Баатарын НЯМСҮРЭН

 

Сар шинийн баярын өмнөхөн улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Далай одод трейд” компанийн захирал Т.Ишдалайтай ярилцлаа.

 

-“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр улсын аварга тариаланч хамт олон хэмээх эрхэм шагналын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой ажиллаж байгаа хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. Сар шинийн босгон дээр хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж “Улсын аварга тариаланч хамт олон” хэмээх эрхэм шагнал хүртсэндээ баяртай байна. Энэхүү баярт мэдээг сонсоод гайхах, баярлах давхацсан. Эхэндээ шагнал авах гэж байгаадаа  итгэхгүй байлаа. Биднийг шагнал авах гэж байгаа тухай цахим орчинд мэдээ явсан юм билээ. Үүнийг найзууд хараад эхнэр бид хоёрт хэлэхэд их баярласан. Ингээд сар шинийн өмнөхөн шагналыг нутгаас сонгогдсон их хурлын гишүүд гардууллаа. Шагналаа гардаж авахдаа ингээд л улсын аварга тариаланч хамт олон гэдэг шагналыг авдаг юм байна гэсэн бодол төрж баярласан.

-Өмнөх жилүүдийн газар тариалангийн салбарын аварга хамт олонтой харьцуулахад танай гэр бүл залуугаараа энэ шагналыг хүртжээ?

 -Эхнэр бид хоёр 31 насандаа эрхэм шагналыг авна гэдэг том хариуцлага болов уу. Анх сум орон нутагтаа үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлж дээшилж дэвжиж явах л зорилготой байсан. Энэхүү зорилго маань биеллээ оллоо. Одоо өмнө минь том хариуцлага хүлээж байна. Цаашдаа илүү их амжилтын төлөө хичээж ажиллана. Харин шагналын болзлоо биелүүлэхдээ сүүлийн 3-4 жилд тогтвортой ургац авсныг үнэлсэн байх. Манай “Далай одод трейд” компани Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2006 оноос хойш 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манайх үр тариа, ногоон тэжээл, төмс хүнсний ногоо, тосны ургамал тариалж ирсэн.

-Мэдээж газар тариалан эрхлэхэд нь олон хүний хөдөлмөр орно. Компанийн алсын зорилго нь юу вэ?

 -Би багаасаа хөдөө ажиллаж, амьдрах сонирхолтой байсан. Түүнийг маань аав ээж хоёр минь дэмжсэн. Ингээд газар тариалангийн салбар санал болгож, зааж зөвлөсөн. Оюутан болохдоо ч газар тариалангын чиглэлийг сонгож суралцсан. Манай  эхнэрийг Б.Баярмаа гэдэг. СУИС-ийг төгссөн. Бид газар тариалангийн  чиглэлээр  ажиллах шийдвэр гаргаж Өвөрхангай аймгийн Хархорин сумандаа суурьшаад байгаа.

Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа олон жил үр бүтээлтэй ажилласан. Талбайгаас авах ургацаа тогтмол нэмэгдүүлж ирлээ. Мөн техник тоног төхөөрөмжөө сайжруулж орон нутагт 100 гаруй ажлын байр бий болгосон. Хүн амыг чанартай хүнсээр хангах үүргээ сайн биелүүлж байгаа гэж боддог.  Цаашлаад улс орныхоо  эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа үйлс мөн.  Газар тариалан нь хүн бүхэнд хамааралтай хэрэгцээ, шаардлагатай салбар. Энэ салбартаа ажиллаж байгаагаараа бахархаж явдаг. Хүн ардын хүнс, мал амьтны идэш тэжээлийг бэлдэж байгаадаа бахархахгүй байхын аргагүй.

-Тэгвэл жилдээ хэр хэмжээний ургац хурааж байна. Ургацаа хаана нийлүүлдэг вэ?

 -Манайх жилдээ 500 гаруй га талбайд тариалалт хийдэг. Үүнээс улаан буудайн ургац сүүлийн  дөрвөн жилд дунджаар 20 тонн гаруй ургац хураан авсан үзүүлэлттэй байгаа. Газар тариалан эрхлэхэд хөдөлмөр, хичээл зүтгэл чухал нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар гурил, Хурх гурил, Хөдөө аж ахуйг дэмжих санд ургацаа нийлүүлж  байгаа.

-Орон нутагт үйл ажиллагаа явуулахад тулгамддаг асуудал юу вэ?

-Аливаа ажлыг хийе гэсэн сэтгэл байвал арга нь олддог. Газар тариалангийн үйл ажиллагаанд хүндрэлтэй зүйлүүд багагүй гарна. Тухайлбал, байгаль цаг уурын нөлөө, аюулт үзэгдлүүд, бэлчээрийн мал аж ахуй,  ажиллах хүн хүчний хомсдол зэрэг асуудлууд байдаг. Гэхдээ асуудлыг болох талаас оновчтой шийдвэр гаргахыг хичээдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7274)