Баатарын НЯМСҮРЭН

Гоёмсог цэцэг, чамин ууттай бэлэг барьсан залуус хотын гудамжаар алхана. Зарим нь  хаа нэгтээ инээмсэглэл тодруулан яарах нь содон. Бид жил бүрийн хоёрдугаар сарын 14-нийг гэгээн хайрын буюу Валентины баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Хосууд энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгч нандин дурсамжийг бүтээдэг. Тэд нэгэндээ чин сэтгэлийн үгээ илэрхийлэхээс гадна бэлэг барьж, догдлол дүүрэн өнгөрүүлэх нь бий. Мөн энэхүү баяр зарим хүмүүст өнгөрсөн түүхийг нь сануулж, гуниг төрүүлдэг ч байж мэднэ.

Хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг.

 

Залуус цагаан болон улаан сарнай худалдан авч байна

Гэгээн валентины өдрийг албан ёсоор тэмдэглэх зарлигийг  Английн Хенри хаан 1537 онд гаргажээ. 

Цэцгийн дэлгүүрүүд хөл ихтэй угтлаа. Залуус хайртай бүсгүй, эхнэртээ цэцэг сонгож байв. Ихэвчлэн аз жаргалын бэлгэдэл болсон цэцгийг худалдан авч байгааг худалдааны зөвлөх бүсгүй онцолж байсан юм. Цэцэг бүхэн өөрийн  бэлгэдэлтэй. Хүний төрсөн өдөр, төөрөгт  тохирсон цэцэг гэж бий. Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлдэг байж. Одоо ч энэхүү соёл хуучраагүй байна. Улаан болон цагаан сарнайн баглаа тэврэн дэлгүүрээс гарах залуусын инээмсэглэл, цэцгийн анхилам үнэр нь сэтгэл сэргээж таатай мэдрэмж төрүүлнэ. Цагаан сарнай нь гэнэн цайлган,  цэвэр ариун байдлыг илтгэдэг байна. Мөн энэ цэцэг нэр алдар, хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болдог ажээ. Харин улаан сарнай хайр дурлалын бэлгэдэл болсоор ирсэн. Эрт үеэс хүмүүс хайртай хүндээ өгдөг байсан нь "Би чамд хайртай" гэсэн үгийг илтгэдэг ажээ. Сонирхуулахад 2024 оны эхний нэг сард 175.0 мянган ам долларын  317.270 ширхэг амьд цэцэг, 69.9 мянган ам долларын  127.205 ширхэг сарнай имтортоор орж ирсэн байна. Харин цэцгийн төрөлжсөн худалдааны төвд баглаа цэцгийн үнэ 35000-аас эхэлж байлаа. Мөн чихмэл тоглоом, улаан вино тэргүүтэй бэлгийн багцууд худалдаанд гарчээ. Ажлын онцлогоос шалтгаалан хүргэлтээр цэцэг, бэлэг захиалах хүн их байгаа гэдгийг худалдааны зөвлөхүүд хэлсэн юм. Мөн дэлгүүрүүдэд чихрийн баглаа, гоёмсог бэлэг дурсгалын бэлэг сонгох хүн цөөнгүй байна.

 

Оюунлаг бэлгийн багц

 

Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 35 сая хувь борлогддог аж.

Хүн бүрийн хүсэл сонирхол харилцан адилгүй. Цэцгэнд дуртай нэгэн байхад ном унших дуртай хүн байх. Тиймээс томоохон номын дэлгүүрүүдээр зочиллоо. “Аз хур” гэхэд хайрын сэдэвтэй номнуудын багц, сонирхол татам эрхийн бичиг, амтат шоколад  гаргажээ. Нийт есөн багц гаргасан бөгөөд тус бүрийг 28000 төгрөгөөр худалдаалж байв. Хоёрдугаар сарын 14-ны өдрийг дэлхийн ном бэлэглэдэг өдөр болгон зарлажээ. Энэ үеэр нэгэн бүсгүй дурлалт залуудаа ном бэлэглэхээр худалдан авалт хийж байгаатай таарсан юм. Оюунлаг бэлэг сонгох нь үр өгөөжтэй гэдгийг тэрбээр онцолж байлаа.

