Баатарын НЯМСҮРЭН

Хүүхэд нас гэдэг дурсамж дүүрэн, хамгийн гэгээн, амьдралын мартагдашгүй үе билээ. Энэ  үеийн дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зайг эзэлдэг. “Зууны мэдээ” сонин “Миний хүүхэд нас” шинэ булангаа эхлүүлсэн. Энэ удаагийн зочноор “Bee” театрын жүжигчин Б.Одгэрэлийг урилаа.

 

“Гэнэн томоогүй, эрх охин байсан”

-Миний нэрийг өвөө минь хайрлаж байсан гэдэг. Бат-Оршихын Одгэрэл хэмээх сайхан алдрыг хайрласан нь ирээдүйд олонд танигдсан урлагийн хүн болно гэж бэлгэдэж өгсөн юм  билээ. Магадгүй хүний дуудах нэр хувь тавиланг нь бүтээдэг байх.  Мөн  их мөрөөдөмтгий, ирээдүйд болох бүх зүйлээ урьдаас төлөвлөөд бичдэг байлаа. Зорилгодоо хүрэхийн тулд хийж чадах алхмуудыг шат дараатай хэрэгжүүлсэн. Их шаргуу, аливаад бууж өгөх дургүй тийм нэг нандин чанартай. Хүүхэд нас минь ээжийн сүү шиг амттай, хэзээ ч үл мартагдах нандин дурсамжийг бүтээдэг. Энэ орчлонд ээжийн сүүгээр ундаалж өсөөгүй хүн гэж үгүй. Сүүний үнэр мартахын аргагүй сайхан. Хүн хүүхэд насандаа бүхнийг гэгээнээр харж аав ээжийгээ мөнхийн байх мэт боддог. Энэ үе эргээд бодоход гэнэн томоогүй насны алдаа болсон байжээ. Би багадаа гэнэн томоогүй, эрх охин байсан. Өөрийгөө бүх зүйлд сорьж үзсэн, сэргэлэн зантай. Мөн дунд сургуульд ороод “Үнсгэлжин”, “Гоёл” тэмцээнд оролцож медаль хүртэх нь цөөнгүй. Хөдөлмөрийн хичээлдээ сонирхолтой, зурах авьяастай байлаа.

 

Б.Одгэрэлийн эмээ нь жүжигчин болоход нь нөлөөлжээ

 

-Гэхдээ миний дотор оршиж байсан нууцхан мөрөөдөл бол жүжигчин болох. Энэ үед ээжийнхээ ажил дээр очихдоо “Гарын таван хуруу” киноны Шагдарын эхнэрийн дүрд тоглодог жүжигчин Цэцгээ эгчтэй уулзаж байсан. Намайг “Ямар хөөрхөн охин бэ” гэж билээ. Эгч минь надад том тус хүргэсэн. Мөн эмээ минь жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Тиймээс КУДС-д  жүжигчин мэргэжлээр суралцсан даа. Оюутан болоод жүжигчин мэргэжлийн үнэ цэнийг ойлгож мэдэрсэн. Хүүхэд насны нандин дурсамжаар аялж яваа дүү нартаа хандаж хэлбэр, агуулга хадгалсан зүйл уншихыг зөвлөмөөр байна. Учир нь хэлбэр гэдгийг ойлгохдоо эрүүл мэндийн шаардлагаар бус сайхан харагдахын төлөө өөрийгөө золиослож мэс ажилбар бүү хийлгээсэй. Гоё сайхан харагдахын төлөө үзэмжийг илүүд үзэх буруу. Энэ нь түр зуурынх. Хэлбэр хөөх хэзээ нэгэн цагт хүнийг орхих хоосон зүйл. Үүнийг ухаж ойлгохын тулд ном сайн уншиж мэдлэгээ нэмэх хэрэгтэй. Ном өөрөө ээжгүй хүүхдэд ээж, аавгүй хүүхдэд аав болдог. Найзгүй хүнд нөхөр болдог үнэнч анд бол ном. Харин агуулга гэдэг хүн өөрийн гэсэн хүн чанар дээр дөрөөлж амьдардаг. Тиймээс өөртөө үнэнч байх хэрэгтэй. Амьдралын явцад хүн бүрт зовлон бэрхшээл гарч ирнэ. Үүнийг давах дархлаатай хүн амжилтад хүрдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)