Т.САЙХАН

Прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Түмэндэмбэрэлийн хэрэг болон гурван иргэн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэг, Ховд аймгийн Буянт сумын ИТХ-ын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг, Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Б, Н.Н, М.О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Услалтын систем бүтээн байгуулах ажлын төсвийг зориулалтын дагуу ашиглалгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тоног төхөөрөмж худалдан авах ажлын зөрүү төлбөрийг бэлнээр авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Г.Г, Э.Б нар нь Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn