Баатарын НЯМСҮРЭН

Заал танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг бөхчүүд цөөнгүй бий. Тэд  олны хайр хүндлэлийг хүлээсэн байдаг. Таны телевиз уриатай  "ТВ-9" телевизийн хамт олон жилийн турш үндэсний бөхийн барилдааны шууд дамжуулалтыг үзэгч олондоо хүргэсээр ирсэн. Тэгвэл тус телевизийн хамт олон “Туулай жилийн онцлох 9 бөх” нэвтрүүлгийг хүргэж байгаа. Тус нэвтрүүлэгт уригдсан бөхчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

 

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь

-Даян аварга Н.Батсуурь заал танхимын барилдаанд тогтмол барилдаж бөхөд хайртай түмнээ баярлуулдаг. Барилдаан алгасахгүй барилдах нь түүний зарчим гэлтэй. Тэрбээр “Увс Нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх. Аварга Н.Батсуурийн амжилт 2007 оноос эхлэлтэй. 2011 онд аймгийн арслан цолны болзол хангасан. Харин 2013 онд улсын харцага болж байлаа. Үүнээс хоёр жилийн дараа улсын арслан болсон юм. Буян заяа нь түшиж 2018 онд улсын аварга цолны босго алхаж монгол түмнээ цэнгүүлсэн бахархалт бөх. Харин 2021 онд аварга цолоо баталж чимэг нэмсэн. Үүнээс хойш төрийн наадамд тогтмол сайн барилдаж түмэн олноо цэнгүүлж байгаа түмний бахархалт бөх. Энэ нь удмын гентэй ч холбоотой байж мэднэ. Харин өнгөрсөн оны наадамд найм давж гарьд Ц.Бямба-Отгонд тахим буулгасан даа. 

 

Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай

-“Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх улсын аварга О.Хангай 2010 онд буюу 20 насандаа сумын начин болсон. Харин 2012 онд аймгийн заан цол хүртсэн юм. Дараа жил нь аймгийн арслан боллоо. Ардын хувьсгалын 96 жилийн ой буюу 2017 онд одтой сайхан наадаж улсын харцага цолны болзол хангасан. Ингээд 2022 онд төрийн наадмын зүлэг ногоон дэвжээндээ 10 даван түрүүлж аварга цолоор энгэрээ мялаасан. Энэ үед үзүүр түрүүнд улсын арслан Б.Орхонбаяртай үлдэж түрүүлж байлаа. Харин заалны барилдааны 29 дэх түрүүгээ аваад удаагүй байгаа. Өнгөрсөн сарын 20-нд Жем интернэшнл компанийн нэрэмжит улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд түрүүлсэн. Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд зодоглож үзүүрлээд байгаа. Булган нь аймагт зохион байгуулагдсан таван аваргын нэрэмжит барилдаанд мөн түрүүлж бэлтгэл сайтай байгаагаа баталлаа. Цагаан сарын барилдааны түрүүлэх бөхийн таамагт дээгүүр яригдаж байгаа билээ.

 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарьд Ц.Бямба-Отгон

-“Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Ц.Бямба-Отгон нь 2016 онд сумын заан болсон. 2019 онд аймгийн харцага цолтон болж, дараа жил нь заан цолны болзол хангасан байдаг. Тэрбээр 19 настайдаа монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд хөл тавьжээ. Харин 2022 онд төрийн наадмын 1024 бөхийн барилдаанд зургаа давж харцага болжээ. Ингээд өнгөрсөн онд үзүүрлэж гарьд цолтон болж дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэсэн юм. Наадмаас өмнө нь заалны барилдаан алгасахгүй тогтмол сайн барилдаж байлаа. Оны өмнө "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд  урамтай сайхан барилдаж түрүүлсэн. Саяхан болсон харцага цолны хүндэтгэлийн барилдаанд наймд үлдсэн юм. Тэрбээр шийдэмгий дайчин барилдаанаараа бөхийн дэвжээнд тодорч байгаа.

 

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий

-Улсын заан Б.Бат-Өлзий “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх юм. Тэрбээр 16 настайдаа сумын заан цол хүртжээ. Таван жилийн дараа цэргийн начин болсон байна. Энэ жилдээ аймгийн харцага цолоор амжилтаа ахиулсан гэдэг. Харин 2014 онд аймгийн заан болж, хоёр хоногийн дараа арслан болсон түүх түүнийх. 2016 онд төрийн наадамдаа зургаа давж харцага болсон. Ингээд 2022 онд улсын үнэн зоригт харцага Н.Золбоогоор долоо давж заан болсон. Түүний хувьд заал танхимын барилдаанд амжилттай барилддаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойн барилдаанд цэргийн заан Ө.Батсуурийг давж түрүү бөхөөр тодорсон. Мөн Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаанд түрүүлсэн. 2023 оны Ерөнхийлөгчийн цомын барилдаанд үзүүрлэсэн билээ. Мөн шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Аварга О.Хангайтай үлдэж түрүү хүртээд байгаа юм.

