Цагаан сарын битүүний өдөр уламжлал ёсоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр улирч буй туулай жилийг “...Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 67 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид гурван сая 500 мянгуулаа боллоо. Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо толгой 65 саяар тоологдлоо. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, үндэстний үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн бодит өсөлт долоон хувьд хүрлээ. Гадаад валютын албан нөөц 4.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, Монгол Улсын төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарсан сайн мэдээтэй луу жилээ угтаж байна.

Мөн манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд амжилттай хийгдэж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, Монголыг дэлхийд, дэлхийг Монголд ойртуулсан гадаад харилцааны өрнөл бадралын түүхэн жил байлаа.

Сар шинийн босгон дээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал, монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, цог хийморийн эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийг Монгол Улсын Төрийн тэргүүн гаргалаа” хэмээн дүгнэсэн.

Харин луу жилийн тухайд “...Монгол хүн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, Их хааныхаа билиг сургаалыг даган мөрдөж, эе эвээ хичээж, нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ ямагт санаж, уудам харж уужим сэтгэн, хайрлаж, бие биеэ дэмжиж, элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орноо мандуулан хөгжүүлэх учиртай” гэв.

Ерөнхийлөгч өмнөх туулай жилийн сар шинийн мэндчилгээндээ “...Эв эеэ хичээх” талаар онцолж байсан. Учир нь Монголын улс төрийн нөхцөл байдал, тэр дундаа улс төрийн намуудын дотоод зөрчил, улстөрчдийн хоорондын эвдрэл туйлдаа хүрээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгч ийн сануулж байгаа хэмээн олон нийт харж, ажиглагчид хэлэх болсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7273)