Т.САЙХАН

"Google"-н газрын зураг дээр Монголын зарим газар нутаг, уул, гол усны нэршил өөр орны хэлээр, ойлгомжгүй тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн талаар зарим иргэн ЦХХХЯ-нд ханджээ. ЦХХХ-ны сайд Н.Учрал аль байршилд хэдэн нэршил алдаатай байгааг судлуулж, дүгнэн АНУ-д айлчлах үеэрээ "Google" компанид уг асуудлыг уламжлан шийдвэрлүүлсэн байна. Тусгаар тогтносон улсын хувьд газар орныхоо нэрийг нэг стандартаар, нэг нэршлээр хөтөлж, түүнийгээ таниулах нь чухал гэдгийг Google-ийн Chrome үйлдлийн системийг хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Соломон ЦХХХ-ны сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолжээ. Жишээбэл, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 30 орчим газруудын нэршлийн алдааг залруулж Google map-н мэдээллийн санд зөв нэршлээр бүртгүүлсэн байна. Мөн Монгол Улс Google компанитай хамтарч 1500 инженер бэлтгэх ажлыг хоёрдугаар сарын 15-аас эхлүүлнэ.  Хоёр тал хамтын ажиллагаагаа бататгаж, Монгол улсад цахим ур чадварын төв байгуулж, бүс нутагт туршлага хуваалцах чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгджээ. 

Эх сурвалж:www.polit.mn