 

Нас насны төлөөллүүдээс Валентиний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухайг нь сонирхлоо.

 

Z  үеийн төлөөлөл Б.Ариунцэцэг: Гэгээн хайрын баярыг анх удаа тэмдэглэнэ

 

-Жилийн бүрийн энэ өдөр хосууд нэгэндээ бэлэг өгч, цагийг дурсамжтай  өнгөрүүлдэг байх. Ялангуяа хайртайгаа уулзаж кино үзэж, чөлөөт цагаа зарцуулах нь бий. Хосуудын баяр гэдгээр нь хүмүүс хүлээн авч тэмдэглэж байгаа нь нэг талаараа сайшаалтай. Тиймээс мартахын аргагүй нандин дурсамж мөнхлөхийг чухалчилдаг болов уу. Миний хувьд энэ тэмдэглэлт баярыг хайртай хүнтэйгээ дурсамжтай өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Хичээлээ тараад гоё бэлэг авч хайртай залуудаа бэлэглэнэ. Өмнө жилүүдэд найз залуугүй байсан учраас тэмдэглэж байгаагүй. Энэ жил гэгээн хайрын өдрийг анх удаа тэмдэглэх гэж байгаа учраас догдолж байна. Энэ үдэш амьдралын минь үнэ цэнтэй,  дурсамж болж үлдэнэ гэдэгт итгэж байна.

 

Б.Чойжамц:  Жил бүрийн валентинаар эргүүлд гардаг

-Миний хувьд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад жил бүрийн валентинаар эргүүлд гараад оройдоо гэртээ харьдаг. Баярын нандин дурсамжийг бүтээх тохиолдол ховор байдаг гэж ойлгож болно. Ер нь эргээд бодоход зорьж тэмдэглэсэн нь цөөн юм. Хүн бүрийн сонирхол үзэл бодол харилцан адилгүй. Миний хувьд аливаа баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэггүй л дээ. 

 

Б.Алтан-Алим: Гадуур болзохоор төлөвлөсөн

-Гэр бүлийнхээ хүрээнд ач холбогдол өгч тэмдэглэдэг. Баяр бүхэн хүний амьдралд мартахын аргагүй дурсамж болно гэдэгт итгэдэг. Энэ удаагийн баярыг гадуур болзож тэмдэглэхээр төлөвлөсөн. Хайртай хүндээ чин сэтгэлээсээ бэлэг бэлдэж өгөх нь эерэг энерги  түгээдэг гэж боддог. Амьдралын үргэлжлэл болсон хүүдээ ч би үүнийг захидаг. Найз охиноо баярлуулж байхыг, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалаар үлгэрлэхийг хичээдэг шүү.

 

Нэгэн дээвэр дор нэгдэж, нэг зорилгын төлөө хичээж буй хосуудыг урьж амьдралынх нь сонирхолтой түүхээс хуваалцсанаа хүргэе.

 

“Мооn dance” хамтлагийн гишүүн О.Эрдэнэ-Очир: Өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээдэг

-Бидний хувьд валентины баяраар нэгэндээ шоколад бэлэглэж, идэх дуртай хоолыг нь  хийж өгдөг уламжлалтай. Гэхдээ зарим үед гэгээн хайрын баяраар тоглолттой үе таарах нь цөөнгүй. Зөвхөн хайрын баяр бус өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээдэг. Энэ удаагийн валентинаар хайртдаа тусгай бэлэг өгөхөөр бэлдсэн. Мэдээж шоколадаа дагуулна. Б.Халиун маань 2014 оноос манай хамтлагт элссэн. Бидний хайрын түүх “Moon dance” хамтлагаас эхлэлтэй. Бид ижилхэн мэргэжилтэй учраас үргэлж хамт байж, нэгнийгээ нөхөж, ойлгож дэмждэг. Жаргал зовлонгоо мэддэг учраас ямар ч  үеийг хамтдаа даваад гардаг. Бидэнд амьдралын олон сайхан дурсамж бий. ДАШТ-д хамтдаа бүжиглэж байсан дурсамжиндаа хайртай. Тус тэмцээнд найман жил хамтдаа оролцсон байдаг. Манай гэр бүлийн зарчим гэвэл сонгосон мэргэжилдээ үнэнч байхыг чухалчилдаг. Мөн залуу хосуудад зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Залуу гэр бүлүүд амьдралын бүх үеэ үргэлж аз жаргалтай байхаар төсөөлдөг байж мэднэ. Гэхдээ дунд нь олон зүйлийг давж гарах сорилт тулгарна. Болохгүй зүйл гэж байдаггүй, аливааг ярилцаад давж гарах нь чухал.

