Б.НАМУУНАА
“Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор М.Одмандахыг урилаа. Түүний сүүлд гаргасан “Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” номынх нь тухай ярилцсан юм.
“Монгол дахь буриад судлалыг мэдэх луужин болно”
-Би мэргэжилтэйгээ холбоотой судалгаанд суурилсан номыг туурвидаг байсан. Зургаан жилийн өмнөөс буриад судлалын ном зүйн бүртгэлийн талаар ном гаргах сэдэл төрж билээ. Ингээд “Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” бүтээл Монголд анх удаа хэвлэгдлээ. Энэ ном Монгол дахь буриад судлалыг мэдэх луужин болно. Өмнө нь буриад үндэстнийг судалсан, угсаатантай холбоотой ном зүйн бүтээл бие даан гаргасан судлаач ховор. Анх удаа буриад судлалаар миний бүтээл хэвлэгдэж байна. Номоо бичихдээ 5-6 жилийн хөдөлмөр зарцууллаа. Анх 2018 онд буриад судлалын номыг гаргахаар шийдэж судалгааны ажлаа эхлүүлсэн. Тухайн үед буриад судлалын академийн 10 жилийн ой тохиож эрдэм шинжилгээний сэтгүүлд 200-300 гаруй ном бүртгэлийг гаргасан. Үүнийгээ цааш үргэлжлүүлж ном болгохоор зорьсон минь энэ. Бичих хугацаандаа судалгаа хийхээс гадна завсарласан. Би сүүлийн хоёр жил 1832 ном цуглуулж судаллаа. Миний ээлжит бүтээлийг зөвхөн ном зүйн бүртгэл гэж ойлгож болохгүй. Урд талын агуулгуудад ном зүйн бүртгэлийг дагалдуулсан, мөн Монголд хэвлэгдэж гарсан ном зүйн бүтээлүүдийг тоймлосон. Монголын буриад судлалын тоймыг дэлгэрэнгүй байдлаар бичсэн.
Бүтээлдээ 520 гаруй номын бүртгэл багтаажээ
-Ном буриад судлалын судалгааны нэгдсэн тойм, буриад хэл аялгуу судалсан тойм, буриад аман билэг судлалын тойм, буриад түүх судлалын тойм, буриад угсаатан антропологи судлалын тойм, намтар судлалд холбогдох бүтээлийн тойм гэсэн зургаан дэд хэсгээр нэгтгэж бичсэнээрээ шинэлэг. Мөн буриад бүтээлийн туурвил болон эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүд, багтсан. Нийтлэл дурдатгал тэмдэглэл, Монголд зохион байгуулсан буриад судлал сэдэвт хурлын эмхэтгэлийн жагсаалт, буриад судлалын эрдэм шинжилгээний хурлын жагсаалт гэсэн үндсэн бүтэцтэй юм. Мөн буриад судлалын академи байгуулагдсан үеэсээ хойш юу хийснийг нь он цагаар нь жагсааж гаргалаа. Тиймээс хэн ямар бүтээл туурвисан талаар дэлгэрэнгүй нэрийн хэлхээг багтаасан. 520 гаруй номын бүртгэлээр баяжуулсан юм. Үүнээс эрдэм шинжилгээний 12 дугаар, хурлын эмхэтгэл тав бүртгэгдсэн. Харин хилийн чанадад байгаа буриадын ном хэвлэлийг бүтээлдээ тусгаагүй. Монгол Улсад зохион байгуулагдсан нийт 400 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 300 орчим илтгэл тавигдсан байдаг.
Миний амьдралын салшгүй нэг хэсэг нь буриад судлал. Энэ чиглэлээр ямар бүтээл гарсныг олж үзэх, цуглуулах ажлыг тасралтгүй хийж ирсэн. Үүний хүрээнд 2008 онд буриад судлалын академи байгууллаа. Түүнээс хойш энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн 1994 оноос хойш буриад ардын дууг судаллаа. Би буриад судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний 12 сэтгүүлийн дугаар хэвлүүлсэн байгаа. Мөн буриад судлалын гурван эрдэм шинжилгээний хурлыг эмхэтгэсэн. Намтар судлалын чиглэлээр хоёр ном , буриад дуу болон ахуйн соёлын чиглэлээр 20 гаруй өгүүлэл, 10 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Нийт 82 ном бүтээлд ажиллахдаа бичихийн сацуу редакторлов.
Ном зүйн бүртгэл нь мэдээллийн хамгийн том уурхай. Үүнийг зөв хийж бэлдэж гаргах нь дараагийн судлаач нарт хэрэгтэй гэдгийг эрт ойлгосон. Ном туурвих нь амаргүй, цаг зав шаардсан ажил. Ирэх онд “Монгол Улс дахь буриад судлалын ном зүйн бүртгэл” номоо агуулгыг нь дэлгэрүүлэн сайжруулна. Бүх буриадууддаа энэ ном зүйн бүртгэлийг гаргаж өгснөөр тэд өөрсдийнхөө тухай олж мэдэх боломжийг олголоо. Номыг маань уншсан хүмүүс буриадтай холбоотой гарсан ном, өгүүлэл, илтгэл, ярилцлага , мэдээллийг нэг дороос авах боломжтой. Энэхүү бүтээл зөвхөн миний биш Монголд амьдарч байгаа буриад судлалын эрдэмтдийн хийж гүйцэтгэдэг гол ажлын нэг. Цаашдаа буриадын урлаг болон антропологи чиглэлийн нарийвчилсан бүтээл туурвилуудыг гаргах шаардлагатай. Ингэснээрээ буриад судлал бол тал бүрээсээ хөгжин дэлгэрнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)