Б.НАНДИН

Швед улсын НАТО-д элсэх асуудалд ганцхан улс зөвшөөрөл өгөөгүй байсан асуудал эцэс болж, Унгарын парламент өнгөрсөн даваа гарагт Шведийн НАТО-д элсэхийг дэмжлээ. Ингэснээр 2022 онд НАТО-д элсэх өргөдлөө Финландын хамт гаргаж байсан Швед Умард Атлантын нэгдлийн 32 дахь гишүүн улс болох нь баталгаажив.

Унгарын парламентын 188 гишүүн Шведийн хүсэлтийг батлахыг дэмжсэн бол зургаан хүн эсэргүүцжээ. Санал хураалтын дараа Шведийн Ерөнхий сайд Ольф Кристерссон “Өнөөдөр бол түүхэн өдөр. Швед улс Европ-Атлантын аюулгүй байдлыг мөр зэрэгцэн хамгаалахад бэлэн байна” гэж хэмээн Х сүлжээнд мэдэгдэв.

Өнгөрсөн жил болсон НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Шведийн НАТО-д элсэх асуудалд дэмжлэг үзүүлэхээ амлаж байсан юм. Тэрбээр эл амлалтдаа хүрч, өнгөрсөн баасан гарагт Шведийн засгийн газрын тэргүүн У.Кристерссонтой уулзжээ. Энэ үеэр Унгарын тал Шведээс Jas-39 Gripen сөнөөгч онгоцуудыг худалдан авах гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn