Ц.ТҮМЭНБАЯР

Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2025 онд 75 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Хоёр улс 1957 онд Улаанбаатар, Будапешт хотноо харилцан ЭСЯ-даа нээснээс хойш бүхий л салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байв. Монгол-Унгарын ард түмний хамтын ажиллагаа ямар ч цаг үед тодорхой түвшинд хөгжсөөр эдүгээг хүрсэн.

Бид энэ удаад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, монгол судлаач Др.Обрущанский Борбала Аннатай ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

 

- Юуны өмнө энэ өдрийн амгаланг эрж, Монгол-Унгар Улсын Дипломат харилцааны 75 жилийн ойн жил буюу ирж байгаа 2025 оны мэнд дэвшүүлье. Та Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барьснаас хойш яг дөрвөн жил болж байна. Дипломат харилцааны түүхээс харахад өнгөрсөн хугацаанд ямар ямар чиглэлээр Монгол улстай хамтран ажиллаж ирсэн бэ?

- Геологи хайгуулын ажил, ялангуяа усны хамтарсан судалгаа явуулж, хөнгөн болон хүнс, эм үйлдвэрлэлийн салбарт хамтран ажилласан билээ. Жишээлбэл, Улаанбаатар хотод оёдлын үйлдвэр байгуулж, мэргэжлийн оёдолчдыг Унгар Улсад бэлтгэсэн. Унгар улс нь  Дархан хотыг байгуулахад оролцсон зургаан орны нэг бөгөөд тэнд Мах боловсруулах үйлдвэрийг барьж өгсөн. Мөн Хархоринд гурил тэжээлийн үйлдвэрийг байгуулсан. Хоёр орны харилцаанд Боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлнэ. Өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд Унгар Улсад олон мянган оюутан дээд болон тусгай мэргэжлийн дунд боловсрол эзэмшиж, мөн мэргэжил дээшлүүлэхээр суралцжээ. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд Монгол Улсын бүхий л салбарт тэргүүлэх эгнээнд мэргэжлээрээ ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

-1990-ээд оны нийгмийн шилжилтийн дараа буюу 1991-2025 оны хооронд хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын түвшний дээд хэмжээний айлчлалууд олон удаа зохион байгуулагджээ. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа хамтын ажиллагааны чиглэлд ямар шинэчлэлт өөрчлөлт гарсан бэ?

-ЗХУ-д өөрчлөн байгуулалт өрнөснөөс хойш социалист системийн орнууд үндсэндээ зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, чөлөөт нийгмийг байгуулж эхэлсэн. Манай Унгар улс ч ялгаагүй ардчилсан шинэчлэлт хийсэн. Иймд улс төр, эдийн засгийн бие даасан улсууд болж, олон улсын харилцааны шинэ хэлбэрт шилжсэн. Энэ үедээ ч Унгар, Монгол хоёр улс урьдын найрсаг харилцаагаа шинэ шатанд үргэлжлүүлсээр ирсэн билээ. Унгар улс хуучин хууль эрх зүйн орчноо өөрчилж, дэлхий дахины стандартаар хөгжих боломж нээгдсэн.

-Унгар улс бол Монгол судлалын чиглэлээр эрчимтэй ажилладаг цөөхөн улсын нэг. Эдүгээ хоёр орны судалгааны хамтын ажиллагаа, ялангуяа түүх археологи, шашин судлалын талаар нэлээд эрчимтэй явагдаж буйг манай уншигчид сайн мэдэж байгаа. Тухайлбал таны хувьд Хүннүгийн чиглэлээр олон судалгааны ажил хийсэн. Энэ талаар урьд өмнө хийсэн ажил болон одоо хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Хоёр орны судалгааны хамтын ажиллагаа, түүх, археологи, угсаатны зүй, шашин судлал, биологийн салбарт эрчимтэй явагдаж байна. Ховор амьтан ургамалд ДНК-ын шинжилгээ хийх, тэдгээр амьтан ургамлыг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар ховордсон шувууд, тул загас, бөхөн гөрөөсийг судлах хамтын ажиллагаа явуулсан. Бурханы шашны судалгаагаар манай Еөтвөш Лорандын Шинжлэх Ухааны Их сургуулийн Дорно дахины факультетийнхан ажиллаж, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, эмхтгэл хэвлүүлж байна. Угсаатны зүйн чиглэлээр энэ жил Унгарын Угсаатны зүйн музей, Чингис хаан Үндэсний музей хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний үндсэн дээр цаашдаа хамтарсан үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй  байгаа. Өмнө нь Кидан улсын үлдэгдэл, туурь, янз бүрийн олдвор дээр судалгаа 4-5 жил үргэлжилсэн. Дундад зууны кидан улсын дурсгалыг судлалгаа,туурийн малталгаа нь өнгөрсөн таван жилийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд явагдсан. Манай хоёр улс 1240-өөд оны үеийн Бат хааны Европод оршин тогтносон үеийн судалгааны хамтарсан баг байгуулсан. Мөн 1241-1242 онд монголчуудын Европт хийсэн довтолгооны талаар судлах хамтарсан судалгааны багийг байгуулсан.

