Б.НАМУУНАА

“Төрийн хэлмэгдүүлэлт ба сургамж, шинэ үеийн хэлмэгдүүлэлт” сэдвээр “Эрх чөлөө төв”, “Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хамтран хэвлэлийн хурал хийлээ. Монгол оронд явагдсан их яргалал нь улс төрийн шинжтэй, улс төрийн нэг үзэл суртлыг баримтлагчид, өөрөөр сэтгэгчид, өөр үзэл бодолтой хүмүүсийн эсрэг чиглэсэн гэдэг утгаараа түүнчлэн улс төрийн болон төрийн байгууллагуудыг хүчгүйдүүлэн мохооход чиглэсэн гэж үзвэл энэ үзэгдэл нь улс төрийн бүлгээр устгах буюу политицид шинжийг түлхүү агуулсан гэдгийг эрдэмтэн, судлаачид тэмдэглэснийг хурал зохион байгуулагчид хэллээ. Энэ үеэр “Эрх чөлөө төв”-ийн гишүүн н.Чинбат “Гуравдугаар сарын 1-нд Трозовск хотод одоогийн МАН  байгуулагдсан. Тал хувь нь Оросын иргэд нээж байсан. Үүгээр ОХУ зөвлөлт намын хувьд монголчуудыг өөрийн эрхшээлд оруулах санаа байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй. Мөн МАН-ыг өөрийг нь тагнуул болгоод байсан юм. Энэ үйл явдал маш олон хэлмэгдүүлсэн хүмүүсээр батлагдсан, МАН иргэдээсээ уучлалт гуйх хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсад XIX зууны ихэнх хугацаанд ямар ч гэм буруугүй олон иргэн үндэс угсаа, шашин шүтлэг нэгтэйн хувьд гэмт хэрэгт холбогдон ноцтой хохирол хүлээжээ. Энэ мэдээлэлд дурдсан хүмүүсийн ихэнхийг Монголын төр хожим цагаатгасан нь тэдэнд хүлээлгэсэн гэмт хэрэг, үйлдэл хилс байсны нотолгоо. Монгол Улсад өрнөсөн улс төрийн гэмт хэрэг, үйлдэл нь “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн конвенцод дурдсан үндсэн таван шинжийг агуулж байна. Манай оронд иргэдээ ангич үзлийн үүднээс зохиомлоор хоёр хувааж “жинхэнэ бус ард” гэгдэгчдийн эсрэг явуулсан үйлдэл нь төрлөөр устгах гэмт хэрэг, үйлдэл мөн гэж үзэж байна. Энэ судалгаа, дүгнэлтийн үндсэн ач холбогдол нь Монгол Улсад төрлөөр устгах гэмт хэрэг дахин давтагдахаас сэргийлэхэд тусална. Өнгөрсөн түүхээс авах сургамж гэвэл нийгмийн ийм гажуудал, завхарлыг Монголын хөрсөнд дахин соёолох, дэлгэрэхээс сэрэмжлэх юм хэмээн хурал зохион байгуулагчид хэлж байлаа. 

Эх сурвалж www.polit.mn