П.АМГАЛАНБАЯР
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Оюунлаг” сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Сандуй болон түүний шавь нарын бүтээлийг нь онцоллоо.
-Багш бүрийн хичээлийн арга барил ялгаатай байдаг. Таны хувьд зургийн хичээлээрээ дамжуулж хүүхдүүддээ ямар чадвар эзэмшүүлэхийг зорьдог вэ?
-“Оюунлаг” сургуульд зургийн багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ, аливаа зүйлийг харах өнцөг, өөрийнхөө бодол, зурж байгаа зургаа илэрхийлэхээс гадна зурах арга барил нь нэг түвшнээр ахисан гэж хардаг. Тиймээс хүүхдүүдийнхээ зураг зурах ур чадварт тулгуурлаад багшийн зүгээс хэрхэн илүү хөгжүүлж болох вэ гэдэг тал дээр илүү судалдаг. Эхлээд хүүхдүүдийнхээ зураг зурах дүрслэлийг баялаг болгохын тулд олон талын дүрүүдийг судлах, чадварыг өгнө гэсэн үг. Гэхдээ чөлөөтэй дүрслэх арга барилыг эзэмшүүлэхгүй бол хэт юманд баригдмал зурчихаар нийтлэг болж хувирах сул талтай. Ер нь хүүхдүүдийн зураг маань баригдмал чиглэл рүү орчих гээд байгаа нь анзаарагддаг. Тиймээс дүрслэлийг илүү чөлөөтэй, зохиомжийг нь хүссэнээрээ болгож өгснөөр хүүхдийн зураг хэмжээлшгүй, хязгааргүй орон зайтай, чөлөөтэй харагддаг. Дараа нь сонирхолтойгоор будах байдал руу шилжинэ. Будахдаа нэг өнгийг тэр чигээр нь будах биш илүү өвөрмөц болгохын тулд яах вэ гэдэг арга барилыг зааж өгдөг.
Бас хүүхдүүддээ ерөнхий зурах санаа зураг гэж самбар дээрээ зурж өгдөг. Өнөөдөр л гэхэд “Найзууд” гэсэн сэдэвт зураг зурсан. Ингэснээр хүүхдүүд өөрийнхөө зурж, зарим нь ерөнхий хэлбэрийг нь гаргаад өөрийнхөөрөө нэмээд баяжуулаад зурдаг.
-“Оюунлаг” сургуулийн зургийн хичээлийн онцлог юу вэ?
- Манай сургуулийн зургийн хичээлийн онцлог бий. Жишээлбэл, хотод амьдарч байгаа хүүхдүүд маань монгол ахуй амьдралаас холдож байна. Тиймээс хүүхдүүддээ дүрслэх урлагийн хичээлээр дамжуулан монгол ахуй соёлоо танилцуулахыг зорьдог.
Монгол Улсын маань өв соёл, ахуй амьдрал нь таван хошуу малаа түшиглэсэн байдаг. Эдгээрийг хүүхдүүддээ танилцуулж өгснөөр зурахдаа хүртэл монгол ахуй амьдралыг судалж, тодорхой хэмжээний ойлголтыг авдаг болов уу.Энэ сургалтын арга барил түгээмэл биш байх гэж бодож байна.

18 дахь удаагийн “Мөрөөдлийн машин” зургийн уралдаанд 2-р байр эзэлсэн бүтээлээс.
Би өөрийнхөө ирээдүйг төсөөлж зурсан. Гадаадаар аялангаа зургаа дарж буйгаар дүрсэлсэн юм. Миний мөрөөдөл сансрын нисгэгч болох.
Багшийн самбарт зурсан санааг төсөөлөлдөө ургуулаад “Солонгот бүжиг” зургаа зурсан. Энэ зургийг бүх талаас нь харах боломжтойгоороо онцлог. Би зураач болох мөрөөдөлтэй.
Өөрийнхөө чадах чинээгээр зургаа баяжуулж зурахыг хичээдэг.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (7525)