Ц.БАЯР
Сара Шурманн бол Германы сэтгүүлч, сургагч багш. Тэрээр “Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй”-н чиглэлээр сүүлийн таван жил дагнан ажиллаж буй бөгөөд энэхүү мэдлэг, туршлагаа Монголын сэтгүүлчидтэй хуваалцлаа. “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр"-т хамрагдсан сэтгүүлчдэд Сара Шурманнаас сэтгүүл зүйн үйл ажиллагаанд шинээр гарч ирж буй уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүйн талаар шинэлэг мэдлэг, мэдээллийг сонсож, харилцан арга туршлагаа хуваалцах боломж олдсон юм.
“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр"-ийг Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-аас “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж буй 10 сэтгүүлч “Уур амьсгалын өөрчлөлт- Эрчим хүчний шилжилт-Критикал минерал” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хоёр удаагийн суралцах хөтөлбөрт оролцоод байна.
Хөтөлбөр дараагийн шатанд уул уурхай өндөр хөгжсөн орны уул уурхайн үйл ажиллагаатай танилцах аяллаар үргэлжлэх юм.