 

Завхан аймгийн Яруу сумын харьяат улсыйн заан М.Лхагвагэрэл

-М.Лхагвагэрэл “Даян” дэвжээ, “Хилчин” спорт хорооны тамирчин. Их спортоор давхар барилддаг. Түүний үндэсний бөхийн амжилт нь 2015 оноос эхэлсэн. Улсын заанаас өмнөх цолнуудаа удаа дараа баталсан байдаг. Тухайлбал, 2015 онд сумын заан болж, дараа жил нь баталсан удаатай. Харин 2017 онд аймгийн харцага болсон. Ингээд аймгийн заан цолны босго алхлаа. Дараа жилийн наадмаар нь заан цолоо баталсан юм. 2021 онд Бүх цэргийн баяр наадамд түрүүлж цэргийн арслан болж байв. Түүний дараа жил дахин цэргийн наадамдаа барилдаж түрүүлсэн. Үүнээс сар гаруйн дараа улсын наадамд зодоглож улсын заан болж билээ. Өнөөдрийн бахархам амжилтуудыг гаргахад их спортын суурь нь нөлөөлсөн нь тодорхой. Мөн заал танхимын барилдаанд ч өнгөтөй байгаа бөх дөө.

 

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар

-Улсын харцага “Бөх билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Одоогоос 11 жилйин өмнө сумын заан болж байжээ. Харин 2016 онд цэргийн начин, дараа жил нь аймгийн харцага боллоо. Ингээд 2018 онд аймгийн заан болсон бол  шинэхэн цолоо хэдэн хоногийн дараа ахиулж арслан цолны эзэн болсон юм. Харин 2020 онд улсын цолтны гэр бүлд багтсан билээ. Тэгвэл 2022 онд төрийн наадамдаа урамтай сайхан барилдаж харцага  цолоо баталж, чимэг нэмсэн. Алтан цом болон заал танхимын барилдаанд өнгөлж буй хүчтэний нэг. Хүмүүс шуурхай барилдаант харцагыг “Цахилгаан Зоригоо” гэж нэрлэх болсон.

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Даш

-Улсын өсөх идэр начин Э.Даш нь “Түшээт Ханы Аварга” дэвжээ, “Алдар” спорт хороонд харьяалагддаг. 2014 онд цэргийн харцага цол хүртсэн байдаг. Үүний дараа 2014 онд аймгийн арслан боллоо. Харин 2017 онд дуу хуурын өлгий Дундговь нутгийн түмнээ баярлуулж улсын начин цолоор амжилтаа ахиулсан. Мөн өнгөрсөн онд бэлтгэл сайн байгаагаа харуулж улсын заан Б.Серикээр тав давж чимэг нэмсэн. Тэр жилээ бэлтгэл нь жигдэрсэн нь заал танхимын барилдаанаас харагдаж байв. Тухайлбал, дөрөвдүгээр сард болсон Ардчилсан намын 33 жилийн ойд зориулсан барилдаанд наймт үлджээ.

 

Ховд аймгийн Булган сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг

-Ардын хувьсгалын 102 жилийн ой буюу өнгөрсөн жилийн наадмаар бөх сонирхогчдын таавар эвдэж аймгийн арслан цолноос улсын харцага болсон хүчтэн  бол Г.Ганхуяг. Түүний хувьд чөлөөт бөхийн ОУХМ цолтой. Тиймээс их спортын сууриа ашиглаж төрийн наадамдаа бахархам амжилт гаргасан. Түүний барилдааны онцлог гэвэл баруун хөлд суудаг. Энэ цаг үед үндэсний бөхөөр барилдаж байгаа бөхчүүдтэй харьцуулахад бие жижигтэйд тооцогдоно. Гэхдээ том биетэй бөх амжилт гаргадаг гэдэг ойлголтыг эвдсэн гэхэд хилсдэхгүй.

Эргэн сануулахад төрийн наадмын нэгийн даваанд  аймгийн начин Б.Гончигсүрэн, хоёрын даваанд улсын начин  Н.Мустафа, гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Орших, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж наадамчдыг өндөлзүүлсэн. Ингэээд долоогийн даваанд Улсын аварга О.Хангайд тахим буулгасан юм. Их спортыг үндэсний бөхтэй хослуулж өдрөөс өдөрт барилдааны ур чадвар нь сайжирч яваа хүчтэн. Цаашид цолоо ахиулж түмэн олноо баярлуулах биз ээ.

 

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан

-Д.Амарсайхан 17 насандаа үндэсний бөхийн анхны цолоо хүртсэн гэдэг. Ингээд 2010 онд  Булган аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин цолтон болсон бйилээ. Харин дараа жил нь Булган аймгийн баяр наадамд түрүүлсэн.  2016 онд бэлтгэл нь чамбайрч, ур чадвар нь сайжирч, аз од нь гийж улсын цолны босго алхсан. Сүүлд оны өмнө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын барилдаанд уран мэхийг уралдуулж барилдан түрүүлсэн. Ингэхдээ таавар эдвэж, түрүүлэх магадлалтай бөхчүүдээр даваагаа ахиулсан юм. Өмнө нь нэг ч удаа давж байгаагүй бөхчүүдээ өвдөг шороодуулсан нь бэлтгэл сайн байгаагаас гадна дунгуйлдах мэхийг гаргамгай хийдэгтэй нь холбоотой. Магадгүй тэр өдөр ерөнхийлөгчийн цомыг өргөх хувь тохиол түүнд байсан биз. Сүүлд нутагтаа болсон таван аваргын нэрэмжит барилдаанд зодоглохдоо үзүүрлэсэн. Мөн дугтраа, хавирах мэхийг уралдуулах нь цөөнгүй. Бөх сонирхогчид түүнийг “Амаргүй Амараа” гэж нэрийдээд байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)