 

Хайр аз жаргалыг мэдрүүлдэг шидтэй

-Намайг Б.Ойдовчимэд гэдэг. Сэтгэлзүйч мэргэжилтэй, мөн жүдо бөхийн тамирчин. Бяцхан гүнжийн ээж, сайхан залуугийн эхнэр болоод багагүй хугацааг үджээ. Ханийг минь Б.Цогт-Очир гэдэг. Жүдо бөхийн ОУХМ цолтой, үндэсний шигшээ багийн тамирчин. Бид тамирчны замналаас амьдралаа эхлүүлж байлаа. Азийн хүүхдийн их наадамд оролцохоор хамтарсан бэлтгэл хийж байхдаа нэгнээ харсан. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сараас үерхэж эхэлсэн. Бид гурван жилийн дараа гал голомтоо бадрааж хуримаа хийсэн. Би ханийнхаа даруухан зан,  тайван байдал, хүн болгоныг хүндэлж харьцдаг сайхан чанарт нь татагддаг. Хайр гэдэг аз жаргалыг мэдрүүлдэг шидтэй. Ядарсан, шантарсан,  мөнгөгүй, ямар ч саад бэрхшээл тохиолдсон хайртай хүнийхээ хажууд байхад даваад гардаг гэдгийг сүүлийн үед их ойлгож байна. Сайхан харилцаагаа авч үлдэхийн тулд бид ярилцаж ойлголцдог. Намайг байгаагаар минь хүлээн авч, дутууг минь дүүргэдэг нь миний хайр. Гэгээн хайрын баярыг хамтдаа байхдаа дурсамжтай өнгөрүүлэхийг хичээдэг. Тамирчин хүн гэртээ байх нь ховор байнгын бэлтгэл сургуулилттай. Энэ удаагийн валентинаар хол байна. Хань минь жүдогийн бэлтгэлдээ гарсан.

 

Мөрдэс нэгтэй хосууд

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ЗХБТ-ын зөрчлийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энх-Амгалан

-Миний ханийг С.Золзаяа гэдэг.  Монгол Улсын Зэвсэгт хүчинд ажилладаг.  Бид танилцаж, гэр бүл болоод 10 орчим жил болжээ.  Анх ханийгаа хараад л дурласан. Нүд хөмсөг нь их таалагдаж байсан.   Золзаяа гээд нэрээ хэлээд танилцахад нь яагаад ч юм таньдаг болох юм шиг мэдрэмж төрж байсан юм. Мөн миний аав цэргийн хүн байсан учраас цэргийн дүрэмт хувцас нь цаанаа л нэг дотно мэдрэмж төрүүлдэг.  Манай гэр бүлийн хувьд гэгээн хайрын баярыг гэр бүлээрээ өнгөрүүлэх дуртай.  Хүүхдүүддээ аав ээж нь яаж танилцсан тухайгаа ярьж өгч, аль болох дурсамж бүтээхийг хичээдэг дээ.   Хайрын тухай гэвэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ хүндэлж ойлгох сэтгэл, ухаарал юм даа.  Мөн бид мөрдэс нэгтэй учраас бие биенийгээ илүү ойлгож дэмждэг.  Ханьдаа гэгээн хайрын өдрийн баярын мэнд хүргэе.

 

Монголд 2024 оны хоёрдугаар сарын 14-ны өдрийн байдлаар Валентин нэртэй гурван хүн, Гэгээнхайр нэртэй хоёр хүн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7274)