Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Бид энэ удаагийн зочноор ӨМӨЗО-ны Хөхнуурын Үндэстний их сургуулийн Угсаатны зүй нийгэм, судлалын дээд сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Мөнхдэлгэрийг урилаа.

 

БНХАУ үндэсний цөөнхийн хэлийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэх бодлого баримталдаг

 


Блиц:

Боловсрол:
-2001-2005 онд Өвөрмонголын Багшийн их сургуулийн Компьютерийн их сургуульд баклавар 
-2008-2011 онд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуульд тооцоо, хэл шинжлэлээр магистар
-2012-2016 онд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуульд тооцоо, хэл шинжлэлээр докторын дэрэг хамгаалсан. 

Ажлын туршлага: 
-2011 оноос монгол бичгийн тод бичгийн стандарт код төсөл дээр ажиллаж байна. 
-2018 онд тод бичгийн кодыг улсын стандарт болгож, батлуулсан. 
-2019 онд тод бичгийн дурсгалыг цахимжуулан өвлүүлэх судалгааг хийсэн.
-2019 онд Хөхнуурын монгол газрын нэрсийг цахимжуулах ажлыг хийсэн. 


-Миний хувьд голдуу монгол бичгийн цахимжуулалт, тэр дотроос тод бичгийн кодыг батлах цахим хувилбар, сан байгуулахад голлон ажиллаж байна. Тод бичиг гэдгийг тайлбарлавал 1648 онд Ойрдын их эрдэмтэн Намхайжамц уйгаржин монгол бичгийн сууринд үндэслэж зохиосон, ойрд аялгуунд ойр бичиг юм. Энэхүү бичгийг өдгөө ч Дундад улсын нэгээхэн хэсэг болсон Ойрад монголчууд болон Монгол Улсын баруун бүс нутаг Увс, Ховд цаашлаад ОХУ-ын Халимагт хэрэглэж байна.  

Хэдийгээр үндэсний цөөнх хэрэглэж байгаа ч мөхсөн хэл гэж үзэж болохгүй. Учир нь энэ хэлээр бичсэн бичиг ном, судар арвин бий. Тиймээс сурталчилах, цаашлаад хадгалж, авч үлдэхэд эрдэмтэн судлаачдын оролцоо хэрэгтэй байгаа учир энэхүү ажилд ханцуй шамлан ороод байна. Би Монгол Улсад зургаа дахь удаагаа ирээд байгаа нь энэ. Энэ удаад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд  "Монгол төрөл хэлний явган үлгэрийн цахим хөмрөг байгуулалт, программ хангамж” гэсэн сэдвээр илтгэл тавихаар ирсэн. Энэ нь манай нутгийн н.Цэцэнмөнх профессорын хийж буй улсын хэмжээний том төслийн нэгээхэн хэсэг. Монгол төрөл хэлтэн дотор алтайн язгуурын таван үндэстэн багтаж байгаа юм. Тэднээс уламжлан ирсэн үлгэрүүд нь 1500 гаруй бий. Гэхдээ ихэнх нь аман хэлбэрээр байна. Эдгээрийг дүрсжүүлж, цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнд дэлхийд тархан суурьшсан Монгол үндэстний өв соёл, хэлний онцлог, түүхийн нэгээхэн хэсгийг цахимжуулж, архивлан авч үлдэх, түгээн дэлгэрүүлж, таниулах  цаашлаад илүү гүнзгий судлах зэргээр олон талын ач холбогдолтой. Миний хувьд Хөхнуурын Үндэсний их сургуульдаа хэл, компьютерын хичээлийг заадаг. Манай Хөхнуурын монголчууд эх хэлээ хайрлан хамгаалахыг чухалчилдаг. Гэхдээ БНХАУ-ын зүгээс бидний хэл соёлыг хааж, боосон зүйл байдаггүй. Харин ч үндэсний цөөнхийн хэлийг шинжлэх ухаанчаар хамгаалж, түгээн дэлгэрүүлэх бодлого баримталдаг. Харин хүүхэд залуусын хувьд монгол бичгээ хайрлан хамгаалах, сурах хүсэл эрмэлзэл сулраад байгаа шалтгаан нь цахим орчинтой холбоотой. Гэтэл интернэт орчинд монгол бичгийг  хэрэглэх боломж нь тун бага байна. Орчин үеийн хүүхдүүдийн хэрэглээг хангаж дийлэхгүй байгаа нь өөрөө асуудал. Жишээлбэл, хүүхдүүд алдартай “Гэсэр”, “Жангар”-ыг уншиж, судалъя гэж бодоход ном, цаас хэлбэрээр нь бариад унших сонирхол алга. Тиймээс бидний хувьд яахын аргагүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, ирээдүйн залуусын сонирхол, хэрэглээнд нийцүүлэхийн тулд цахим руу шилжихээс өөр сонголт алга. Харин энэ ажлыг хийхдээ олон зүйл рүү самгардахгүй, нэг жолоодлого, стандартаа барих нь зөв. Бидний цахимжуулсан 1500 гаруй үлгэр бүгд “ЮНЕСКО”-гийн стандартай. Тэгэхээр дэлхийн бүх хүмүүс  хэрэглэх боломжтой гэсэн үг.

