П.АМГАЛАН

ЭМЯ-наас сар шинийн баяртай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

 

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа: Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна

-Цагаан сарын баяртай холбогдуулан амьсгалын зам болон хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс сэргийлэх  зөвлөмжийг хүргэе. Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвдөх боломжтой боловч нярай  болон бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэд, ХДХВ-ийн халдвартай иргэн, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчин, 65-аас дээш насны бүлгийн хүмүүс томуугийн халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай.  Цагаан сарын баяраар олноороо цугларах учраас амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, гараа савандаж угаах, гараа спиртэн суурьтай халдваргүйчүүлэгчээр ариутгаж болно. Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвар авбал хүндрэх магадлал өндөр байдаг учраас золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байж амьсгалын замын халдвараас сэргийлээрэй.  Мөн  нүүр, амандаа хүрэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх,  тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх зэрэг  амьсгалын замын халдвараас сэргийлэх  аргуудыг баримтлаарай.

Мөн цагаан сарын баярын үеэр хүнсийг буруу хадгалах, хэрэглэхтэй холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл бий болдог. Тиймээс цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо  дараах зөвлөмжийг сахиарай.

• Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг сайтар харах хэрэгтэй

• Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний амсарт ан цав үүссэн эсэх, чанар байдлыг сайтар шалгах

• Өндөг, өдгөн бүтээгдэхүүн, крем, майонез, жигнэмэг, бялуу зэрэг хөргүүрт хадгалах ёстой  хүсний бүтээгдэхүүнийг хүргүүртэй газраас худалдаж авах

• Баярын  ширээн дээрээ ууц болон чанасан мах тавихдаа удаан хугацаагаар ил задгай тавихгүй  байх, сэрүүн газар, хөргүүрт хадгалахыг зөвлөж  байна

• Баярын салат, буузыг хонуулж хэрэглэхээс татгалзах, түүхий хэрэглэдэг жимс ногоог угааж хэрэглээрэй.

Хоолны хордлого авсан байж болзошгүй буюу хоногт гурав буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, -37.5 -аас дээш халүуурсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түүнийг гэртээ тусгаарлаж, ойр байрлах дүүрэг, өрхийн эмнэлэгт хандахаас гадна ХӨСҮТ-д хандах боломжтой.


АУ-ны доктор Б.Болормаа: Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг

Мах, өөх, гурил нь таарсан нэг ширхэг бууз 200 калори байдаг. Гэтэл монгол эрэгтэй хүний өдөрт авах ёстой калорийн хэмжээ 2400, эмэгтэй нь 2100 калори байдаг. Өдөрт 4-5 айлаар орно гэж тооцвол хэдэн бууз идвэл зохистой вэ гэдгээ тооцож хоолны зохистой хэрэглээнд анхаарах хэрэгтэй. Мөн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдрэх  хүндрэл тохиолддог баяр.   Цагаан сарын баярын ширээн дээр ууц, чанасан мах, өвчүү, бууц, салат,  чихэрлэг ундаа зэрэг эрүүл хүн ч зохистой хэрэглэхээр  бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс цагаан сарын баяр аль болох  цагаан идээ ундаагаар ширээгээ засаарай. Калори ихтэй төмс, майонез зэрэг  бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсний хэрэглээг багасгаж,  ислэг ихтэй ногоон төрлийн ногоо, навчит ногоогоо түлхүү хэрэглэж ширээгээ чимээрэй.

 

Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь:

• Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-нд 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана.

• Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

• Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-нд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана.

• Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллана.

 

Зөвлөгөө

• Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг учраас халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулаарай.

• Мөн азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй. 

• Өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй.

• Халтиргаа гулгааны эрсдэлээс онцгой анхаарахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)