Мэдээллийн экосистемийн цөм нь үнэн бодит мэдээлэл юм. Тиймээс дэлхийн олон орон мэдээллийн дархлааг дэмжих, хуурамч мэдээллийг ялгаж таних чадвар ард түмэндээ суулгахын тулд олон төрлийн арга зам бий болгож буйн бодит илрэл нь хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ юм. Яг ийм зорилгоор Филиппиний Rappler агентлагийн FactFirstPH гэх нэршилтэй хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ байгуулагдсан бол энэ жишгээр манай улсад ч бас зорилго нэгтэй “Баримт нэн тэргүүнд” сүлжээг байгуулан үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Хуурамч мэдээллийг таних “ой санамж”-ийг олон нийтэд хэрхэн түгээж байгаа талаар Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүнтэй ярилцлаа.
-Нэн түрүүнд хуурамч мэдээллийн тархалтын талаар сонирхохыг хүсэж байна. Манай улсад энэ төрлийн мэдээлэл хэр их түгээгддэг вэ?
Хүмүүсийн өдөр тутамдаа хүлээн авдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гаргадаг үнэн бодит мэдээлэлтэй л адилхан хуурамч мэдээлэл нь нийгмийн сүлжээгээр тархдаг. Өөрөө хэлбэл, тархах хурд нь заримдаа үнэн бодит мэдээлэлтэй ижил хэмжээнд, заримдаа түүнээс ч олон хандалттай түгээгдэх тохиолдол түгээмэл. Цаг үеийн үйл явдлын үеэр бүр ч эрчимтэй тархах байдал ажиглагддаг. Саяхны жишээг дурдвал газ тээвэрлэсэн машины дэлбэрэлт, харамсалтай ослын талаар янз бүрийн хуурамч мэдээлэл цахим орчинд их түгсэн. Нас барсан хүний тоог нэмэх ч юм уу, эсвэл нуун дарагдуулж байна гэх зэргээр дэвэргэсэн, баталгаагүй мэдээллүүд цацагдсаныг та ч санаж байгаа болов уу. Ер нь нийгмийн асуудлаар хязгаарлагдахгүй, улс төрийн сэдвээр ч хуурамч мэдээллүүд тархах нь бий. Ялангуяа улс төрийн халуун маргааны эргэн тойронд, олон хүний анхаарлын төвд байгаа сэдвүүдээр их түгдэг.
-Мэдээж олон сэдвийн хүрээнд хуурамч мэдээлэл түгдэг ч сонгуулийн жилүүдэд газар авах хандлага түгээмэл ажиглагддаг байх. Энэ талаар та баримт шалгагч хүний хувьд ямар тайлбар өгөх бол?
-Улс төрийн сэдвүүд анхаарлын төвд байх, энэ хүрээнд халуун үйл явдал өрнөхөд хуурамч мэдээлэл түгэх хандлага тасардаггүй. Харин энэ үзэгдлийг хэрхэн бууруулах, хүмүүст үнэн бодит мэдээлэл яаж өгөх вэ гэдэг дээр Монголын тухайд боломж бололцоогоо эрэлхийлэн ажиллаж байна. Боломж хязгаарлагдмал ч байж болно, гэхдээ давуу тал бий болгох гарцыг тодорхойлох л хэрэгтэй. Энэ үүднээс хуурамч мэдээллийг бууруулах сүлжээг байгуулж, нийгмийн бүхий л сувгаар баримтаар шалгасан бодит мэдээллийг түгээхийг эрмэлзэж байна.
Монголын баримт шалгах төвийн хувьд Мета буюу Facebook, Instagram-ын толгой компанийн платформууд дээр түгсэн хуурамч, ташаа мэдээлэлд хязгаарлалт хийх эрх бүхий Хөндлөнгийн баримт шалгагч түнш байгууллага. Жишээ нь фэйсбүүк дээр гарч байгаа мэдээллийг баримтаар шалгаад үнэн, худал, төөрөгдүүлсэн эсэхийг олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлдэг. Бид олон улсын туршлагыг Монголдоо нэвтрүүлэх зорилгоор Филиппиний Rappler агентлагийн “Баримт нэн тэргүүнд” сүлжээнээс санаа авч, Монголд ижил төстэй улс төрийн хуурамч мэдээллийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
Аль ч улсад сонгуулийн өмнө хуурамч мэдээллийг ихээр түгээж, олон нийт түүнээс үүдэлтэй буруу шийдвэр гаргах, цаашлаад эмх замбараагүй байдал үүсгэх, ардчиллын үнэ цэнийг сулруулах зэрэг үзэгдэл гаардаг. Тиймээс ийм хурцадмал нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх нэг арга зам бол цахим орчинд түгэж байгаа хуурамч мэдээлэлд баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг нь хүргэх юм. Үүнд “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүдийн тусламжтайгаар аль болох олон хүнд түгээж, нийгмийн сэтгэл зүй, мэдээллийн урсгалыг хуурамч мэдээллээр залуурдахаас сэргийлэх боломжтой юм.
-Сүлжээний үйл ажиллагааныхаа талаар дэлгэрүүлж ярина уу? Олон улсын туршлага нэвтрүүлж байгаагийн цаана ямар ач холбогдол байна вэ?
-Улс төрийн хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ нь зөвхөн манай төвөөр хязгаарлагдахгүй, хуурамч мэдээллийг бууруулах сонирхолтой, хувь хүн, байгууллагуудыг нэгтгэсэн хамтын ажиллагаанд суурилснаараа онцлог. Баримтаар шалгасан бодит мэдээллийг илүү олон хүнд хүргэх зорилготой сүлжээ юм. Канад сангийн дэмжлэгээр бий болсон сүлжээнд маань Фиделитас партнерс хуулийн фирм, хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд буюу Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв, хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллага Зууны мэдээ сонин, NTV телевиз, UB.Life, Gogo.mn сайт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26, СХД-ийн 24, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооныхон одоогийн байдлаар нэгдээд байна. Энэ хүрээнд Монголын баримт шалгах төвийн зүгээс хуурамч мэдээллийг хэрхэн таних анхан шатны сургалтууд зохион байгуулж, 40 хэсгийн ахлагч, 100 гаруй иргэд оролцоод байна. Иргэдэд ойр байдаг хүмүүс хэсгийн ахлагч нар. Тиймээс хуурамч мэдээллийг таних дархлааг тэднээр дамжуулан иргэдэд суулгаж болох юм. Төслийнхөө хүрээнд бид Канад сангийн дэмжлэгээр “Баримт шалгах гарын авлага” номыг орчуулан гаргасан. Хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ маань баримтаар шалгасан мэдээллийг олон хүнд хүргэх, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа нягтаршуулах арга замыг бий болгохоор зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)