Д.ОЮУНЧИМЭГ

 

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын зөвлөлийн дарга Б.Бадамсүрэнг урьж ярилцлаа.

 

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 100 жилийн түүхт ой тохиож байна. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-1924 онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага анх байгуулагдаж байсан түүхтэй. Энэ цагаас эхлэн  эмэгтэйчүүдийг богтлох ёсыг халах, сурч боловсрох эрхийг олгох, сонгох сонгогдох эрхийг баталгаажуулж, сургах, хөгжүүлэхэд, дэвшин дээшлэхэд, түлхүү анхаарч ажилласнаас хойш бид 100 дах жилийнхээ түүхийг үдэж байна. Эмэгтэйчүүдийн холбооны анхны даргаар их зохиолч Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам гуай ажиллаж байсан. 1924 оны 11-р сарын 26-нд Монгол улсын анхдугаар Үндсэн хууль батлагдан эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, сурч боловсрох, олон нийтийн оролцоо хангах, улс төрийн үйл хэрэгт оролцох зэргээр эрэгтэйчүүдтэй энэ зэрэгцэн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие, сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулан ажилласаар өнөөдрийг хүрлээ.

100 жилийн түүхтэй энэ байгууллага Монголынхоо түүхтэй салшгүй уялдаа, холбоотой байж ирсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж, хариуцаж ирсэн эмэгтэйчүүд нийгмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хийгээд тухайн цаг үеүдийн манлайлагч эмэгтэйчүүд удирдаж байснаараа онцлог гэж болно.

1990-ээд он хүртэл буюу зах зээлийн нийгэмд шилжих хүртэл Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үндсэндээ төрийн статустай явж ирсэн.

-Одоо бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллагын статустай үйл ажиллагаа явуулдаг байх, тийм үү?

-Зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс буюу 1990 оноос хойш Монголын эмэгтэйчүүдийн байгууллага төрийн бус байгууллагын статустай  үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэс л хүндрэл, бэрхшээлүүд гарч ирсэн гэж болно. Тухайлбал, улсын төсвийн дэмжлэггүй болсон учраас орон байрнаас эхлээд бие даасан үйл ажиллагаа явуулахад санхүүгийн болон бодлогын  бэрхшээл тулгарч эхэлсэн л дээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хүндрэл тулж ирсэн ч удирдлагын баг буюу тухайн цаг үеийн удирдлагууд байгууллагынхаа галыг унтраалгүй нийгмийн сайн сайханы төлөө, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө сайн дураараа эвлэлдэн нэгдэж ажиллаж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн холбоо гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг уу?

-Манай холбоонд эмэгтэйчүүдийн сайн дураараа нэгддэг. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ нийгмийн идэвх зүтгэлтэй, бусдын төлөө цаг заваа, хүч хөдөлмөрөө, хөрөнгө санхүүгээ зарцуулж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлж яваа эмэгтэйчүүдийн нэгдэл гэж хэлж болно.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 330 сум, есөн дүүрэгт салбар, зөвлөлтэй. Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо сайн дурын нэгдэл гэж би дээр хэлсэн шүү дээ. Гишүүнчлэлтэй болгож тэмдэг, үнэмлэх олгож үзсэн үе бий. Гэхдээ энэ нь төдийлөн оновчтой шийдэл биш учраас газар аваагүй. Энэ холбоонд монгол эмэгтэйчүүд бүгд харьяалагдаж, хамаардаг учраас гишүүнчлэлтэй байх нь зохимжгүй гэж үзсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголынхоо эмэгтэйчүүдэд нам эвсэл, улс төр, шашин шүтлэг, үзэл бодлын ялгаа гаргахгүйгээр нийтэд нь хүрч үйлчлэх ёстой гэж хардаг.

-Эмэгтэйчүүдийн холбоо бүсгүйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, хөгжихөд түлхүү анхаарч ажилладаг гэж ойлгогддог?

-Мэдээж эмэгтэйчүүдээ хөгжүүлэх, олон нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцуулах соён гэгээрүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Түүнээс гадна эмэгтэйчүүдээ нийгмийн байдлыг дээшлүүлэхэд хэрэгцээ шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн нийгэмд шилжихтэй холбоотой ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурах тэр цаг үеэс эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлж байсан. Ингэхдээ олон улсын байгууллагуудад хандаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эмэгтэйчүүдээ хөгжүүлж, дэмжиж, чадавхжуулж ирсэн юм шүү дээ.

