Т.ИЧИНХОРЛОО
Миний бие Улсын Их Хуралд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. . Монголын хүний төлөө нам эвсэл байгуулж улс төрийн бусад хүчингүүдтэй нэгдэж ажиллах саналтай байна. Сонгогчдын боловсролыг сайжруулах, бусад улс төрийн хүчингүүдтэй хүчээ нэгтгэх, Улсын Их Хуралд заавал байх ёстой хүмүүсийг дэмжих сан байгуулах гэх мэт тодорхой хэдэн зорилго тавьсан. Учир нь энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудтай адил шударга бус болох нь тодорхой. Бид найман удаа сонгууль хийхдээ шударгаар сонгууль зохион байгуулж байсан түүх нэг ч байхгүй. Үндэсний Аудитын газраас нэг нэр дэвшигч нэг тойрогт зарцуулах хөрөнгөний доод хэмжээг тогтооход 2.5 тэрбум гэж гарсан байсан. Улсын Их Хуралд хэн байх ёстой вэ гэхээр судалгаа шинжилгээ хийдэг, бодлогын бичиг баримт боловсруулах чадвартай хүн байх хэрэгтэй. Гэтэл эдгээр хүмүүст сонгуульд өрсөлдөх хөрөнгө мөнгө дутмаг. Энэ бол шударга ёсны зарчим биш. Хөрөнгөтэй эрх баригчдын эсрэг хүч үзэх хамгийн боломжтой хувилбар бол сонгогчид сонгуульдаа шударга оролцох. Саналаа худалдахгүй байх явдал юм. Сонгууль гэдэг бол тайван замаар төрийн эрх мэдлийг нэг этгээдээс нөгөө этгээд рүү шилжүүлэх ганцхан боломж. Үлдэж байгаа дөрвөн сарын хугацаанд тайван сонгууль зохион байгуулах мөн сонгогчид сонгуульдаа шударгаар оролцох хэрэгтэй байна. Нийгэмд сонгогчид сонгуульдаа оролцохгүй гэсэн хандлага их байх шиг байна. Сонгуульд оролцох бол ардчилсан нийгмийн үнэт зүйл шүү дээ.
Эх сурвалж: www.polit.mn