Б.НЯМСҮРЭН

 

Өнгөрсөн долоо хоногт Узбекистаны Самарканд хотноо Европын холбоо болон Төв Азийн таван орны хамтарсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдав. Узбекистан улсын зохион байгуулсан энэхүү форумд Төв Азиас Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистаны төр засгийн удирдагч нар болон Европын холбооны талаас Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар оролцлоо. “Ирээдүйдээ хөрөнгө оруулах нь” уриатай энэхүү форумын үеэр олон улсын нөхцөл байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа ирээдүйн төлөвлөгөөний асуудлаар хэлэлцсэний дотор Европын холбооны зүгээс цаашид стратегийн ач холбогдол бүхий ховор элементийг ашиглахад хамтран ажиллах боломжийн талаар харилцан ойлголцолд хүрсэн байна.

Казахстан улс дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх газрын ховор элементийн томоохон орд нээснээ саяхан зарлаад байгаа. “Шинэ ордыг нээснээр Казахстан улс ирээдүйд газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд багтах бүрэн боломжтой” хэмээн дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны Аж үйлдвэр, бүтээн байгуулалтын яамнаас мэдэгджээ.

“Шинэ Казахстан” хэмээн нэрлэсэн энэ орд нь нийслэл Астана хотоос 420 км зайд Караганда мужид оршдог. Одоогоор тус ордын ховор элементийн боломжит нөөц 20 сая тонн хэмээн урьдчилан тооцоолсон бөгөөд судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа аж. Ордын 300 орчим метрийн гүнээс неодим, церий, лантан, иттригийн нөөц илрүүлсэн бөгөөд тонн тутамд дунджаар 700 грамм газрын ховор элемент агуулагдаж  байна гэж тооцоолжээ. Энэхүү том ордыг тус улсын “Центргеолсёмка” компанийн хайгуулын баг илрүүлжээ.

Европын холбоо болон Казахстан улс 2022 оны 11 дүгээр сард газрын ховор элементийн ашиглалтад хамтран ажиллах Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан байдаг. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2025-2026 онд газрын ховор элемент, батерей, ногоон эрчим хүчний салбарт хамтран ажиллах замын зургийг форумын үеэр дахин баталгаажуулжээ.

Европын холбоо 2050 он гэхэд нүүрстөрөгч ашиглахгүй байх зорилт тавиад байгаагийн хувьд Төв Азитай ховор металл, байгалийн баялгийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг мөн байгуулаад байгаа юм.

Дэлхий дээр одоогоор 34 төрлийн ховор элемент байгаагаас 17-г нь нэн чухал буюу стратегийн хэмээн тодорхойлж улс орон бүр онцгой ач холбогдол өгч байгаа. Нэр бүхий 17 газрын ховор элементийн хувьд шинэ технологи, нарны зайн үүсгүүр, гар утас, автомашины тоног төхөөрөмж болон цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн ашиглагддаг учир эдийн засгийн болоод геополитикийн хувьд ч томоохон үүрэгтэй учир “стратегийн” хэмээн тодорхойлдог. Одоогоор Европын холбоо шаардлагатай газрын хүнд элементийг 100 хувь БНХАУ-аас, бороны 98 хувийг Туркээс, платиниумын 71 хувийг Өмнөд Африкаас тус тус авдаг аж. Тиймээс Европын холбооны зүгээс  Төв Азидаа эдийн засгийн хөгжил, геополитикийн тоглолтоор хамгийн нөлөө бүхий хэмээн тооцогдох болсон Казахстан улстай стратегийн түвшинд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхол бий. Бүгд Найрамдах Казахстан улсад газрын ховор элементийн 15-аас доошгүй орд, 46 их наяд ам.доллараар үнэлэгдэх нөөц бий гэсэн тооцоог шинжээчид гаргасан байна. Энэ тооцооллоор үзэхэд тус улс дэлхийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлдэг Хятадтай өрсөлдөх боломжтой. Гэсэн ч Казахстанд зөвхөн хөрөнгө оруулалтаас гадна газрын хэвлийн ашиглалтад томоохон шинэчлэл хийх, хамгийн сүүлийн үеийн технологид нэвтрэх, өөрийн боловсруулах дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг алхмууд шаардлагатай хэвээр байгаа юм. Казахстан улсын хувьд өмнө нь ийм хэмжээний томоохон орд нээж байсан туршлага байхгүй учир түүхэнд бичигдэх энэ ховор элементийн ордыг ашиглах технологийг гаднаас хөрөнгө оруулалттай хамт оруулж ирэх шаардлага бий. 

АНУ-ын Геологийн албанаас газрын ховор элементийн нөөц бүхий орнуудын жагсаалтыг гаргасан байдаг. Казахстан улс одоогоор багтаагүй ч энэхүү ордын нөөцийг баталгаажуулснаар тус улс Газрын ховор элементийн нийт нөөцөөр БНХАУ, Бразилын дараа гуравдугаарт бичигдэх боломжтой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 63 (7560)