Баатарын НЯМСҮРЭН

 

Өнгөрөгч туулай  жилийн шилдэг өгүүллэгээр зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Гэргий” бүтээл шалгарсан. Түүнтэй зохиол бүтээлийнх нь тухай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

 

-Туулай жилийн шилдэг өгүүллэгээр “Гэргий” бүтээл тань шалгарлаа. Олон зохиолчийн бүтээлээс онцгойрч чадлаа?

-Миний “Гэргий” өгүүллэг олон  уншигчийн таалалд нийцэж шилдгээр шалгарсанд баяртай байна. Би тус бүтээлээ өнгөрсөн оны аравдугаар сард бичсэн. Сүүлийн үед анзаараад байхад хүмүүс адал явдал, атаа хорсол агуулсан зохиолыг уншаад байх шиг. Гэхдээ сайхан сэтгэл, гэгээн зүйлийг бичиж уншигчийн бодол санааг дагуулах нь зохиолч хүний үүрэг юм шүү. Энэ нь хожим тустай ч байж мэднэ. Хүний сайхан сэтгэл, сайн үйлийн хариу эргэж ирдэг гэдэгт би итгэдэг. 

-Та өмнө нь оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд оролцож байсан санагдаж байна?

-Дөрвөн жилийн өмнө буюу хулгана жилийн тэргүүн номоор “Хавт Хасар” роман маань шалгарч байлаа.  Харин энэ удаа өгүүллэг минь шалгарсан нь бас л сайхан тохиол. Энэхүү уралдаанд зориулж “MNC” телевиз бүтэн жилийн турш шинэ номын зохиогч нартай уулзаж, бүтээлийнх нь тухай үзэгч олонд танилцуулдаг. Ингээд дараагийн жил гарахаас өмнө МЗЭ-тэй хамтарч шалгаруулалтаа шударгаар явуулдаг журамтай.

-Таныг хүмүүс зохиолоо уламжлалт арга барилаар бичдэг гэж үнэлдэг юм билээ. “Хавт хасар” роман нь түүхэн сэдвээр бичигдсэн байх аа?

-“Хавт Хасар” түүхэн романыг бичихдээ тухайн үеийн түүхийн эх сурвалжуудтай он цагийн уялдааг тулгаж бичсэн. Хаан эзэн болох Тэмүүжиний төрсөн дүү Хавт мэргэн Хасарын тухай уран зохиолын арга барилаар туурвисан гэж ойлгож болно. Хаан төрийн тулах нэг багана, харвалга  мэргэн Хасарын ээдрээт амьдрал, эзэн төрдөө, элгэн садандаа ямар их хайртай байсныг гаргахыг зорьсон минь энэ. Мөн тухайн цаг үед амьдарч байсан Тоорил хаан, Гүр хаан Жамухын тухай бичсэн түүхэн сэдэвтэй бүтээл болсон.

-Та өнгөрсөн хугацаанд багагүй бүтээл уншигчдадаа хүргэсэн. Зохиол бүтээлдээ ямар зарчим баримталж байна?

-Би 400 гаруй өгүүллэг, 10 гаруй тууж, найман роман бичжээ. Эдгээр бүтээлдээ монгол ахуй болон мартагдаж буй ёс заншил, үг хэллэгийг сэргээн судалж оруулахыг хичээдэг. Мөн зохиолоо сонирхолтой, үйл явдлын хэлхээсийг нь алдалгүй бичихийг чухалчилсаар ирсэн.

-Тэгвэл таны бодлоор сайн бүтээл ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Миний бодлоор хамгийн их борлуулалттай, олны дунд шуугиан дэгдээсэн ном бүр чанартай байдаггүй. Харин тухайн зохиолоос уншигчид эргэж бодох бодол төрж, сайн зүг рүү тэмүүлэх хүсэл, сэтгэлийн яруусал авах учиртай. Гэхдээ энэ нь бурхны дуулал биш. Харуусал харамсал ч хүнийг хүмүүжүүлэх нөлөөтэй. Ер нь зохиолын үйл явдлын зангилаа, эргэлтүүдийг нь төөрөгдөлгүй гаргах гэсэн санаагаа алдахгүй байх нь чухал.

-Сайн бүтээл төрөхөд олон зүйл нөлөөлдөг байх. Зохиолч нарт дэмжлэг хэр байдаг вэ?

-Бидний бүтээлийг дэмжих төрийн бодлого дутагдаж байна. Уншигч нь байвал тэр бүтээл сайн гэсэн ойлголт утгагүй мэт. Гэхдээ зохиолч бүрийн сэтгэл, авьяас шингэсэн учраас хүндэтгэлтэй хандах нь зөв. Төрөөс зохиол туурвилыг дэмжихдээ тодорхой цензурь тавих хэрэгтэй. Татвараас чөлөөлвөл зохистой санагддаг. Тухайлбал, зохиолчид номоо дэлгүүрт тавихад 30 хувиа өгөөд татвараа төлнө. Ер нь өндөр настны тэтгэвэрт гарахдаа авсан цалин, ажилласан жилгүй зохиолчид олширсон доо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7274)