Үе үеийн удирдлагын баг гадаад харилцаандаа илүү анхаарч гаднаас дэмжлэг хүсэх, төсөл хэрэгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг явуулж ирсэн. Хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бүхий л салбар нэгжүүддээ тэгш хуваарилах зарчмаар ажиллаж эмэгтэйчүүдээ хамруулж өргөн цар хүрээнд ажилладаг.

-Эмэгтэйчүүдийн холбоо цар хүрээний хувьд нэлээд далайцтай үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэхдээ төрийн бус байгууллага учраас санхүүжилт босгох амаргүй байдаг болов уу?

-Төрийн байгууллагын статустай байснаа төрийн бус байгууллага болохтой зэрэгцээд нэлээдгүй бэрхшээл тулгарч байсны нэг нь санхүүжилттэй холбоотой асуудал. Гэхдээ эмэгтэйчүүд маань, удирдлагын багийнхан маань огт зүгээр сууж байгаагүй. Зорилтот ажлуудаа тасралтгүй явуулж, бусдыгаа манлайлж, нийгэмдээ сайнаар нөлөөлж ирсэн түүхтэй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн эхэн үед нь бол эмэгтэйчүүдээ яг тэр одоо нөхцөл байдалд нь сургах талаар эмэгтэйчүүдийн байгууллага нэлээд анхаарсан. Жишээлбэл, төсөл бичээд олон улсын байгууллагаар дэмжүүлэн эмэгтэйчүүдээ чадавхжуулах, ажлын байр бий болгох чиглэлд анхаар ажилладаг байсан. Энэ хүрээнд олон эмэгтэй ажлын байр бий болгох, амьжиргаагаа дээшлүүлэх зэргээр үр шимийг нь хүртсэн. Мөн сурч боловсрох, хөгжих асуудлыг ч орхигдуулж байгаагүй. Ингээд хүмүүс хувиараа ингээд хөдөлмөрлөж, бизнесээ хийж, өрхийн орлогоо нэмэгдүүлж, тэр цаг үеийг давж туулсныг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй байх.

-Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг сургах, хөгжүүлэхээс гадна сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна вэ?

-Хэд хэдэн  ажлыг дурдаж болно. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн болоод бэлгийн дарамт зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад эмэгтэйчүүдийн байгууллага нэлээдгүй үүрэгтэй оролцож байгаа. Орон нутагт алслагдсан сум суурин газруудад байгаа эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарах боломж нь хомс.  Тиймээс “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ төслийг хандив тусламжаар, орон нутгийн удирдлагуудтай ойлголцож байж хамтарч хэрэгжүүлж байгаа ажил. Одоогоор дөрвөн аймгийн 62 суманд “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийг хийсэн байна. Энэ төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд малчны хотонд, хилийн заставт, сумын  төвд хүрч үзлэг хийж олон эмэгтэйчүүдийг аюулт өвчнөөс аврах боломжийг бүрдүүлж байна.

Нөгөөтээгүүр эрт оношлогдон эмчилгээ, үйлчилгээнд хамрагдсанаар хүний амь насыг нь аврахаас гадна гэр бүл элэг бүтэн байлгахад голлох нөлөө үзүүлсэн гэж бодож байна.

Мөн эмэгтэйчүүдээ хамгаалах тэдэнд энэ талаар ойлголтыг өгөх, төрийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахад шаардлагатай асуудлыг тусгуулах, гэх мэтээр хууль эрх зүйн орчинд нь бас таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн байгууллага хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой гаргаж байгаа. Магадгүй УИХ-ын гишүүдийн ширээн дээр бүжин тавьж байсныг, Сүхбаатарын талбай дээр “Хаалга” акц зохион байгуулсныг хүмүүс санаж байгаа болов уу. “Хаалга” акцаар хүчирхийлэл гэдэг хаалга бүрийн цаана янз бүрийн хэлбэртэй байдгийг харуулахыг зорьсон юм.

-Нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын цар хүрээг тодорхойлж болох уу. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж байв?

-Монголын эмэгтэйчүүдийн холбоо босоо тогтолцоотой. Дээрээсээ доошоо чиглэлээр салбарлаж үйл ажиллагаа явуулдаг. Нэгдсэн нэг бодлогыг салбар хороо, зөвлөл, нэгжээр дамжуулан орон даяар хэрэгжүүлдэг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, нэг дээвэр  дор нэгдсэн журмаар, системтэйгээр үйл ажиллагаагаа явуулах зарчмаар ажиллаж байна. Тэгэхээр тухайн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг орон нутгийн салбар зөвлөлүүд маань идэвхтэй дэмжиж, оролцож, хамтран зохион байгуулж ирсэн. Тийм болохоор бид одоо Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл бол Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)