Б.НАМУУНАА
Энэ сарын 6 -нд “Оюу толгой” компани ажилчдынхаа цалинг 25-30 хувь бууруулж, илүү цаг болон нэмэгдэл цалинг нь хассан байна. Үүнтэй холбоотойгоор ажилчид нь “Үндэсний мэдээллийн төвд” өнөөдөр мэдээлэл хийлээ. Ажилчдын зүгээс цалинг нь 25-30 хувиар бууруулсан шийдвэрээ өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаялт зарлана гэдгээ хэлсэн юм.
“Оюу толгойн” компанийн хүнд машин механизмийн оператор Г. Ганбаатар “Аливаа асуудлыг цалинд халдахгүйгээр шийдэх гарц гаргалгаа байдаг. Ажил олгогч талаас ажилчдын цалинг бууруулж, үйлдвэрчний эвлэлд мэдэгдээгүй, бие даан шийдвэр гаргаж хамтын хэлэлцээрийн заалтаа ноцтой зөрчиж байна. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилчдын цалинг зөвшөөрөлгүй бууруулсан. Энэ тушаалыг нийт ажилчид эсэргүүцээд байгаа юм. Зээлийн төлбөр багасахын хэрээр компани ашиг орлого нэмэгддэг. Энэ жишгээр бидний цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл бидний цалинг хасчихсан. Журам, хууль хоёр зөрчилдвөл хуулиа дагадаг. Аливаа компаниас гаргаж байгаа шийдвэрийг өмнөхөөсөө дордуулж болохгүй. Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна” гэв.
Геологи уул уурхайн хөгжлийн тэмүүлэл холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б. Ононхангай “Оюу толгой” компани дундаж цалин хөлсийг зөв бодох хэрэгтэй. Гэвч ажил олгогч нь цалинг бодохдоо урамшуулал нэмэгдлийг оролцуулалгүй бодож болно. Ажилчидтай ярилцсаны үндсэн дээр тохиролцох хэрэгтэй. “Оюу толгой” компани болон үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ бий. Тус гэрээнд “Хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хууль дүрэмд заасны дагуу ажилчдын цалин нэмэгдэл шагнал урамшуулал зэргийг дундаж цалинд тооцуулж болно” гэж заасан байдаг. Тэгвэл энэ заалтыг зөрчиж, ажилтантай ярилцахгүйгээр шийдвэр гаргасан” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn