С.УЯНГА

 

Байгаль дэлхийн “ааш араншин" хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг хүн төрөлхтөн биеэрээ мэдэрч, буй бүхнээрээ төлөх эмзэг цаг үе хаяанд ирээд удлаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэдгийг дэлхий нийт, НҮБ одоогоос 3-4 жилийн өмнө онцгойлон анхааруулж байв. Тэр дунд Монгол Улс анхаарлын “улаан тэмдэг”-тэй байгаа талаар “Зууны мэдээ” сонин “Эх дэлхийн түгшүүрийн дохио: Уур амьсгалын өөрчлөлт” цуврал нийтлэл бичиж байгаа.  Монголд сүүлийн 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Үүний  45 жилд нь хүйтэн өдрийн тоо 15 хоногоор буурч, халуун өдөр 24 хоногоор нэмэгдэж, хуурайших хандлагатай байна. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орон болох шалтгааныг харуулж байна. Харин хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурчээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй харьцуулахад бараг төрөл зүйл бүрээрээ хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм.

Нэг үгээр бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд орж гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч, байгалийн осол гамшиг өмнөхөөс хэд дахин нэмэгдэж байгааг шинжлэх ухаан аль хэдийнэ баталчихаад байгаа юм. Нэг л дэлхий дээр оршиж буйн хувьд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг аваад даруй 10-20 жил болжээ. Бүр 30 гаруй жилийн өмнөөс арга хэмжээ авч эхэлсэн орнууд ч бий. Тухайлбал, сайд дарга, эрдэмтэн, экспертүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглалын хэмжээний эрх мэдэл, өргөн цар хүрээтэй бүтэцтэй. Тусгай комисс, салбар хороод ажилладаг. Одоогийн байдлаар 35 орон уур амьсгалын өөрчлөлтийн суурь хуультайгаас 16 нь Европын улсууд байна. Тухайлбал, Пакистан уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай зөвлөлтэй. Зөвлөлд ихэнх яамны сайд, орон нутгийн амбан сайд нар мөн нэмэлтээр 30 орчим төлөөллийг худалдаа аж үйлдвэрийн тэнхим, төрийн бус байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, шинжээчид, боловсролын салбараас оруулдаг. Ингэхдээ албаны дарга болон гишүүд нь тухайн салбартаа дор хаяж 15 жилийн туршлагатай эрдэмтэд, академичид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид, үйлдвэр эрхлэгчид, хөдөө аж ахуй эрхлэгчид байх бөгөөд Ерөнхий сайд нь томилдог байна. Гэтэл Монгол Улс дэлхийн нийтийн  хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн  буюу 0.09 хувийг эзлэх боловч, нэг хүнд ноогдох нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байгаа юм. Мөн газар зүйн байршлын онцлогоор уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй хамгийн эмзэг орны тоонд орж буй учраас анхаарлын гадна орхино гэдэг байж болшгүй үйлдэл. Ийнхүү манай улс хор хохирлыг нь адилхан амсаж, бүр хамгийн эмзэг болчихоод байгаа хэрнээ сааруулах чиглэлд төдийлөн сайн анхаарсангүй. Ойлголт, мэдлэг ч дутуу дулимаг байгаа нь судалгаа бүрээс харагдаж байна. Үндсэндээ хууль, бодлого, стратеги, төлөвлөлттэй уялдуулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин тодорхой бус, ойлгомжгүй. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий байгааг мартаж орхисон гэлтэй. Өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон тооны бодлогын баримт бичгүүдийг салбар бүрд гаргасан боловч хэрэгжилтийг үнэлсэн, үнэлгээнд тулгуурлаж санал, дүгнэлт, зөвлөмж гаргасан тайлан, судалгаа маш цөөн.

2011 онд УИХ-аас баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр 10 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжээд 2021 онд дууссан. Гэтэл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, түүнээс сургамж авах, цаашид анхаарах асуудлын талаарх тайлан, илтгэл одоогийн байдлаар байхгүй гэдгийг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагын тандсан судалгааны тайланд дурджээ. Үүгээр зогсохгүй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бие даасан хууль байхгүйгээс нэр томьёонуудыг ч нэгдсэн байдлаар тодорхойлоогүй учраас хууль зүйн хувьд нэршил, агуулгын зөрүүтэй байгааг олон улсын судалгаа анхаарууллаа. Үндэсний хороо зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ганц хоёр байгууллага байгаа ч ажиллах журам, гаргах шийдвэр, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй. Зарим нь татан буугдсан байх жишээтэй. Үндсэндээ Монголд уур амьсгалын өөрчлөлтийг дагнан хариуцсан мэргэжлийн байгууллага, судалгаа шинжилгээ, эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг алга. Суурь хуульгүйн улмаас бодлогын баримт бичигт оруулсан үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэх хуулийн шаардлага байхгүй, хуулийн дагуу албадан хэрэгжүүлэх бололцоо муутай. Өөрөөр хэлбэл, тухайлсан зориулалтын сан, төсөвлөсөн хөрөнгөгүй үлдэж төлөвлөсөн ажлууд санхүүжилтгүй болдог, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дангаар хариуцах үндэсний хэмжээний байгууллага үүсдэггүй. Үүнээс улбаалж улс төрийн дэмжлэггүй орхигдож бусад салбарын яамд, агентлагууд хэрэгжилтийн явцад оролцдоггүй, дэмждэггүй гээд олон сул талтай гэдгийг судалгаанууд харуулдаг.

Тэгвэл монголчуудын хаяанд тулж ирж, хаалгыг тогшиж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар бид өөрсдөө ямар мэдлэг ойлголттой байгааг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс хамгийн сүүлд үндэсний хэмжээнд судлаад байгаа юм. Судалгааг 2804 иргэнээс мэдээллийг асуулгын аргаар цуглуулж, фокус бүлгийн ярилцлагыг 65, ганцаарчилсан ярилцлагыг олон салбарын төлөөлөл болох 49 хүнтэй хийсэн байна. Уг судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүд, малчид зэрэг эмзэг бүлгийнхэн уур амьсгалын нөлөөлөлд өртөх өндөр эрсдэлтэй байгааг онцолжээ.

Судалгаанд оролцсон иргэдийн 67.3 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонссон гэж хариулсан бол тал хувь нь сүүлийн 10 жилд тэдний амьдрал, амьжиргаанд нөлөөлсөн гэжээ. Гэсэн хэдий ч хот, хөдөөгийн аль алинд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал тааруу байгааг судалгааны баг онцолжээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын ердөө 23.6 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгээ хангалттай гэж үнэлж, 6.8 хувь нь аж үйлдвэржсэн орнууд нөлөөлж байгаа тухай дурдсан байна. Харин таван хүн тутмын нэг нь уур амьсгалын өөрчлөлт бол далдын хүч, байгаль эх шийтгэж буй дохио гэж үзэж байгаагаас монголчуудын мэдлэг ойлголт ямар байгааг харж болох юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь ноцтой асуудал болохыг Монголчууд ухамсарлаж байгаа бөгөөд судалгаанд оролцогчдын 92.7% нь уг асуудалд санаа зовниж, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр (85.1%) энэ талаар илүү их мэдээлэл авах сонирхлоо илэрхийлжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчид уур амьсгалын өөрчлөлтийг ноцтой асуудал мөн гэж үзэн, санаа зовниж байгаа хэдий ч, өөрсдөөс нь хамааралгүй хол болж байгаа зүйл гэж үзэх хандлага хүчтэй байсан гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байв. Тиймээс, хүн амын ихэнх нь байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй урт хугацааны бусад нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалахын тулд идэвхтэй эрэл хайгуул хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй. Энэ нь Монголчуудад өөрийгөө, өрх гэрээ, олон нийтийг хамгаалахад шаардлагатай мэдлэг дутмаг байгааг харуулж байна.

Хүйсээс хамаарсан зарим ялгаа ажиглагдсан ч статистикийн хувьд ач холбогдолгүй гэж үзжээ. Жишээлбэл,18-24 насны залуучууд бусад насныхантай харьцуулахад “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн нэр томьёог илүү сонсож, уур амьсгал өөрчлөгдөж байгаад илүү итгэж байна. Гэхдээ, тэд хамгийн бага санаа зовж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх нэмэлт мэдлэг, ур чадвар эзэмших сонирхол бага байна. Тун бага хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг улс орны тулгамдсан асуудал гэж үзэж байна. Энэ нь тэднийг улс орны бодлогод нөлөөлөх дараа үеийн сонгогчид болохынх нь хувьд онцолж, хандлагыг нь өөрчлөх чухал шаардлага байгааг харуулж байна гэдгийг дурджээ.

Тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврын талаарх мэдлэг бага, дэлхий дахин болон Монголд уур амьсгалын өөрчлөлт болохгүй гэдэгт итгэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)