Археологийн салбарт Ар гүнт дэх хүннүгийн булшинд шинээр малтлага хийх санаатай байна. Тэндээс 2022 онд авсан ДНК-ын дээж  маш чухал үр дүнгүүдийг харуулсан бөгөөд энэ талаар Унгарын судлаачид International Scientific сэтгүүлд нийтлэл гаргасан. Энэ талаар товчхон өгүүлэхэд Ар гүнт дэх хүннүгийн булшинаас авсан дээж хүннү гаралтай хэмээн өөрсдийгөө үздэг Унгарын Аба үндэстний ДНК-тай төстэй нь нотлогдсон. Энэ нь Азийн хүннүчүүд болон эртний унгарчуудын хооронд генетик холбоо байна гэдгийг харуулж байна. Манай Элчин сайдын яаман дээр жил бүр Унгарын Шинжлэх Ухааны өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд тэнд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн товхимол болгон хэвлэн гаргадаг.

-Социалист систем задран унаснаас хойш манай уран зохиол Унгар улсад орчуулагдан хэвлэгдэх нь ховор болсон ч сүүлийн таван жил дотор эргэн сэргэж байгаад тун таатай байна. Цаашид та утга зохиолын болон урлаг соёлын салбар дахь хамтын ажиллагааг хэрхэн харж байна вэ?

-Монголын зохиолчдын бүтээлийг голдуу Унгарын судлаачид орчуулдаг. Еөтвөш Лорандын Шинжлэх Ухааны Их сургуулийн Дорно дахины факультетийн оролцоотойгоор монгол зохиолчдын антологи хэвлэгдэн гарсан. Миний мэдэхээр энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Миний зүгээс саяхан Монголын хууль эрх зүйн түүхийн хамгийн чухал баримтууд болох Чингис хааны хууль цаазын номлол болон Их хааны сургаалийг унгар хэлээр гаргасан. Унгар роман, зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн гаргахаар төлөвлөж байгаа боловч энэ тал дээр туслалцаа хэрэгтэй байгаа. Унгарын Түүхэн Роман Бичигчдийн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг зохиолч Трукс Бела өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Номын баяр 2024” арга хэмжээнд оролцож өөрийн бүтээлээ танилцуулсанд баяртай байна.

-Унгар Улсад манай оюутнууд ямар чиглэлээр сурч байна вэ?

-Олон чиглэлээр суралцаж байна. Бакалавр, магистр, докторын түвшинд хөдөө аж ахуй, эдийн засаг, мэдээллийн технологи, соёл урлаг, анагаах ухааны чиглэлээр Унгарын Засгийн засгийн газрын Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 90 гаруй оюутан Унгарт суралцаж байна. Үүнээс гадна хувиараа суралцаж байгаа оюутнууд ч нэлээд байгаа.

-Унгар улсад манай улсаас хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цөөнгүй байдаг. Тэд ихэвчлэн ямар ажил эрхэлж байна вэ?

-Унгарт хөдөлмөр эрхэлдэг хүмүүс олон бий. Өнгөрсөн жил манай хууль өөрчлөгдөж, гадаад хүмүүс Унгарт хоёр жилээс илүүгүй хугацаагаар хөдөлмөр эрхлэхээр болсон. Махны үйлдвэр, үйлчилгээний салбарт олноороо ажилладаг. Хэл мэдэхгүй учраас олон хүмүүс дагалдан болон туслах ажилтнаар ажилладаг. Зарим монгол оюутнууд сургуулиа төгсөөд Унгарт үлдэн мэргэжлээрээ ажилладаг.

-Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ. Та энэ талаар сонирхуулна уу?

-Миний бие элчин сайдаар томилогдсоноосоо хойш хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Унгараас Монгол руу экспортолсон барааны хэмжээ 120 хувиар өссөн. Энэхүү үзүүлэлт энэ жил мөн өсөхөөр харагдаж байна. Унгараас Монгол Улсад хийж буй гадаад худалдааны хэмжээ харьцангуй бага хэвээр байгаа боловч 2024 оны эхний хагаст бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар өссөн байна. Цаашид Унгарын эмийн худалдаа, шинэ эм бэлдмэлийг Монголд нэвтрүүлэх нь ч ач холбогдолтой хэмээн харж байна.

