Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Хэдэн жилийн өмнө дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох тухай ярьж байсан бол өнөөдөр зогсоох биш хэрхэн удаашруулах, дасан зохицох арга хэмжээ авах тухай ярьж эхэллээ. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөн хэдийнэ өртөөд эхэлсэнг анхааруулж, сануулсаар. Ирэх 100 жилд дэлхийн агаарын хэм 3.0 хэмээс илүү өсөх хандлагатай. Аль хэдийнэ 1.2 хэмээр дулаарч, бид тив бүрд урьд өмнө байгаагүй эрс тэс уур амьсгал, тогтворгүй байдлын гэрч болж байна. Харин бидэнд 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгаралыг 2010 оныхоос хоёр дахин бууруулж, 2050 он гэхэд “тэг” ялгаруулалтад хүргэх боломж байна. Нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй, уян хатан эдийн засагт чиглэсэн ахиц дэвшлийг хурдасгахад бизнес чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэхүү алсыг харааг дэмжихийн тулд бизнесийн удирдагчдыг 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг “тэг” болгохад хувь нэмрээ оруулахыг уриалж, нийгэмд нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлттөд дасан зохицох арга хэмжээ, эко хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй шинэ техник технолги, шийдэл нэвтрүүлэхийг НҮБ-аас уриалаад байгаа билээ. Нэг үгээр хэлбэл,  “Дэлхий биднийг уур амьсгалын өөрчлөлтийн тухай яриахаас илүүтэй  “үйлдэл” хийхийг уриалж байна. Монгол Улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг  эхлүүлсэн. Түүнчлэн “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлснээр 2050 онд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж “тэглэх” зорилт тавьжээ. Эдгээр зорилтууд одоогоор цаасан дээр байгаа ч бодит байдалд “үйлдэл” болгох сорилтын өмнө ирээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр өдөөж буй хүчин зүйл бол дэлхийн том уурхайнуудын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ юм. Тиймээс тэд уурхайн бүх түвшинд хүлэмжийн хий ялгаруулалтыг  бууралахад анхаарлаа хандуулсаар.  Тухайлбал, “Rio Tinto” группийн хамааралд байдаг уурхайнууд  өнгөрсөн жил 30.3 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулжээ. Энэ нь 2018 оноос 3.4 сая тонноор буурчээ. Энэ бууралтад  АНУ-ын  Кеннекоттын зэсийн уурхайдаа ногоон эрчим хүчний шилжилтийг хийж эхэлсэн болон Калифорнид байрлах борын уурхайд сэргээгдэх дизель түлш ашиглаж байгаатай холбоотой бууралт хэмээн хүлэмжийн хий бууруулах жилийн тайлангаас харж болохоор байна. Энэ нь  ил уурхайд хийгдсэн анхны сэргээгдэх дизель түлшний шилжилт болжээ. Тус группийн стратегид нүүрсхүчлийн хийг 2025 онд 15 хувь, 2030 онд 50 хувь, 2050 онд цэвэр “0” болгохоор тусгажээ. Дэлхийн бусад уул уурхайн  компаниуд ч хүлэмжийн хийг бууруулах “тэг” болгох амлалтуудаа авсаар байна. Тэгэхээр уул уурхайн том группүүд энэ мэтээр дэлхийн оршин тогтнохохд  “үйлдэл” хийж эхэлснийг  харуулж байна.

 

“Оюу толгой” хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд “тэг”-д хүргэнэ

 

