Н.ЖАРГАЛМАА

Газ тээвэрлэсэн машины ослын улмаас хохирсон иргэдийн даатгалын талаарх асуудлаар хуульч О.Батхүү үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Уг осолд хамгийн ихээр өртсөн гэх хохирогчидтай хамтран ажиллаж байна. Нийт 60 айлын 37 нь ипотекийн зээлтэй байсан. Энэ 37 айлын 30 нь даатгалын хүчин төгөлдөр гэрээтэй харин үлдсэн айлуудын даатгал сунгагдаагүй байсан. Өнгөрсөн хугацаанд хоёр даатгалын компаниас иргэдтэй холбогдон ажиллаж байгаа юм.

Даатгалгүй өрхүүдийн хувьд хохирлоо буруутай этгээдээс төлүүлэх бололцоотой. Хохирлын үнэлгээ гарсны дараагаар нөхөн төлбөрийг авна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт үнэлгээний ажил огт хийгдээгүй. Өчигдөр СЗХ-ны дарга Баярсайхан даатгалын байгууллагууд хохирогчидтой холбогдож хохирол барагдуулах талаар маш амжилттай ажиллаж байгаа гэж ярьсан байна. Бодит байдал дээрээ ийм зүйл огт болоогүй. Иймд маргааш миний бие оршин суугчидтай хамт СЗХ-нд очиж уулзах болно. Мөн энэ уулзалтаар галд өртсөн "Edu Apartment” -д даатгал хийгдсэн компаниудын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна” гэв. Мөн хуульч О.Батхүү хохирсон иргэд ипотекийн зээлээ хэвийн төлөлтөө хийсээр байгаа. Тиймээс банкуудаас хүсэх нь эдгээр айл өрхүүдийг хэвийн нөхцөлд очтол нь хүүг буруулах арга хэмжээ авах боломжтой байгаа эсэхийг асууж байлаа. Энэ нь эдгээр айл өрхүүдэд үүссэн нөхцөл байдалд хамгийн их тус болно гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.zms.mn