав маань байгаль хамгаалал, ойн чиглэлээр ажилладаг учраас багаасаа даган хийх ажлыг нь дуурайж хийсээр байгаад мэргэжил сонгоход ойр санагдсан. Багаасаа барилддаг, спортоор хичээллэдэг байсан тул Хууль сахиулах их сургуульд орохыг хүсдэг байсан ч аав минь “Миний хүү байгаль орчин, ойн чиглэлээр суралцах нь ирээдүйтэй” гэсэн. Тиймээс аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлэн сурч, ажиллах нь зөв гэж бодоод Дарханы их сургуульд Ойн нөхөн сэргээлтийн инженерээр сурч 2011 онд төгссөн. 2013 онд магистрын ажлаа “Таримал ба байгалийн аясаар сэргэн ургасан өсвөр нарс моддын өсөлтийг хооронд нь харьцуулан судлах” ажлыг гүйцэтгэсэн. Бүх мэргэжил сайхан. Гэхдээ мод тарих, нөхөн сэргээх, мод үржүүлэх гэдэг хамгийн сайхан буянтай ажил. Бид хийж буй ажлаасаа ашиг олох талаас хардаггүй. Нэг мод тарьж ургуулахад дор хаяж дөрвөн жилийн хүч хөдөлмөрөө зарцуулан дараа нь үр шимээ хүртдэг онцлогтой. Урт хугацаанд үр ашгаа өгдөг тул бизнесийн салбарынхан төдийлөн орж ирэх нь бага.
Оюутан байхад сургуулиас 13 оюутан сонгон шалгаруулаад намрын ажилд авч яваад “Мартагдашгүй намар” реалити шоу хийж байсан. 21 хоногийн хугацаанд үр тарианы бэлтгэлд туслуулан, телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт орж нийт дүнгээрээ тэргүүн байр эзэлж нэг жилийн төлбөрөөр шагнуулсан нь санаанаас гардаггүй сайхан дурсамж байдаг. Манай компани жилд хоёр сая гаруй модны суулгац бэлтгэдэг байсан бол “Тэрбум мод”-ны хүрээнд таван сая болгохоор зорин ажиллаж байна. Улсын хэмжээнд 420 орчим мод тарьж, бэлтгэдэг ААН бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 62.5 тарьц суулгац байна гэсэн тооцоо бий. Ойн салбарт дэвшил гарч байгаа түүхэн он жилүүд болж байна.
Сэлэнгэ аймгийн дөрвөн сумын хэмжээнд ойн зурвас байгуулан ойжуулалт хийсэн. Нийслэлийн ногоон бүсэд доройтсон ойг нөхөн сэргээх ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн захиалгаар 10 га талбайг бортоготой тарьцаар ойжуулах ажилд оролцож байна. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна. Монгол орны хэмжээнд хүчтэй явагдаж буйтай холбоотойгоор тарих арга технологи олон улсын сайн туршлагыг нутагшуулах, үйлдвэрлэлийн нөхцөлд тарьж ургуулах нь зөв юм байна гэсэн судалгааны ажил хийсэн. Бортоготой тарьцыг ашиглан 100 мод тарьж болох технологийг ойжуулалтын ажилд нэвтрүүлэхийг зорьсон. Түүнээс хойш бортоготой тарьцаар ойжуулах норматив батлагдаж үйлдвэрийн зориулалтаар ашиглах гол тулгуур болсон хэмээн хийж буй ажлаа танилцуулсан юм.
Зээ хүү М.Мөнх-Оргил
Д.Довдондэмбэрэл гуайн зээ хүү М.Мөнх-Оргил мөн л багаасаа өвөөгөө дагаж мод үржүүлэх, байгаль хамгаалах ажилд нь тусалдаг байв. Тэрбээр “Мод тарих нь хөдөлмөр, тэвчээр шаардсан ажил байдаг. Би өвөө эмээгийн хүүхэд. Багаасаа хийж буй ажлыг нь харж, заавар зөвлөгөөг нь дагаж ирсэн. Өсвөрийн ойн хамгаалагч гэж хэлж болно. Өвөө маань ой хамгаалагч тул байнга дагаж хулгайн мод бэлтгэлийн мөрөөр мөрдлөг хийж явдаг байсан. Намайг зургаан настай байхад би гэртээ үлдэж өвөө эргүүл хийхээр явсан байлаа. Гэтэл манай гэрийн хажуугаар хулгайн мод бэлтгэлийн хүмүүс машинтай явж байгааг хараад гэрийнхэндээ мэгдсэнээр таслан зогсоож чадсан нь санаанаас огт гардаггүй гэж байв. М.Мөнх-Оргил XII анги төгстлөө мод үржүүлгийн газраа ажиллаж байгаад түр завсарлаад байгаа ч цаашид ойн инженерээр суралцана гэдгээ хэлж байлаа.
Байгаль хамгаалагч, мод үржүүлгийн мэргэжилтэн Д.Довдондэмбэрэл болон үр хүүхэд, ач, зээ нар нь үйл хэргийг үргэлжлүүлэхээр ийн шамдан ажиллаж, суралцаж байгааг бага ч болов “Удмын бахархал” булангаар хүргэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)