П.АМГАЛАН

 

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл  мөрөөдөл, авьяас билэг,  энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Намур”  урлангийн багш Т.Маралгоо болон түүний авьяаслаг шавь нарыг онцоллоо.

 

-Багш бүрийн хичээлийн арга барил ялгаатай байдаг. Таны хувьд зургийн хичээлээрээ дамжуулж хүүхдүүддээ ямар чадвар эзэмшүүлэхийг зорьдог вэ?

-Хүүхдийн онцлог сонирхлоос хамаарна. Хүүхэд юу үзэж хардаг юу сонирхдог түүнийгээ үнэнээр зурдаг. Тийм болохоор тухайн хүүхдийн дотоод мэдрэмж, сонирхол, өөрийн гэсэн онцгой байдлыг хөгжүүлж зургаар дамжуулж түүнийгээ чөлөөтэй илэрхийлэхэд нь чиглэж ажилладаг. Хүүхэд болгон зураач болох албагүй зүгээр л зурах дуртай хүүхэд гэж байдаг. Бас хүүхдүүд зураг зурах үедээ тухайн өнгө будгийн ялгаа зураас гээд бясалгаж төвлөрөх дуртай байдаг. Мөн сэтгэл зүйн байдлаа зургаар илэрхийлдэг. Ухамсаргүйгээр ямар нэгэн дүрэмгүйгээр шууд зурдаг  нь хүүхдийн хамгийн том давуу тал болдог.Тийм болохоор би хүүхдийг  өөрийнх  нь  хүслээр зуруулдаг.

-Зураг зурах нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?

-Наснаасаа хамаараад өөр, өөр арга барилд шилждэг. Жишээлбэл, ганцхан машин зурж чаддаг хүүхэд байлаа гэхэд тухайн машины нэмэлт хэсгүүд мөн орчин уул, ус, шувуу, хүн, амьтан, хүрээлэл зэргийг нэмж зуруулдаг. Ингэснээр хүүхэд зурж чадахгүй байсан дүрүүдээ сурдаг.

Мөн зургаа утгажуулах тал дээр хүүхдэд тусламж хэрэгтэй болдог. Тиймээс тухайн хүүхдийн төсөөлөл дээр хамт ярилцаж цугтаа төсөөлдөг. Ингэснээр тухайн хүүхдэд ямар нэгэн санаа төрж, зургаа баяр хөөртэй зурж эхэлдэг. Энэ нэг ёсны хүүхдийг сэдэлжүүлэх арга барил юм.

-Шавь нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Огт авьяасгүй хүүхэд гэж байхгүй хамгийн гол нь хичээл зүтгэл, тууштай, хөдөлмөрч байж үргэлж тэр авьяасаа усалж тордож хайрлаж яваарай. Хязгааргүй мөрөөдөж, өөрийн бүтээлдээ хэлэх гэсэн үг үзэл бодлоо шингээж, мэдрэмжээ даралгүй үргэлж илэрхийлж байгаарай. Хүүхэд болгон бүтээлч байдаг, тиймээс ямар ч байдлаар түүнийгээ илэрхийлж болно. Эцэг эхчүүд минь хүүхдийнхээ тэр гайхамшигт ертөнцийг үргэлж хайрлаж байгаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 37, 38 (7533, 7534)