СУИС-ийн РТМУС, “Балдорж сан”-тай хамтран “МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙ: СУРГАЛТ, СУДАЛГАА, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.
Хэлэлуүүлэгт сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн сэтгүүл зүйн багш, судлаачид өөрсдийн судалгааны хүрээнд судалгаа хийж илтгэл хэлэлцүүлэв. СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч Д.Цэнд (Ph.D), Л. Долгоржав (Ph.D), багш Г.Мөнхбаяр, МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаа, Д.Идэржаргал (Ph.D), МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Б.Чинзориг (Ph.D), ХИС-ийн сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч Д.Дагиймаа (Ph.D), ОТИС-ийн сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимийн багш Энтони Миллер (Ph.D), дэд профессор, М.Дэлгэрцэцэг, УБЭИС-ийн олон улс судлал, сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Наранчимэг (Ph.D), дэд профессор, МХХ-ийн захирал Мөнхмандах (Ph.D) нар илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт оролцсон багш, судлаачид өнөөгийн монголын сэтгүүл зүйн бодит байдал, хууль эрх зүйн орчин, орчин үеийн сэтгүүлзүйн шинэ чиг хандлага, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, их дээд сургуулиудын хөтөлбөрийн онцлог, сургалтын чанар, цаашдын хөгжил зэрэг цогц асуудлын хүрээнд судалгааг хийж үр дүнг хэлэлцүүллээ.
Илгэлүүдэд дурдсанаар өнөөдөр Монголд 451 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж үүнд 4448 хүн ажиллаж байна. Мөн сэтгүүлч бэлтгэдэг 16 их дээд сургуулийн бакалаврын түвшинд 700 гаруй, Магистрантын түвшинд 136, докторантын түвшинд 86 хүн суралцаж байна. МУИС, СУИС-ийн РТМУС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль гэсэн дөрвөн сургуульд хамгийн олон буюу 80-356 оюутан суралцаж байна. Тэгвэл Глобаль удирдагч дээд сургууль нэг, Олон улс судлалын дээд сургууль таван оюутантай байна. Сургуулиудад тулгамдаад байгаа асуудлыг, Оюутнуудад мултимедиа ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжлийн үнэт чанарыг суулгах, ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт буюу чадавхийг бэхжүүлэх нь боловсролын шинэчлэлийг шийдвэрлэх үр дүнтэй стратеги байх боломжтой гэж дүгнэлээ.
Мөн илтгэлийн хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэр хүндийн судалгааг Сэтгүүл зүйн багш, судлаачид 51, иргэд 238 хүнээс тус бүрдээ 14 асуумжаар авсан ба иргэдийн хамгийн ихээр хүндэтгэдэг сэтгүүлч хэн болох тухай нээлттэй асуултад ч хариулт авчээ. Энэхүү судалгааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн өмнө тулгараад байгаа асуудал нь тэдний ёс зүй, мэдлэг, хууль эрх зүйн асуудлууд байгаа бол хамгийн ихээр хүндэлдэг сэтгүүлчээр, сэтгүүлч Б.Ганчимэг, П.Пүрэвжаргал, Н.Өнөрцэцэг нарыг дурдсан байна.
Өнөөдрийн Монголын төдийгүй дэлхий дахины өмнө тулгамдаад байгаа хуурамч мэдээллийг хэрхэн таних түүнээс сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, иргэдэд мэдээллийн боловсрол олгох, мөн хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд хэрхэн оновчтой ашиглах вэ зэрэг салбарын төдийгүй нийгмийн хүрээний олон асуудлыг хамтдаа хэлэлцлээ.