П.АМГАЛАН

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр  гээд гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа  “Амжилтын түүчээ” сургалтын төвийн зураг технологи, керамикийн багш Л.Давааням болон түүний шавь нар, бүтээлийг нь онцоллоо.

-Багш бүрийн хичээлийн арга барил ялгаатай байдаг. Таны хувьд зургийн хичээлээрээ дамжуулж хүүхдүүддээ ямар чадвар эзэмшүүлэхийг зорьдог вэ?

-Хүүхдүүдэд үндэсний өв соёл, бахархлыг  ойлгуулж, таниулахын тулд энэ сэдвээр зураг зуруулдаг.  Мөн орчин цагийн дизайн урлагийн өнгө болон дүрсийн мэдрэмжийг хүрээлэн буй орчинтойгоо уялдуулж зурах арга барилд сургах нь их чухал.

-Зураг зурах нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?

-Зураг зурж сурснаар хүүхдүүд  сууж сурна. Хүүхдүүдийн төлөвшилд сууж сурах хамгийн чухал. Мөн юмыг анхаарах, сонсох, төвлөрөх чадвар нь сайжирдаг. Ингэснээрээ хүүхэд сайн зураг зурна, шинжлэх ухааны бусад хичээлүүдэд ч сайн суралцах суурь тавигдана. Цаашлаад хүүхдэд өнгийн мэдрэмж, дүрсийн мэдрэмж, хүрээлэн байгаа орчин, Монгол үндэсний өв соёл, дэлхийн техникийн дэвшилтэй танилцаж, хандлага нь өөрчлөгдөх давуу талтай.

О.Эмүүжин /9 настай/
Миний зураг бол “Миний төрсөн өдрийн гэр бүл”-ийн зураг. Цонхоор нар, үүл, шувуу харагдаж байна. Аав, ээж хоёр зогсож байна, би сууж байна.
Г.Анхилуун /6 настай/
“Мөрөөдлийн цэцэг” гэдэг зураг. Цэцэгнүүд инээж, үүлнүүд ярьж байгаа. Эрвээхэй нисэж очиж байна.
Б.Ангараг /6 настай/
Миний зурсан цэцэгнүүд дуулж, бүжиглэж байгаа. Цэнхэр цэцэг унтаж байна. Зарим нь инээж байна. Үүлнээс бороо орж байна. Нар бас инээж байна. Би энэ зурагаа “Цэцэгсийн баяр” гэж нэрлэсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 34 (7530)