Ч.Гантулга
Хятадад өндөр барилгын гал, аюултай түймрийг дроноор унтрааж эхэлсэн бол одоо алсын зайнаас төхөөрөмж ашиглан унтраадаг болжээ. Ийм төхөөрөмж олон төрөл байгааг, манайх шиг төлөвлөөгүй барилгатай замбараагүй хотод хамгийн тохиромжтой болохыг "Моод" төслийн багийнхан урд хөршөөс судалж цахим орчинд санал болгож, хандив өрнүүлж эхэллээ. Тодруулбал, “Fundea.mn” сайт нь төсөл санаачлагч болон санхүүжүүлэгч нарыг хооронд нь холбодог буюу шинийг санаачлагчдад мөнгө босгох харин олон нийтэд өөрт таалагдсан төсөлдөө санхүүжилт хийх боломжийг олгож буй харилцан итгэлцэл, үнэ цэнийг түгээдэг платформ юм. Тэгвэл уг сайтад "Гал сөнөөгч роботтой болцгооё" гэх хандивын төсөл оржээ. Энгийнээр тайлбарлавал хүн бүр төсөл хэрэгжүүлэгч болох боломжтой ба үүний тулд олон хүмүүсээс мөнгө босгох замаар төслөө санхүүжүүлнэ гэсэн үг. Монгол залуус нэгдэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Санаагаа санхүүжүүл" гэсэн уриатай “Fundea.mn” сайтыг нээсэн бөгөөд одоогоор хамгийн өндөр дэмжлэг аваад байгаа нь "Гал сөнөөгч роботтой болцгооё" Моод-ын хандивын төсөл орсон байна. Нийгмийн асуудлыг шийдэхэд түүчээлдэг "Моод" төслийн баг уг хандивын аянаар том, жижиг хоёр робот худалдаж авахаар нийт 588.640.000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж буй гэнэ. Хандивын аяныг хоёрдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах бөгөөд тэр хүртэлх хугацаанд 588.640.000 төгрөг бүрдэхгүй бол иргэдэд мөнгийг нь буцааж олгоно гэжээ. Одоогийн байдлаар 4.3 сая төгрөг цугларчээ. Fundea.mn сайт руу орж харвал хэн, хэдэн төгрөг шилжүүлсэн болох нь нээлттэй харагдана. Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтайгаас гадна 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж.
Эх сурвалж: Zms.mn