Ирээдүйд дэлхийд зэсээрээ дөрөвт эрэмбэлэгдэх ” Оюу толгой” компани бизнесийн хувьд хүлэмжийн хийг “тэг”-д хүргэх, тодруулбал 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлсэн байдлаар бүрэн тэглэх зорилго тавьснаа зарлаж байна. Энэхүү зорилгыг шинэчилсэн стратегийнхаа хүрээнд тусгаж нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа аж.  Дэлхий дахинд хөндөгдөж буй хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний ногоон шилжилтэд хувь нэмрээ оруулах эхний алхам нь гүний уурхай болон ил уурхай дээр ашиглаж буй тоног төхөөрөмж, машин механизмуудаа цахилгаанаар ажилладаг төхөөрөмжөөр солихоор төлөвлөжээ. Цаашид уурхайн талбар дээр болон уурхайн үйл ажиллагаанаас гарч байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар зорьж байгаа гэсэн.  Түүнчлэн  “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулагчид буюу “Рио Тинто” групп, Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой”-н уурхай нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь  дотоодын эх үүсвэрээс хангах заалт байдаг. Энэ заалтаа биелүүлэхийн тулд  Монгол Улсын дотоодод байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдээс “Оюу толгой”-н эрчим хүчний хэрэглээг  бүрэн хангаж чадахуйц хэмжээний эрчим хүчний эх үүсвэрийг олох шаардлагатай. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерээс тодруулахад  “Одоогооор  “Рио Тинто” группийн хувьд Эрчим хүчний яамтай хамтран Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс “Оюу толгой”-н уурхайн эрчим хүчийг худалдаж авах ямар боломж байна вэ гэдгийг тодорхойлох чиглэлд яриа, хэлэлцээрийг хийж байгаа. Тус ажил нь яг одоо хэлэлцэгдэж байгаа тул энэ ажлын хүрээнд тодорхой хариулт өгөх боломжгүй. Гэхдээ урт хугацаандаа бид хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилготой ажиллаж байна. Эдгээр ажлууд нь ч мөн энэ зорилгын хэрэгжилтэд нөлөөлөх юм” гэлээ. Харин “Рио Тинто”-гийн зүгээс АНУ дахь Кеннекоттын зэсийн уурхайдаа ногоон эрчим хүчний шилжилтийг хийж эхлээд байсан. “Оюу толгой” уурхай дээр энэ мэт эрчим хүчний шилжилтийг хийж байгаа эсэх талаар тодруулахад тус  компанийн Хүлэмжийн хийн стратеги хариуцсан ахлах менежер М.Сайнтулга хариулахдаа  “Манай компани хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах том зорилтууд гаргасан. Тухайлбал, нүүрсээр ажилладаг дулааны станц, дизель түлшний хэрэглээг багасгах замаар 2025 онд 30 хувиар, 2030 он гэхэд 50 хувиар хүлэмжийн хийг бууруулна. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх зорилттой ажиллаж байна. Эдгээр том зорилтууд дараах суурь зарчимд тулгуурлана. Нэгдүгээрт, эрчим хүчнийхээ эх үүсвэрийг аль болох ногоон болгох, бага хүлэмжийн хий ялгаралтай эрчим хүчний эх үүсгэвэрт шилжихээр судалж байна. Хоёрдугаарт, манай уурхай их хэмжээний дизель түлшний хэрэглээтэй. Нүүрсэн галлагаатай дулааны станц ашигладаг. Мөн уурхай маань их хэмжээний, олон төрлийн техниктэй. Уурхайн том оврын техникүүдийг бүрэн цахилгаан батарейгаар ажилладаг болгох, ийм техникийг зах зээлээс шууд нийлүүлэх хараахан боломжгүй байна. Нийлүүлэгч компаниудын бололцоо ямар байна вэ гэдгийг судлаад, хамтран ажиллаж байна. Гуравдугаарт, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсэн ч хүлэмжийн хий ялгарсаар л байх болно. Хүлэмжийн хий шингээлтийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд дэлхий даяар бий. Монголд бол цөөн. Энэ компаниудтай хамтраад бүтээгдэхүүнийг нь худалдан авч, компанийнхаа ялгаруулж буй хүлэмжийн хийг тэглэх боломжтой болно” хэмээсэн юм.

 

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих үйлдлээ эрчимжүүлье

Манай  улс уг нь сэргээгдэх эрчим хүчний бодлоготой. Сэргээгдэх эрчим хүчний бодлогодоо түлхүү анхаарах хэрэгтэй аж.  Одоогоор бүх техник дандаа дизель түлшний хэрэглээнд үндэслэсэн дүрэм журамтай. Шинэ техникийг хэрэглээнд нэвтрүүлэх нь зөвхөн Монголд ч биш дэлхийн бусад оронд тулгамдаж байна. Шинэ техник оруулж ирээд үйл ажиллагаандаа нэвтрүүлье гэхэд ямар дүрэм, журмын дагуу ажиллуулах, аюулгүй ажиллагааг хангаж чадах уу зэрэг сорилтууд тулгарах нь. Энэ нь эрх зүйн орчинд ч шинэ хөгжлийг авчрах тухай судлаачид хэлж байна. Сэргээгдэх эрчим хүч бол байгальд ээлтэй хөгжлийг түргэтгэж, эрчим хүчний зардлыг бууруулан, улс орнуудын эко ногоон хөгжлийн зорилтууд болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийг хангах амлалтыг биелүүлэх эрчимтэй хөгжиж буй салбар. “Хятад улс 2021 онд баталсан “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-дөө 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг “сэргээгдэхгүй” эрчим хүчний эх үүсвэр буюу чулуужсан түлшнээс давуулах зорилтыг тавьсан. Тэгвэл 2023 онд чулуун бус түлш (нарны, салхин, усан эрчим хүч гэх мэт) нийт цахилгаан эрчим хүчний 50 хувиас давж, зорилтдоо товлосон хугацаанаас өмнө биелүүлсэн байна Дэргэдэх хөрш улс маань сэргээгдэх эрчим хүчний салбарт тодорхой амжилтуудыг хэдийнэ гаргаад, дотоод хэрэгцээгээ хангаж дийлээд одоо гадагшаа хөрөнгө оруулалтыг хийгээд эхлэв. Тэгвэл бид хөрштэйгээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжлийг хангахад туслах сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа жишээг судлах нь  сонирхолтой бас тустай гэж үзэж байна” хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны төвийн хятад судлаач доктор (Ph.D), Т.Чулуун-Эрдэнэ “БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжил” судалгаандаа онцолж байна.  Тиймээс бид энэ салбарт хийх  “үйлдэл” -ээ эрчимжүүлэх шаардлага тулгарсаар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)