Р.ОЮУН

Хэвлэлийн хүрээлэнгээс ЮНЕСКО-гийн Олон улсын харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Хэвлэл мэдээллийн хэрэглэгч ба Сэтгүүл зүйн хувьсал: Сэтгүүл зүйн бэрхшээл, боломж" сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны уулзалтыг зохион байгууллаа. Тоон технологийн дэвшил сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлж буй ялангуяа, хэвлэл мэдээллийн байгууллага болон хэрэглэгчдийн харилцаа хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар ярилцсан юм. Түүнчлэн шинээр бий болсон мэдээллийн орчинд сэтгүүл зүйн салбар итгэл үнэмшлээ хадгалах, сайжруулах зарим боломж, чиг хандлагын талаар хэлэлцлээ. Мөн 2019 онд Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулан гаргасан ISO төрлийн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулав.

"Хэвлэл мэдээллийн хэрэглэгч ба Сэтгүүл зүйн хувьсал: Сэтгүүл зүйн бэрхшээл, боломж" сэдэвт хэвлэл мэдээллийн удирдах ажилтны уулзалт, хөтөлбөрийг нээж Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах үг хэллээ.

Энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач багш З.Энхбаяр "Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл тавилаа. 

"Хэвлэл мэдээллийн хэрэглэгч ба Сэтгүүл зүйн хувьсал: Цахим эрин үеийн тулгамдсан асуудал"-аар хэлэлцүүлэг явуулсан бөгөөд чиглүүлэгчээр нь "Зууны мэдээ" сонины тоймч Б.Нямсүрэн ажилласан юм. 

"Хил хязгаагүй сурвалжлагчид" байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулан гаргасан ISO төрлийн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн гол шалгуурт тулгуурласан Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга нь мэдээ бэлтгэх явцын ил тод байдал, мэргэжлийн хэм хэмжээ, эргэх харицлагын механизмыг баримталдаг. Үүнд өөрийгөө үнэлэх, ил тод болгох, гуравдагч этгээдийн бие даасан аудит хийх сонголт бүхий цогц тогтолцоо багтдаг бөгөөд байгууллагуудыг Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын гэрчилгээ авах боломж олгодог байна. Санаачилгыг нэвтрүүлснээс хойш Канадын радио, Швейцарын инфо, Францын телевизүүд, СВС гэсэн 85 орны 1200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл дотооддоо хяналт хийжээ. Үүнээс 175 нь Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга ил тод байдлын тайлангаар дамжуулан өөрийн үнэлгээг сайн дураар ил тод болгосон. Харин 31 нь хөндлөнгийн аудитаар Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын гэрчилгээ авсан аж. Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга нь дотооддоо хяналт шинжилгээ хийх, дагаж мөрдөх механизм, ил тод, эргэх хариуцлагатай байдлыг дэмжиж платформ хэлбэрээр ажилладаг байна. Мөн мэдээллийн гол бүх оролцогч талуудыг татан оролцуулснаар хэвлэл мэдээллийн эрүүл орчныг бүрдүүлэх, олон нийтийн найдвартай, итгэл хүлээсэн мэдээлэл авах эрхийг хангахад хувь нэмэр оруулах ажээ.   

Эх сурвалж www.zms.mn