Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа ХХЕГ-ын Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнг онцолж байна. Хил судлалын шинжлэх ухааныг бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэхэд хил хамгаалах байгууллагаас төрсөн эрдэмтдийн гавьяа их бий. Шинжлэх ухааны үндэслэл тооцоо, судалгаагүйгээр оршин тогтнож, цаашид хөгждөг салбар гэж байдаггүй. Хилийн аюулгүй байдлыг хангах нь хилчдийн ажил үүрэг ч хил судлалын шинжлэх ухаантай салшгүй холбоотой.
Хөгжлийг хөдөлгөгч, хөтлөгч хүч нь шинжлэх ухааны судалгаа, тооцоолол, баримт гэдгийг хил хамгаалах байгууллагын удирдлагууд хэлж байна. Тиймээс хилийн түүх судлалын секторыг 2021 онд өргөтгөн Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн болгожээ. Хил судлалын хүрээлэнг байгуулснаар хилчин бүр судлаач болж хил хамгаалалтын урлаг цаг үетэйгээ нийцэн хөгжиж, илүү боловсронгуй болох юм. Судалгаанд суурилсан технологи, арга ажиллагаа гэдэг үр дүнтэйг эрдэмтэд хэдэнтэй баталсан. Хилчдийн тухайд бүсийн онцлогт тохирсон хангалт, хамгаалалт, техник хэрэгсэл хэрэгтэй. Мөн газар орон, цаг уурын онцлогт нийцсэн хамгаалалтын шинэ бодомж ч шаардлагатай. Тэгвэл энэ бүхнийг Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны үүднээс судалж, хилчдийн хөрсөн дээр юу хэрэгтэй, түүнийг хэрхэн буулгах шинэ санаа, шилдэг шийдлийг гаргадаг байна. Эцсийн үр дүн нь хил хамгаалах байгууллага, хилчдэд бодитоор ололт, амжилт болон очих юм.
Өнөөдөр Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн захирлаар аюулгүй байдлын ухааны доктор, хурандаа А.Ганбилэг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар хурандаа Г.Цогбадрах нар ажиллаж байна. Хилийн аюулгүй байдал, хил хамгаалалтын урлаг, инноваци, хилийн түүх, хилчдийн сэтгэл судлал, эрдэм судлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус хүрээлэнгийн шинэ оны ажил өрнөж байв.
Хилчин эрдэмтэд хил хамгаалалтын дүрэм, хилийн цэргийн нэр томъёоны тайлбар толь, хилчний сурах бичиг зэрэг бүтээлийг бэлэн болгоод байгаа аж. Эрдэм шинжилгээний байгууллага гэдэг цаанаа л онцлогтой.
Биднийг сурвалжилгаар очиход хилчин эрдэмтэд дор бүрнээ судалгааны ажилтай завгүй сууж байв. Бүгд өөр өөрийн гэсэн судалгааны чиглэлтэй, түүгээрээ мэргэшиж гаршжээ. Тэд улсын хилд ажилласан туршлага, туурвисан судалгааны бүтээлийнхээ хүрээнд ажлаа зангидна. Шинээр байгуулагдсан хүрээлэн тул өнөөдөр байгаа түвшингээ ирэх жилүүдэд ахиулахын төлөө дотооддоо бодлогоо тодорхойлжээ.
Энэ онд хил хамгаалах байгууллага
“Албанаа итгэл дүүрэн
Амьдралдаа сэтгэл хангалуун
Хилчдийн хөгжлийн зүгт
Хилийн шинэчлэлийн төлөө” гэсэн зорилтыг дэвшүүлэн “Ахлагчийн жил” болгон зарласан байна. Тиймээс тавьсан зорилтынхоо хүрээнд ажлаа төлөвлөн 2024 ондоо итгэл, сэтгэл дүүрэн байхаар ажиллаж буй.
Хил судлалын хүрээлэн нь хил судлалын шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны ажил хийж, улсын хилийн аюулгүй байдал, хил хамгаалалтын онол, арга тактик, оператив урлагийг хөгжүүлэх, улсын хил хамгаалалтад техник, технологи, инновацыг нэвтрүүлэх үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага гэж хэлж болно.
Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн нь Шинжлэх ухаан, технологийн болон Эрдмийн гэсэн хоёр зөвлөлтэй. Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь хил хамгаалах байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, судалгааны ажлын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, шинэ техник, технологи, инновацыг улсын хил хамгаалалтад нэвтрүүлэх шийдвэр гаргах, хяналт тавих, үр дүнг тооцох үйл ажиллагааг чиглүүлдэг байна.
Харин эрдмийн зөвлөл нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэл, хэрэгжүүлж байгаа судалгаа, бүтээл, туршилт, зохион бүтээх ажлын явц, үр дүнг хэлэлцэн тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх, хүрээлэнгийн үйл ажиллагаанд зөвлөх эрх бүхий эрдэм шинжилгээний ажлын хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг.
Ийнхүү Хил судлалын хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай, Монгол Улсын хилийн тухай, Төрийн албаны тухай хуулиуд болон төрөөс хилийн талаар баримтлах бодлого, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагч нарын чуулга уулзалт”-тай холбогдуулан “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн хүрээнд судалгаа шинжилгээ хийх гэсэн олон ажлыг төлөвлөжээ.
Хил хамгаалах байгууллагын хөрсөн дээр хилчдийн гараар бүтсэн, оюун бодлоос урган гарсан олон сайхан шинэлэг бүтээлүүд хэрэгжиж байгаа. Цаашид хилчдийн брэнд болсон бүтээлүүд, алба, үйл ажиллагааг урагшлуулах нэг түлхүүр болох нь дамжиггүй.
Тухайлбал, шинэ загварын хянах цамхаг, хилийн тор, сэтгэл зүйн программ гээд тоочоод байвал алба, үйл ажиллагаандаа инновацыг нэвтрүүлэхэд хилчин бүр шинийг эрэлхийлж ажиллах бодлогыг баримталж байгаа талаар Хил судлалын хүрээлэнгийн захирал, аюулгүй байдлын ухааны доктор, хурандаа А.Ганбилэг ярьж байсан. Хилчдээс гаргасан санал, санаачилга бүрийг Хил судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид мэргэжлийн үүднээс чиглүүлж, дэмжин ажилладаг байна. Шинэ зуунд үндэсний брэнд болсон техник, технологи, программ хангамжтайгаар улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулах учиртай. Тиймээс хил, хилчид рүү чиглэх бодлого, ажил, үйлдвэрлэл бүхэнд шинжлэх ухаанчаар хандаж, хамтдаа тэргүүн туршлагын эрэлд эрдэмтэд маань гарцгаажээ. Өнөөдөр Монгол Улсын хилийг хилчид инженер, техникийн аргаар хамгаалах тогтолцооноос дэвшилт хийж, дохиолол хяналтын аргаар хамгаалах бодлогыг баримталж байгаа аж. Тэрхүү хамгаалалтын бодлогыг хөгжүүлэхэд хилчин эрдэмтэд маань өөрсдийн оюун ухаанаа харамгүй зориулахаар хичээнгүйлэн ажилласан нэг өдрийн ажилтай нь танилцсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)