Б.НЯМСҮРЭН
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг гол үүрэг бол аливаад шүүлтүүртэй ханддаг уншигч, үзэгчдийг бэлтгэх хэмээн орчин үед тодорхойлох болсон. Олон улсад Media and Information Literacy (MIL) хэмээн томъёолдог энэхүү хэрэглэгчдийн суурь боловсролын асуудал манай улсад ямар төвшинд байна вэ гэдэгт голлон анхаарсан “Сэтгүүл зүйн хувьсал бэрхшээл, боломж” нэртэй хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн байранд боллоо.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний зөвлөл, Монголын Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд сонин, телевиз, сайт, радио гээд Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд оролцож, салбартаа тулгамдаад байгаа бэрхшээл, асуудал боломжийн талаар “тогоон дотроо” хэлэлцэв.
Энэ үеэр “Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн нөхцөл байдал” сэдвээр судалгаа хийснээ Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач багш, доктор З.Энхбаяр танилцуулсан нь анхаарал татаж байлаа.
XXI зуун бол мэдээллийн, технологийн зуун гэж бид ярьдаг. Гэвч асар хурднаар мэдээллийг хүлээн авч байгаа нь технологийн давуу тал ч нөгөө талаар мэдээлэлд төөрөлдөх, дүн шинжилгээ хийх завдалгүй мэдээлэлд “бөмбөгдүүлэх” эргээд авч байгаа мэдээлэлдээ анализ хийх боломжгүй болох зэргээр технологийн эрин бидэнд сайн муу талаа аль алиныг нь харуулаад эхэлсэн.
Дэлхий нийтээр нэг минут буюу 60 секундэд фэйсбүүкд 11035 мэдээлэл ордог бол твиттерт 300 мянган мэдээлэл ордог. Энэ их мэдээллийн урсгалаас хэрэгтэйгээ сонгон авах, мэдээллээ зөв бурууг нь ялга боломж нөхцөл тэр бүр байдаггүй. Ялангуяа монголын иргэдийн хувьд дөнгөж есөн хувь нь авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй ханддаг бол олонх нь цахим орчинд хүлээж авсан мэдээллээ нягтлалгүйгээр цааш түгээдэг, дамжуулдаг талаар судлаач З.Энхбаяр онцолж байлаа. Мөн тэрбээр, “Хүмүүс аливаа асуудалд шүүлтүүртэй хандахыг бүх асуудлыг шүүмжлэх гэж ойлгодог. Тиймээс аливаа асуудлыг аль болох шүүмжлэх нь сайн гэж андуурах хандлагатай байна” гэсэн юм.
Орчин үед хүмүүс мэдээллийн 95 хувийг гар утсаараа авдаг. Өөрөөр хэлбэл, бидний мэддэг сонин, ТВ, радио зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүссэн хүсээгүй цахим сэтгүүл зүйтэй хослон хөгжихөөс өөр гарц үгүй болсон. Харин энэхүү цахим сэтгүүл зүйн хурдтай цаг үед чанартай бүтээл хийх, бүтээсэн контентоо хүмүүст хүргэх, цаашлаад хэрэгцээтэй мэдээллийг түгээх нь сэтгүүл зүйн салбарын томоохон асуудал болсон тухай энэ зөвлөгөөний гол хэсэг болох “Цахим эрин үеийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр олон хүн санал нэгдэж байв.
“Чанартай, шүүлтүүртэй ханддаг, боловсролтой уншигч үзэгчдээ бэлтгэхийн өмнө сэтгүүлчид өөрсдөө мэдрэмжтэй, боловсролтой болох шаардлагатай” хэмээн ахмад сэтгүүлч, багш Н.Дариймаа ярив. Тэрбээр мөн сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиуд сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйд анхаарал хандуулж, тусгайлан хичээл ордог ч практикт ёс зүйн зөрчил ихээр гарч байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч илэрхийлж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцон төлөөлөгчид олонх нь мэргэжлийн ёс зүйгээ баримталсан редакцын бэлтгэн нийлүүлж байгаа мэдээлэл үнэ цэнээ алдахгүй, цаашид ч хэрэглэгчид нэмэгдсээр байна хэмээн үзэж байгаагаа ярьсан бол сэтгүүлчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хүний эрх, цаг үеийн мэдрэмжийг дээшлүүлэхэд мэргэжлийн сургуулийн багш нар анхаарах шаардлагатай талаар шүүмжилж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд “Дани улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” сэдвээр сэтгүүл зүйн олон улсын зөвлөх Йорген Рингаард илтгэлээ тавьсан бол Хэвлэлийн хүрээлэнгийн захирал доктор М.Мөнхмандах “Цахим технологи сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Мөн зөвлөгөөний үеэр “Хил Хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын бүс нутгийн мэргэжилтэн Лянвэй Хуан онлайнаар оролцож, “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” олон улсын санаачилгад Монголын сэтгүүлчид хэрхэн оролцох боломжтой талаар мэдээлэл өгсөн юм. Одоогоор Монгол Улсаас 13 хэвлэл мэдээллийн байгууллага энэ санаачилгад нэгдээд байгаа бөгөөд дэлхий даяар нийтдээ 1300 орчим хэвлэл мэдээллийн байгуулллага нэгджээ. Санаачилгад нэгдсэнээр уншигч үзэгчдэд баталгаатай найдвартай эх сурвалж гэдгээ батлах, олон улсын сертификат авах, зар сурталчилгааны орлого өсөх, дэлхийн хэмжээний байгууллага, компаниудтай хамтран ажиллах зэрэг өргөн боломж нээгдэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)