Н.Жаргалмаа
Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд "Ч.Хүрэлбаатар болон Т.Доржханд нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шалгуулах" хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Дээр нэр дурдсан гишүүд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж УИХ-д батлуулсан. Ингэхдээ иргэдийн санаа бодлыг хүлээн авалгүй нийгмийн анхаарлыг Хөгжлийн банк болон нүүрсний хулгайн асуудалд хандуулж цоорхой гарган батлуулсан. Түүнчлэн Ч.Хүрэлбаатар сайдын санаачлаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газар өмчлөл нь яавч байж болохгүй зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэ гишүүд нь улс эх орныхоо газар нутгийг харийнханд өгөх гэж байгаа нь монгол хүний тэр тусмаа Монголын төрд байж боломгүй үйлдэл билээ. Үүний цаана гадны хүчин нөлөө байж болзошгүй хэмээн хардах эрхийн хүрээнд үзэж байна. Ч.Хүрэлбаатар сайд нь Монголын төрд 16 жил ажиллахдаа өөрийн сонгогдсон нутаг Увс аймагт бодитой санаачилга хэрэгжүүлж байгаагүй. Увс аймаг нь олон ястны бүрэлдэхүүн болсон нутаг. Гэтэл энэ аймгийг төлөөлнө хэмээн итгэл хүлээж улс төрд гарсан эрхэм ястнуудыг талцуулах, хоорондын харилцаа холбоо сааруулах үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирсэн. Дээрх асуудлуудыг харгалзан үзэж энэ хүний гарал угсаа, гадны орны ямар нэг нөлөө байгаа эсэхийг шалгуулах хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байна" хэмээн мэдэгдлээ.
Эх сурвалж: www.zms.mn