 

Монголчуудын өдөр тутмын харилцаанд криллээс илүү латин үсэг давамгайлж байна

-Бид эх хэлээ хайрлан, хамгаалах гэдгийг их томоор ойлгож, хүндрүүлж хүлээж аваад байдаг. Гэтэл их амархан жижигхэн зүйлээс эхэлдэг шүү дээ. Гэр бүл дотроо л төрөлх хэлээрээ ярьж, харилцаж байвал эх хэл, бичиг соёл устаж үгүй болохгүй. Эх хэлээ хайрлах, хамгаалах, уламжлан үлдээх хамгийн эхний алхам бол гэр бүл доторх харилцаа. Бид яалт ч үгүй гэрээс гадуур ажил дээрээ бол Хятад хэлээр ярихаас өөр аргагүй. Харин гэртээ байхдаа төрөлх хэлээрээ ярилцаж, ойлголцдог байх нь хамгийн чухал. Миний хувьд гэр бүл дотроо энэ зарчмыг баримталдаг. Одоогийн байдлаар манай Хөхнуурын монголчууд болоод ӨМӨЗО-д суугаа монгол үндэстнүүд үүнийг л 50, 50 хувьтай хэрэгжүүлж байна. Ирэх 2025 оноос Монгол Улс хос бичиг үсэгтэй болох зорилт тавьсан. Энэ тун зөв. Гэхдээ үүнийг хүүхэд залуус хэрхэн хүлээж авах бол гэсэн асуулт гарч ирнэ. Одооноос л зааж сургаж, дасгаж байхгүй бол ярвигтай. Учир нь монгол бичиг бол хэл ярианаас жаахан холдчихсон. Тиймээс төрөөс зөв бодлого баримталж, чадвал энэ нь хэл соёл, бичиг үсгээ олон улсад таниулсан, сурталчилсан том ажил болох болов уу. Мөн монголчуудыг ажаад байхад өдөр тутмын харилцаанд криллээс илүү латин үсэг давамгайлж, газар авчээ. Утасны мессенжер, мессежээс эхлээд хүн бүхэн латинаар бичилцэж, үүнийгээ төрөлх бичиг үсэг шигээ ойлгож байна. Би Монголд ирээд “Юнител”-ээс дугаар авсан юм. Гэтэл тус үүрэн телефоны газраас мессежээр явуулж буй мэдээлэл нь хүртэл латин галигаар байна. Энэ нь саар болоод сайн гэсэн хоёр үр дагавартай юм даа. Латин үсгийг ямар нэгэн шинэ программд уншуулахад ямар ч саадгүй, ойлгогддог нь давуу  байж магадгүй. Гэхдээ бид өөрийн гэсэн хэл болоод бичгийн соёлтой ард түмэн шүү дээ. Тиймээс монгол бичгийг цахимжуулах ажлыг яаравчлан хийх ёстой. Гэтэл энэ бичгийг заавал босоо бичих ёстой учир программ унших нь хэцүү. Жишээлбэл, би нэг хөндлөн бичигтэй номыг цахим болголоо гэж бодоход дунджаар долоо хоног зарцуулна гэж бодъё. Гэтэл босоо монгол бичгийг цахимжуулахад түүнээс хоёр, гурав дахин их хугацаа шаарддаг юм.

 

Хөхнуурын сургуульд монгол хэлний хичээлийг л Монголоор заадаг

 

-Монгол бичгийн хувьд бусад бичиг, үсэгтэй харьцуулахад бүтээврийн талаасаа их олон онцлогтой. Мөн хятад бичигтэй харьцуулахад эрс тэс ялгаатай мөртлөө сурахад бичихэд тийм ч хүндрэлтэй биш. Үндсэн эгшиг долоо, гийгүүлэгч 24 үсгээ л сурчих юм бол ямар ч үг, өгүүлбэрийг уншаад ойлгох давуу талтай. Гэтэл Хятад хэл бол эсрэгээрээ. Та таван ширхэг хятад үсэг сурвал түүнийгээ л танина. Би их сургуулийн багш мөртлөө 10 мянган л хятад үсэг мэднэ. Энэ нь миний хэрэглээнд хүрч байна гэсэн үг. Харин өөр бусад салбарын тухай уншиж судалъя, ярилцъя гэвэл энэ үсгийн тоо хүрэхгүй. Зөвхөн бид ч бус хятад хүн өөрөө 30 мянган үсгийн сантай байх нь бий. Үүнээс гадна Хятадын муж бүр өөр, өөрийн гэсэн хэлний түүх, соёлтой байдгаараа онцлог. Тайвань гэхэд л хуучны уламжлалт бичиг үсгээ хэрэглэх жишээний. Түүний хажууд бидний монгол бичиг тун ойлгомжтой. Хөхнуурын сургуулиудын хувьд монгол хэлний хичээлийг л Монголоор заадаг. Харин бусад хичээлийг тухай орныхоо буюу хятад хэлээр орж байна. Миний хувьд их сургуульдаа бакалавр, магистрын зэрэгтэй оюутнуудад хичээл заадаг. Нийт 30 сурагч байлаа гэхэд долоо, найман оюутан нь яг Монгол хэлээ судалъя гэсэн хүсэл эрмэлзэл байдаг бол бас л 10 гаруй нь огт сонирхохгүй байгаа нь ажиглагддаг. Гэхдээ үүнд оюутнуудыг буруутгаж болохгүй. Учир нь тухайн хүн ажлын байран дээр гарахад аль хэл бичиг нь чухал вэ гэсэн үндсэн дээр сонголтоо хийж байна. Жишээлбэл, Монгол хэл соёл, монгол бичгээ сурчихлаа гэж бодъё. Яг энэ чиглэлээрээ ажиллаж, амьдаръя гэж бодоход зах зээл дээр гараад ажлын байр нь тун хомс. Гэтэл Хятад хэлээ сурчихсан төгсөгчид ямар ч санаа чилээх асуудалгүйгээр ажил олдож байна. Тэгэхээр ӨМӨЗО, Монголд ч бай босоо бичгээ сурчихсан. Үүнийгээ аж амьдралдаа ашиглаж, түгээн дэлгэрүүлье гэж бодоход ажлын байр нь бэлэн, олдоцтой байдаг бол эх хэлээ сурах гэсэн залуусын хүсэл эрмэлзэл, тоо нэмэгдэнэ шүү дээ. Үүнийг зөвхөн багш нар бид ярих бус бодлогын хэмжээнд авч үзэх нь үр дүнд хүрэхэд  илүү болов уу. 

 

Хэл соёлоо хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг

 

-Одоогоор манай Хөхнуур албаны талаасаа монгол бичгээр гардаг Цайдамы сонин гэсэн нэг цаасан хэвлэлтэй. Энэхүү сонин нь 1987 оноос хойш хэвлэгдэж байгаа бол “Цэцэг цайдам” уран зохиолын сэтгүүл нь 1980 оноос эхтэй. Бидний хувьд босоо монгол бичгээрээ гарч буй энэхүү хоёр хэвлэлдээ чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Гэхдээ монгол бичгийг зөвхөн цахимжуулснаар хайрлан хамгаалж байна гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Энэ бол зөвхөн нэг тал нь. Бид аль аль талдаа гарц, гаргалгаа, шийдэл хайсаар байна. Зарим хүн хэл соёлоо хайрлан хамгаалах нь зөв­хөн эрдэмтэн судлаач, багш, про­фессоруудын хийх ажил гэж хараад байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Энэ бол монгол хүн бүрийн үүрэг гэж хэлмээр байна. Бид өөрсдөө цаг тутамд эх хэлээрээ ярьж, бичиж, уншиж байвал хэзээ ч мартагдахгүй гэж боддог.  Харин энэ үүргээ үл ухамсарлаж, харь хэлний давалгаанд хэт их өртөөд байвал сайхан монгол бичиг минь хэрэглээ нь багасаж, бүдгэрсээр байх болно. Ялангуяа Хөхнуурын монголчуудын хувьд мал дээр буй малчид гэдэг түүх соёл, эх хэлнийхээ өв уламжлалыг тээж яваа чухал хүмүүс. Гэтэл сүүлийн жилүүдэд тэд минь 50 нас руу дөхөхөөрөө хот хүрээ бараадах болжээ. Харин үүний эсрэгээр их сургууль төгссөн залуус сургуулиа төгсөөд шууд малчин болох үзэгдэл ажиглагдаж байна. Энэ нь бас бичиг хэл мартагдах, нүүдэлчин соёл үгүй болох том эрсдэл ч байж болох юм. Монгол хүний хамгийн эрхэм үнэ цэн бол бичиг соёлоос гадна нүүдэлчин уламжлал шүү дээ. Тиймээс аль аль талдаа үүнийгээ ухамсарлаж, бидний бусад улсаас ялгарах хамгийн том ондоошил болсон эдгээр үнэт зүйлээ хайрлан хамгаалах нь таниас бас надаас, бидний үр хүүхдээс эхэлнэ гэдгийг ухамсарлах нь зүйтэй боловуу.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 24 (7268)