Дээр дурдсан зүйлсээс гадна бид, Унгарын үйлчилгээнүүдийг Монголд нутагшуулан борлуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, харилцаа хамтын ажиллагаа бий болгох чухал үйл ажлыг өрнүүлж байна.

Бидний зохион байгуулж буй хоёр улсын бизнес эрхлэгчид хоорондын уулзалтууд, Монголын бизнес эрхлэгчдийн Унгар руу хийх аяллыг дэмжих мөн компани болон бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээний үеэр бий болсон хувийн харилцаа зэрэг нь зах зээлд нэвтрэх боломжид чухал хувь нэмэр оруулдаг.

-Энэ онд тохиох Дипломат харилцааны 75 жилийн ойг угтсан ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Дипломат харилцааны түүхт ойг угтах болон тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажил төлөвлөөд хийж байна. Унгар-Монголын харилцааны тухай өгүүлсэн “Сэтгэлд дотно Төв Ази” хэмээх баримтат киног толилуулахаар төлөвлөж байна.

Унгар, Монгол, Австрали, Англи улсын хамтарсан Бат хааны 1242 оны Эстергом хотын бүслэлтийн тухай өгүүлсэн уран сайхны кино мөн онд нээлтээ хийнэ. Унгарын цуврал хүүхэлдэйн киног МҮОНТ-ээр үзүүлэх гэрээ байгуулсан. Унгарын уран бүтээлчид Монголын домог зүйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах монгол түнш хайж байгаа. “Европын өдөр” арга хэмжээний хүрээнд Монголын Текболын Холбоотой хамтран тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн археологийн шинэ малтлага хийх, Монгол болон Унгарт Эрдэм шинжилгээний хамтарсан хурлууд зохион байгуулах, хууль цаазын түүхийн талаарх судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Унгарын бараа бүтээгдэхүүнийг Монголын бизнесийн салбарын төлөөлөгчдөд танилцуулах бизнес уулзалтуудыг зохион байгуулна. Чингис хаан Үндэсний музейд өнгөрсөн 75 жилийн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Унгарын Үндэсний театрт ирэх дөрөвдүгээр сард “Тэнгэрийн хүү” жүжгийг толилуулах хүсэлтэй байгаа.

-Та өөрөө хүннү судлаач хүн. Элчин сайд болсноос хойш эрдэм шинжилгээний ажилд тань хэр ахиц гарсан бэ?

-Элчин сайд болсноос хойш судалгааны олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж чадсан. Шинжлэх ухааны бүхий л салбарыг чухалчилж  үзсэн.Байгалийн ухаан, нийгмийн шинжлэх ухааны салбарт маш сайн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал үүрэгтэй юм.Жишээлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын  өнгөрөгч оны гуравдугаар сард Унгарт хийсэн айлчлалын үеэр хоёр орны Олимпын хороодын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурагдсан. Хөл бөмбөг, ширээний теннис хосолсон Унгараас гаралтай Текболл гэдэг спорт Монголд маш их дэлгэрч байна. Олон жилийн өмнөөс жудо бөх, морьт сур харвааны спорт холбоодын хамтын ажиллагаа өргөжиж хамтарсан   тэмцээнүүдийг зохион байгуулж, Унгар, Монголын тамирчид идэвхтэй оролцож байна.

Энэ жил Унгарын Үндэсний телевизийн уран бүтээлчдийн бүтээсэн “Гэгээн дорнын мартагдсан увдис” Монголын тухай 14 ангит баримтат киног Унгарт олон нийтийн хүртээл болгосны үр дүнд Унгарын  жуулчид Монголд олноор зочилсон. МҮОНТ болон Унгарын Үндэсний телевиз хооронд 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ үр дүнгээ үзүүлж байна гэж бодож байна.

-Та бүхэн үйл ажиллагаандаа сошиал орчныг хэр ашигладаг вэ?

- Манай ЭСЯ-ны албан ёсны вэб сайт болон олон нийтийн сүлжээний хаяг ажиллаж байгаа. Эндээс Унгарт сургууль төгсөгчид, Унгартай холбоотой хүмүүс, сонирхогчид мэдээлэл авч, манай ЭСЯ-наас зохион байгуулж байгаа ажилд оролцдог.

-Зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 2 (7498)