Б.ТУУЛ
Манай улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг гэхээр санаа зовох асуудлуудын хамгийн том шалтгаан нь яах аргаггүй утаа, агаарын бохирдол юм. Учир нь агаарын бохирдол, утаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, харшлын өвчнүүд, төрөлхийн гажиг, хавдар зэрэг олон өвчний эх үүсвэр, тархалт болсоор байна. Мөн хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл хүүхэд нас руу, тэр тусмаа эхийн хэвлийд бүрэлдэж байгаа ураг руу заналхийлж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын хийсэн олон судалгааны дүн харуулсаар байна.
Манай улсын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангийн утаа болон аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухны яндангийн утаа 80 орчим хувь эзэлдэг бол тээврийн хэрэгслийн яндангийн утаа 10 хувь, дулааны цахилгаан станцын яндангийн утаа 6 хувь эзэлдэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Дараах фото сурвалжлагыг Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооноос бэлтгэв.
Эх сурвалж: www.zms.mn