Багш, судлаач Д.Тогтох

 

Эмнэлэг, эрүүлийг хамгаалахын талаар хэвлэл мэдээллээр эерэг гэхээс илүү сөрөг мэдээлэл түгдэг болсон өнөө үед санамсаргүй өвчтөн болж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж, тангарагтаа үнэнч, жинхэнэ ард түмэндээ үйлчилдэг, авлигалд автаагүй, сайхан хамт олон гэдгийг мэдэрснээ олон нийтэд хүргэе гэж бодлоо.

Би сар гаруйн өмнө орсон их цаснаар халтирч унаад гаргүй болох шахсан нэгэн.  Гэмтлийн эмнэлгийн Хүлээн авах дээр яваад очиход, дайны талбар дахь эмнэлэг шиг л дүр зураг угтав. Хүлээн авахын хонгилоор дүүрэн гэмтсэн иргэд. Тэднийг  дагаж яваа гэр бүлийнхэн, суга таягтай, гипстэй, гараа барьсан хүүхэд залуус. Тэргэнцэр дээрх өвдөж шаналсан хүмүүс  эмчийн өрөөний үүд бүхэнд дугаарлан зогсоно.

 

Хүний төлөө гэсэн хариуцлагатай эмч нар олон байгаад талархав

 

Эхлээд эмчдээ үзүүлээд, дараа нь рентген зургаа авхуулаад, дахиад эмч дээрээ очдог юм байна. Залуухан эрэгтэй эмч рентгенд харангуутаа, хугаралтай байна гээд гипс рүү явууллаа. Гипс тавиулаад буцаад очтол буруу тавьсан байна гээд гипсийг минь дахин өөрчилж боолгов. Ийм олон хүнтэй байхад ч хүн тус бүрийн төлөө санаа тавьж чаддаг үнэхээр хариуцлагатай эмч нар олон байгаад чин сэтгэлээсээ талархав.

Эмч надад “Таныг одоо хэвтүүлнэ, шинжилгээ өгөөрэй” гээд дотогш явууллаа. Би дурангийн үзлэгт ороод, эмч нарын хэлснээр шууд хэвтэв. Эмнэлэгт хэвтэх гэхээр “Ор олддоггүй” гээд яриад байдаг, яахаараа шууд хэвтүүлдэг байна гээд өөрөө ч их гайхав. Халтирч унасан, гэмтсэн хүмүүс дүүрэн тул намайг хэдэн өвчтөнтэй коридорт байрлуулав. Эмнэлэг маш үр дүнтэй ажилладаг болохоор хагалгаа хийлгэсэн хүнийг 3-4 хоногийн дотор хөл дээр нь босгоод л гаргадаг6 Тиймээс коридортоо авсан хүнээ шинжилгээ хийж, үзлэгт оруулж, эмчид хуваарилж өгөөд, амь насанд халтай өвчтөнийг тэр дор нь хагалгаанд оруулж, арай гайгүйг нь төлөвлөгөөт хагалгаанд оруулдаг журамтай юм байна. 

Хоёр хоногийн дараа нийт таван хүнтэй, саруулхан, цэвэрхэн  дотроо ариун цэврийн өрөөтэй тасгийн эзэн боллоо. Өглөө 06:00 цагаас эхлээд тариагаа хийлгэж, эмээ ууна, 08:00 цагаас эмч нарын үзлэг явагдана. Эмнэлгийн удирдлага, тасгийн ерөнхий эмч, бусад эмч нар, резидент эмч нар гээд 10-20 эмч үзлэг хийж өвчтөн бүрийг хариуцсан эмч нар нь танилцуулж, ямар эмчилгээ хийхээ ярьж байна. Намайг төлөвлөгөөт хагалгаанд оруулна гэв.

 

Эмнэлгийн үйлчилгээг амралтын газартай андуурах иргэд цөөнгүй

 

Хагалгаанд ороод гарсан хүний ярианаас сонсоход үнэхээр аймшигтай өвддөг, хагалж огтолж байгааг нь мэдэрсэн гэхээр нь их айж түгшив. Хөндлөнгөөс харахад, манайхан их дураараа өөрөө өөрийгөө эмчилж байна. Зөвшөөрөлгүй эм тариа хэрэглэж, хориотой хоол хүнс их идэж байна. Эргэлт ч гэсэн амралтын газрын хүн эргэж байгаа мэт баахан өөх тостой бууз, хуушуур, банштай цай, цуйван авчирч байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн хоол нь үнэхээр сайн, өдрийн гурван удаагийн халуун хоолтой, өглөө хүүхдийн будаа, өдөр нэг, хоёрдугаар хоол, орой шөлтэй хоолтой. Манай өөр нэг том эмнэлэг ажилчдын цайны газраа CU-д түрээсэлсэнтэй зүйрлэхээргүй байна. Тус төвийн удирдлага их хариуцлагатай, үнэхээр ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж чаддаг газар гэж дүгнэв.

Тасгийг өдрийн хэдэн удаа нойтон цэвэрлэж, үйлчлэгчийнх нь шалны алчуур тэвхийтлээ өрсөн цагаан алчуур байна. Эмч, сувилагч, асрагч нар нь завсар зайгүй их ажилтай. Интернэт, хэвлэл мэдээлэл, хувь хүний ярианаас дандаа хагалгаанд ороход эмч нар мөнгө авдаг гэж сонссон учир зарим хүмүүс яадаг юм гэж бие биеэсээ асууна. Гэтэл эднийх хаа очиж ямар ч авлига авдаггүй газар, мөнгө төгрөг өгсөн, нэхсэн гэж хэнээс ч сонсоогүй гэж ярилцаж байв. Үнэхээр л тийм юм байна. Таньдаг мэддэг эмч байна уу гэж гүйлдэх ч хүн байна. Хүнээр яриулах гэх мэт үйлдлийг авч хэлэлцдэггүй, арын хаалгагүй газар байна. Эрүүл мэндийн даатгалтай хүнд бүх үйлчилгээ, асаргаа, мэс засал, хоол унд үнэ төлбөргүй байна. Хагалгаанд орохын өмнө зүрхний бичлэг хийдэг, дахин шаардлагатай шинжилгээ авдаг, үнэхээр дэлхийн түвшинд үйлчилж байна.

Ямар нэгэн талаар асуудал үүсвэл хүлээдэг юм байна. Хагалгааны өдөр болж, намайг орон дээр түрээд аваад явлаа. Замд дамжсан өрөөнүүд завсар хийх шаардлагатай л харагдаж байлаа. Хариуцаж авсан эмч маань залуу, чамбай, дуу цөөтэй, маш хариуцлагатай, дээд зэргийн чадвартай эмэгтэй эмч байна. Мэдээ алдуулагч эмч ч бас залуу сайхан эмэгтэй байна. Мөрөнд түр хугацааны мэдээ алдуулсны дараа намайг нэлээд хэдэн минут байршил тохь тухтай байгаа эсэхийг нягталж хэвтүүллээ. Нүүрний өмнө хаалт хийхээр юу ч мэдрэхгүй, гэртээ байхад гудамжинд машин явж байхад сонсогддог шиг холын зайнаас чимээ дуулдахаас өөр мэдрэгдсэнгүй. Надад ямар ч өвдөх, огтлох айдас зовуурь мэдрэгдсэнгүй.

Хагалгаа дуусаж, түрээд аваад явахад өөр өрөөнүүдэд бас зөндөө хагалгаа явагдаж байна. Эмч нарын дийлэнх нь сайхан залуучууд байна. Ялангуяа, эмэгтэй эмч нар үнэхээр гайхамшигтай байна. Мэс заслыг ер нь эрэгтэй эмч хийдэг гэсэн ташаа ойлголттой байжээ. Эмнэлэгт миний биеийн явцыг харж гурав хоног байлгаад, хүндрэлгүй тул гаргахдаа нэг өдрийн тариа, хоёр өдрийн эм уугаарай гэж өгөөд, маш ойлгомжтой заавар хэвлэж, картад хавсаргаад гаргав.

 

Улсын эмнэлгийн боловсон хүчинд улсын зүгээс анхаарал хандуулъя

 

Боолтод үргэлжлүүлээд нэлээд хэд хоног эмнэлэг дээрээ явлаа. Боолтын дараа сэргээн засах эмчилгээнд явлаа. Эмч нь нямбай, хариуцлагатай, ойлгомжтой тайлбарласан залуу сайхан эмэгтэй байна. Хажууд нь бас сувилагч, резидент эмч нь санаа тавьж, хэмжиж, зөвлөгөө өгч, хүн болгонд хүрч ажиллана. Намайг хариуцсан сэргээн заслын эмч нь том алаг нүдтэй, ганган халимагтай, мэргэжилдээ их дуртай, сайхан залуу байна. Хийх дасгал хөдөлгөөнийг минь ойлгомжтой тайлбарлаж, миний гарыг овоо хөдөлгөөнд оруулж, гурав хоногийн дараа гутлаа үдэж чаддаг боллоо.

Гэмтэл согог судлалын үндэсний төв хэмээх том эмнэлэг жирийн ард иргэдэд ч тэгш сайхан үйлчилдэг, дэлхийн түвшний үйлчилгээтэй газар болжээ. Энэ эмнэлэгт төр засаг, ЭМЯ илүү их анхаарал хандуулж ажилламаар санагдаж байв. Эмч, боловсон хүчний дийлэнх нь залуучууд байна. Эд нарт цалингаас гадна орон сууцны хөнгөлөлт, тусгай хангамж олгохгүй бол нэг нартай өдөр илүү цалин амласан хувийн эмнэлэг, гадаад руу яваад өгөхгүй гэсэн баталгаа үгүй. Улсын эмнэлгийн боловсон хүчинд улсын зүгээс анхаарал хандуулмаар байна. Тус төвийн барилга нь завсар шаардлагатай, тоног төхөөрөмж, хангамж дутагдалтай нь хөндлөнгийн мэргэжлийн бус хүний нүдэнд ч илт харагдаж байна. Хажууд нь өргөтгөл барихгүй бол гудамж, хонгилд нь хүн эргэх зайгүй байна.

Тус төвийн дотроос ажиглахад дараах хэдэн санаа төрлөө:

Эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ байнга анхаарал тавих хэрэгтэй байна. Энд хаалганд хавчуулсан, гал тогооны цахилгаан хэрэглэлд гараа хийсэн, аав нь хажуудаа бүс зүүхгүй суулгаж яваад автын осолд орсон гээд олон хүүхэд ирсэн байв. Өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэг болон хороо хориноос тусгай санамж, заавар, телевизээр богино видео үзүүлж баймаар байна.

Эрүүл мэндийн яамнаас дүүрэг, аймаг, сумдын эмнэлгийн мэс заслын эмч, сувилагч нарыг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр сургалтад хамруулж байвал хагалгааны дараа өвчтөн буцаж ирэхгүй үр дүнтэй болно.

Үйлдвэрийн осол, ажлын байран дээр хайхрамжгүй хандсанаас олон хүн ирсэн харагдаж байна. Тиймээс харьяа яамнаас нь хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих хараа хяналтаа улам бүр чангатгах хэрэгтэй байна.

Иргэд өөртөө онош тавин дураараа загнах нь өөрт нь гай болно. Хамт хэвтэж байсан хүмүүс дотор ийм  дураараа зан үйл их харагдлаа. Гараа хугарахад бариач, бөө, лам залаад, тарваганы өөх залгиад, эцэст нь олон хоног шаналсны эцэст аймгаас Гэмтлийн эмнэлгийн бараа харсан хүн байна.

Хот тохижилтын газар хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, цас цэвэрлэдэг машин худалдаж авмаар байна. Том, жижиг, бүх төрлийн машин байна. Давсанд төсөвлөсөн мөнгөөрөө цасны машин авбал хүний хөдөлмөр хөнгөвчилнө. Ихэнх ард иргэдийн арай гэж хураасан, өр тавьж авсан машины доод талыг давсанд идүүлээд, өдөр цацсан давс орой хайлж, мөсөн дош болоход машин замаар гарч байгаа явган хүн түүн дээр нь халтирч гэмтэж байна. Хүн цасан дээр халтираад сүртэй юм болохгүй, мөсөн дээр халтирч л гар, хөлөө хугалж байна.

Явган хүний зам дээр барилгын дотор заслын плита авчирч наахыг хориглох хэрэгтэй. Урд хөршийн цаг агаар өөр, манайд өвөл болдог гэдгийг машинаасаа буудаггүй, албан тушаалтнууд  ойлгохгүй байна. Социализмын үеийн бетонон, жижиг чулуу нь ил гарсан тийм явган хүний зам л зохистой, ядахдаа халтирахгүй, түшицтэй. Давс биш нунтаг дайрга цацах манай нөхцөлд зохимжтой гэж монгол эрдэмтний бичсэнийг хэдэн жилийн өмнө сониноос уншиж байлаа.

Ингээд төгсгөлд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн нийт хамт олон, ерөнхий эмч, хагалгаа хийсэн хатан хааны нэртэй, чадвартай, үзэсгэлэнтэй эмчдээ дахин талархал илэрхийлье. Мөн тус төвийн нийт хамт олны ард иргэдийн эрүүл энхийн манаанд зогсох буянтай үйлсэд нь амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 39 (7283)