П.АМГАЛАН

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна. Архангай аймгийн хувьд зудын эрсдлийн үнэлгээгээр Цахир, Тариат, Хангай,Өндөр-Улаан, Чулут, Эрдэнэмандал, Жаргалант,Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Эрдэнэбулган гэсэн 11 сум цагаан зудтай байна. Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Булган цагаанаар зудархуу байна. Аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 21-ний байдлаар 114.109 толгой мал хоргодсон байна. Үүнээс тэмээ нэг, адуу, 7004, үхэр 39.729, хонь 41.216, 26.159 толгой ямаа хоргодсон байна. Эрдэнэмандал, Хангай,Цахир, Хайрхан, Өндөр-Улаан сум малын өндөр хорогдолтой байна. Аймаг сумын аюулгүйн нөөцөд 1100 тн өвс, 620 тн тэжээл бэлтгэхээс 1200.8 тн өвс, 567.8 тн тэжээл бэлтгэсэн. Үүнээс хоёрдугаар сарын 19-ны байдлаар 793.6 тн өвс, 408.3 тн тэжэжлийг зарцуулж, 407.2 тн өвс, 159.5 тэжээлийн үлдэгдэлтэй байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 40 тн тэжээлийг зарцуулж эхлээгүй байна. Жаргалант, Өгийнуур, Хотонт, Эрдэнэмандал, Ихтамир зэрэг сумд аюулгүй нөөцөө зарцуулж дуусчээ. Бусад сумд аюулгүйн нөөцөө зарцуулж дууссан байна. Аймгийн хэмжээнд нийт 345 өрхийн 97.6 мянган толгой мал отор нүүдлээр явж байна. Үүнээс аймаг дотроо 243 өрхийн 57.3 толгой мал, өөр аймагт 72 өрхийн 35.6 толгой мал, өөр аймгаас 30 өрхийн 4.7 мянган толгой мал өвөлжиж байна. Шуурхай бүлгийн хуралдааны үеэр ЗДТГ-аас хэд хэдэн санал дэвшүүлэв. Тухайлбал, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад долооц, эрдэст тэжээлийн дэмжлэг үзүүлэх, Өлзийт, Эрдэнэмандал, Ихтамир, Тариат, Батцэнгэл суманд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд түргэн тусламжийн автомашин, Хашаат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин шаардлагатай байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn