П.АМГАЛАН

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Тус ослын улмаас гал түймэрт өртсөн ойролцоох барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг Хотын стандарт, хяналтын газраас урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл өглөө. 

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-БХБЯ-ны 47 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, эхний 10 хоногт барилга байгууламжийн төлөв байдал, ШТС-д тавигдах хяналт шалгалтыг хийлээ. Усан хангамж, дулаан, цахилгаан, барилгад ашигласан материал зэрэг найман төрлийн үзлэг хийгдэж, дууссан. Мөн дээж авах, хэмжилт хийх, хэргийн газрын үзлэг дууссан. Галд өртсөн таван объектын дүгнэлт гарна. Эхний байдлаар 207 дугаар байрны нэгдүгээр давхарт гурав, 2-5 давхарт 20, 6-12 давхарт 35 нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр дөрвөн айл төлөвлөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн, сургууль, цэцэрлэгийн барилгатай хүзүүвчээр холбосныг тогтоосон. 207, 208 дугаар байр 2015 оны зургаар 2017 онд улсын комисст орсон. Гэхдээ уг хоёр барилга өөр газар баригдсан боловч нэг комиссын дүгнэлт гарсан байна. 207 дугаар байранд 58, 208 дугаар байранд 37 айл, нэмэлт давхарт дөрвөн айл төлөвлөгдсөн. 207 дугаар байрны зүүн хойд хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртөж, техникийн давхрын зүүн талын барилга бүрэн шатсан. 830 дугаар байр 2015-2016 онд баригдаж ашиглалтад орсон. Гаднах гоёлын хийц бүхий багана нь дэлбэрэлтийн улмаас шидэгдсэн ёмкостод цохигдож, эвдэрсэн. Барилгын дотор ус болон дулаан хангамжийн шугам сүлжээнүүд бүрэн гэмтсэнийг солихоос өөр аргагүй. Гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан. 830 дугаар байрны 85 айлын цонх хагарсан. Хоёр болон гуравдугаар орцын 1-6 дугаар давхрын айлуудын цонхыг бүрэн шиллээд дууссан. Үүнээс дээш давхрынхыг сольж байна. Гадна фасадын материал галд өртдөг хөөсөнцрөөр хийгдсэн. Чулуун хавтангаар фасад шатаагүй, бусад ашигласан материал бүрэн шатсан. Техникийн давхрын цахилгааны самбар, тэжээл, кабель, цахилгаан шат бүрэн шатсан. Дүгнэлтүүд удахгүй гарна.

Одоо хохирлын хэмжээ, сэргээн засварлах төсөвт өртөг, зардлыг тооцох ажлуудыг Барилгын хөгжлийн төвөөс гуравдугаар сарын 1-ний байдлаар гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn