Т.САЙХАН

Гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн.  Тэрбээр "Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг нь дээрэмдсэн хэргийг хяналт шалгалтаар тогтоосон. Миний бие энэ талаар тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14 мянган метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьсан.  Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн. Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн" гэлээ.   Улмаар энэ асуудлаар шалгалтын Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасныг  Хууль зүйн сайд танилцуулсан. яналт шалгалтын дүнгээр 

  • Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов. 
  • Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон.
  • Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн. Энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байжээ. 

Дэлгэрэнгүйг: Б.Энхбаяр: Хуулийн байгууллагынхан үгсэн хуйвалдаж,  "Ayud tower"-ийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон (polit.mn)

Тэгвэл энэ асуудлаар “Аюуд” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр мөн байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр  "Маргааныг Хонгконгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Б.Энхбаяр сайд мэдээлэлтэй бүрэн танилцаагүй атлаа гадны хөрөнгө оруулагч 100 хувь санхүүжилт хийсэн төслөө булаалгасан мэтээр мэдээлэл хийсэнд нь харамсаж байна. “Аюуд тауэр”-ийн барилгыг булаахдаа бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, нотариатч нь Америк руу зугтсан гэх агуулгатай мэдээллийг мөн хуулийн сайд өгсөн. Хамгийн гол нь нотариатч зугтсан эсэхэд эргэлзэж байна. Мөн хоёр компани хоорондын маргаанд Монгол Улсын Хууль зүйн сайд судлаагүй, нотлогдоогүй, илт худал мэдээлэл гаргаж байгаа нь хардлага дагуулж байгаа юм. Үнэхээр хариуцлагагүй мэдээлэл хийсэнд нь цочирдсон. Нөгөөтэйгүүр, шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр “Хуашин констракшн Монгол” компанийн захирлын гарын үсгийг дууриалган зурсан нь тогтоогдсон гэж Хуулийн сайд мэдээлсэн. Хуурамч, эсхүл дууриалгасан гэдэг дүгнэлт гараагүй. Мөн улсын бүртгэлийн байгууллага хэд хэдэн үндэслэлийн дагуу бүртгэл хийхийг хориглодог. Бидний тухайн үед гаргасан хүсэлт хуулийн дагуу бичиг баримтын бүтэн бүрдэлтэй учраас бүртгэл хийгдсэн гэдгийг албан ёсоор хэлье. Сайд 2015 онд хийгдсэн бүртгэлийг буруутгахдаа 2017 онд шинэчлэгдэн батлагдсан хуулиар буруутгаж байгаа. Тухайлбал, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тэмдэглэл байхгүй байсан тухай ярьдаг. Гэтэл “Хуашин” компани анхнаасаа нэг хүний эзэмшлийнх байсан. Тиймээс шийдвэр, итгэмжлэл гаргаж болно. Харин тэмдэглэл гарахгүй. Аль ч хуулиар 11 шаардлага гэх зүйл байхгүй" гэжээ. 

Дэлгэрэнгүйг: С.Саруултөгөлдөр: Маргааныг гэрээний дагуу Хонгконгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлж байгаа (polit.mn)

Эх сурвалж:www.polit.mn