Т.САЙХАН

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай өнөөдөр /02.05/боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Цагаан сарыг угтан хэрэгжүүлж буй бүх нийтийн цэвэрлэгээний талаарх мэдээллийг өгөв.

Тэрбээр "Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3,725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна. 1,100 тонн давс, 2,300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна" гэлээ.

Түүнчлэн 26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090, гэрэлтүүлгийн шон 75,486,  удирдлагын шит 1,208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа юм.

Мөн Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын хүрээнд тус хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын зураг, төсвийг боловсруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, барилга угсралт, орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилт, хийдийн хамгаалалтын бүсийг өөрчлөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байгааг танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn