Б.НЯМСҮРЭН

 

АНУ-ын агаарын тээврийн “Alaska Airlines” компанийн “Боинг 737 MAX9” онгоцны хаалга нислэгийн явцад салж унасан осол өнгөрсөн сарын 5-нд болсон. Тухайн үед онгоцны баг шуурхай арга хэмжээ авч ослын буулт хийснээр хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй. Харин АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын удирдах газраас “Боинг” компанийн онгоцонд удаа дараа техникийн саатал үүсч байгаа хэмээн үзэж хяналт шалгалт хийх багийг ажиллуулсан. Тус багийнхан шалгалтын дүнг өчигдөр танилцууллаа.

Урьдчилсан дүгнэлтээр тухайн үед нисч явсан онгоцны хаалганы дөрвөн боолт байгаагүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хуулийн байгууллагынхан болон олон нийт энэхүү асуудалд тайлбар хийхийг “Боинг” компаниас шаардсаар байна.

Харин онгоцны хамгийн том үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Дэйв Калхаун "Эцсийн дүгнэлтээс үл шалтгаалаад бүх хариуцлагыг бид хүлээнэ. Манай үйлдвэрээс гарсан онгоц ийм байх ёсгүй. Бид үйлчлүүлэгчид болон зорчигчдын төлөө илүү сайн ажиллах ёстой” хэмээн мэдэгджээ.

Дээрх ослын дараа АНУ-ын агаарын тээврийн нэгдсэн удирдлагын газраас “Boeing 737 MAX-9” загварын 171 онгоцыг ашиглахыг түр хугацаагаар хориглож байгаад дахин үйлчилгээнд нэвтрүүлжээ.

Тухайн онгоцны хэсгийг Малайз дахь Spirit компанийн үйлдвэрт үйлдвэрлэж, өнгөрсөн оны тавдугаар сард Канзас мужийн Вичита дахь үйлдвэрт хүргэсэн бөгөөд тэндээсээ наймдугаар сарын 31-нд Вашингтоны Рентон дахь “Боинг” компанийн угсрах үйлдвэрт иржээ.

Тус тайланд  тагийг Рентон хотод ирснээс хойш нэг өдрийн дараа буюу есдүгээр сарын 1-нд угсарсан бөгөөд энэ үед засвар хийх зорилгоор тагийг авсан болохыг тогтоожээ.

“Боолтыг анх хэн суулгасан, тагийг зассан тухай тэмдэглэл зэрэг баримт бичиг хийсэн үү зэрэг олон асуулт тодорхойгүй хэвээр байна” гэж АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтэн Жон Кокс хэлэв.

Харин Иргэний нисэхийн байнгын хороог тэргүүлдэг сенатор Тэмми Дакворт боолтыг сйолих үед бичиг баримт бүрдүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгааг анхааруулж "Засвар үйлчилгээ, хяналтын багуудын хооронд ажлын уялдаа холбоо байсангүй. Засвар хийгдсэний дараа боолтыг бүрэн гүйцэт боосон эсэхийг хэн ч шалгасангүй” хэмээн ярьжээ. "Боинг"-ийн энэ төрлийн онгоцонд гарч байгаа алдаа анхных биш. 2018 оны аравдугаар сард Индонезид болсон онгоцны харамсалтай ослын улмаас 189 хүн амиа алдсан. Осолдсон онгоц мөн л дээрх загварынх байсан бол 2019 оны гуравдугаар сард мөн ижил загварын онгоц Этиоп улсад осолдож 157 хүн хорвоог орхисон билээ. Ойрхон хугацаанд болсон энэхүү хоёр ослын дараа олон улсын төлөөлөгчдөөс бүрдсэн хяналтын баг тус компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанарт 18 сарын турш үнэлгээ хийж түр хугацаагаар дээрх загварыг ашиглахыг хориглож байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)