Т.САЙХАН
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн үеэр ард иргэдийн сонор, сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр анхаарууллаа. Тэрбээр "Онцгой байдлын байгууллага цаг агаарын мэдээллийг тухай бүрд нь хүргэж байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын хэмжээнд ямар ч газарт мэдээлэл очих бүрэн боломжтой болчихсон. Гамшгаас хамгаалах тухай хуулиар мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөгөөг ард иргэд дагана гэх заалттай. Хэдийгээр мэдээлэл өгөөд байгаа ч иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр хөдөө орон нутагт хөдөлгөөн үйлдэж, цасан шуурганд очоод гацчихсан, уул даваан дээр гараад зогсчихсон байдаг. Сүүлийн 72 цагийн хугацаанд маш олон хүн ийм нөхцөл байдалд орлоо. Энэ бүрд онцгой байдлын байгууллагаас машин техник, хүн хүчээ гаргаад ажилладаг. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаагүй тохиолдолд ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр төлүүлэхээс эхлээд хууль тогтоомждоо анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө л хэлж байгаа зүйл. Хүүхдүүд авч яваад төөрч будилсан, цасанд суусан тохиолдол их байлаа. Өөрөө хэнэггүйдээд явдаг юм гэхэд үр хүүхдээ аваад явна гэдэг харамсалтай. Бусад улс оронд, хамгийн ойрын жишээ нь Казахстанд цаг агаарын мэдээг олон нийтэд дамжуулсан тохиолдолд бүх хүн суурин газраа зогсоод, агаар хэвийн боллоо гэсний ард хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг. Энэ бол хариуцлага, соёл. Цаашид манай ард иргэд ойлгон ухамсарлаад өөрчлөгдөнө гэж найдаж байгаа" гэж байлаа.
Эх сурвалж:www.polit.mn