Б.АРИГУН

 

Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр бэлтгэлээ базааж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хэд хоног замын ачаалал огцом нэмэгдэж оройн бор хоногт арай гэж гэртээ харьцгааж байна. Ялангуяа томоохон зах худалдааны төв орчимд оргил ачааллын үед “Тэг” зогсолт болж байна. Иргэдийн хамгийн өргөнөөр үйлчүүлдэг газар бол Нарантуул худалдааны төв. Оройн 17:30 цагийн үед тус төвийн ойр орчмын зам түгжрэл ихтэй байв. Иргэд Нарантуул худалдааны төв рүү орох гэж багадаа хоёр цаг, гарах гэж гурван цагийг зарцуулж байна гэж байлаа. Энэ талаар иргэн Б.Батбямба “Нарантуул зах руу бол зүглэлтгүй байна. Зөвхөн Халдвартаас Нарантуул захын хойд хаалга хүртэл хоёр цаг гаруй түгжирч байна шүү дээ. Би өглөө 11:00 цагийн үед гарч үдээс хойш 14:00 цагийн үед Нарантуул хойд хаалганы ойр зогсоолд авто машинаа байршуулсан. Орой 16:20 цагийн үед зогсоолоос гарсан боловч одоо дөнгөж Халдвартын эмнэлгийн урд явж байна. Нэг км газар цаг 30 минут түгжирч байна. Сүүлийн хэдэн замын түгжрэлд маш их цагийг зарцууллаа. Цаашид энэ хэвээр байвал хэцүү санагдаж байна. Бүгдээрээ зам дээр гарч ирээд мөнхөрч байснаас дугаарын хязгаарлалтын хязгаарлалт буюу тэгш, сондгойгоор явсан дээр юм байна. Дугаарын хязгаарлалтай байхад ажлаа зохицуулаад явж болж байсан шүү дээ” гэсэн юм.  Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 250-300 мянган тээврийн хэрэгсэл 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг хийдэг аж. Үүний 1.8 сая буюу 64 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Харин 24 хувь нь буюу 691 мянга 756 иргэн нийтийн тээврээр зорчдог бол үлдсэн 12 хувь нь дугуй болон явганаар зорчдог гэх судалгаа бий. Тэгвэл дугаарын хязгаарлалтыг цуцалснаар нийтийн тээврийн хүлээлгийн хугацаа урт болжээ. Энэ тухай иргэн Э.Тунгалагтуяа “Сар шинийн баяртай холбоотой зах худалдааны төвийн ачаалал, замын түгжрэл маш их байна. Яг сар шинийн баярын үед дугаарын хязгаарлалтыг цуцалсныг ойлгохгүй байна. Дугаарын хязгаарлалтгүй болсноор түгжрэл нэмэгдэж нийтийн тээврээр зорчдог бид явгарчихлаа. Учир нь бүгд машинаа унаад зам дээрээ гарч ирээд автобусны эгнээгээнд чихчихсэн. Үүнээс болж нийтийн тээвэр нэг талдаа бөөгнөрч байна. Сар шинийн баярын түгжрэл бүр их нэмэгдэнэ. Тиймээс одоо л тэгш, сондгойгоор явуулж өгөөч ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш дугаартай автомашинууд Мягмар, Пүрэв, Бямба гарагт хөдөлгөөнд оролцохоор байв. Харин шинэчилсэн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүдийг Даваа-Баасан гарагт тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэнцүү хуваарилсан. Ингэснээр нийслэлийн иргэд сар гаруйн турш тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчсон. Улмаар уг шийдвэр энэ сарын 1-нээс дуусгавар болж, үргэлжлүүлэх эсэх талаар олон нийтээс санал авсан ч, ихэнх нь дэмжээгүй тул цуцалсан билээ. Харин иргэдийн хувьд цаашид авто машиныг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)